Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01576

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1316 дугаар магадлалтай,

Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

П-д холбогдох,

Гэм хорын хохиролд 2.703.135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны баруун уулзвар дээр хариуцагч П ХХК-ийн өмчлөлийн, тус компанийн нэр дээр бүртгэлтэй 08-67 УБУ улсын дугаартай BMW-320 маркийн авто машины жолооч Н.Лхагвацэнд намайг мопедтэй авто замын 1 дүгээр эгнээгээр уулзвар нэвтэрч байхад мөргөж гэмтээсэн. Хариуцагч П ХХК-ийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас миний бүсэлхий нуруу, үе мөч хүчтэй доргиж, хөндүүр өвчтэй болж, ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэсэн. Иймд хариуцагч П ХХК-иас эрүүл мэндэд учирсан хохирол болон мопедын үнэлгээ, засвар, унаа тээврийн зардал, ажилгүй байсан 7-9 сарын хугацаанд аваагүй цалин, өмгөөлөгчийн зардалд нийт 2.703.135 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн үйлдэлд манай компанийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс зөрж байна. Нэхэмжлэгч Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн мопедын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдэг ч тус компаниас эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжлэх итгэмжлэл Г.Э-д албан ёсоор олгоогүй, итгэмжлэл авагдаагүй. Нэхэмжлэгч чөлөөтэй байсан 7, 8, 9 сарын хугацаанд аваагүй цалин 982.000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн ажиллаж байгаа байгууллагаасаа 33 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн 666.652 төгрөгийн тэтгэмж авсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Н.Лхагвацэндээс 863.780 төгрөгийн нөхөн төлбөр авахаар харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан төлбөрийг хариуцагч хүлээх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П ХХК-ийн 1.330.330 төгрөг гаргуулан Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.372.805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 58.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 12.000 төгрөгийг улсын орлогоос Г.Э-д буцаан олгож, хариуцагч П ХХК-ийн 36.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1316 дугаар магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 36.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянголд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1316 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хоёр шатны шүүх тал бүрээс нь бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 1.330.330 төгрөг, өмгөөллийн зардал 300.000 төгрөг, эм тарианы мөнгө 863.780 төгрөгийг эс зөвшөөрч уг мөнгөний үнийн дүнд эрх зүйн дүгнэлт хийлгэхээр давж заалдах шатны журмаар гаргасан гомдлын агуулгаа бүхэлд нь дэмжиж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч “П” ХХК-с 2.703.135  төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Н.Лхагвацэнд нь “П” ХХК-ийн өмчлөлийн 08-67 УБУ улсын дугаартай BMW-320 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Э-ийн хөлийн зөөлөн эд няцрал, тархи доргилт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун дал, гарын сарвуу, дагзанд зулгаралт бүхий хөнгөн  гэмтэл учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч өөрт учирсан гэмтэлтэй холбогдсон эмчилгээний зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс, мопедын засвар үйлчилгээний зардал нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа осол гарахад компани буруугүй гэсэн гэх тайлбар гаргасан  ба нэхэмжилсэн  төлбөрийг  хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” талаар заасан.

Хариуцагч өөрийн өмчлөлийн машинаа бусдад шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон, энэ нөхцөлд тэрээр гэм хорыг хуулийн дээрх зохицуулалтаар хариуцан арилгах үүрэгтэй. .

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт өгч, хариуцагчаас 1.330.330 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1316 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 36.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ