Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч М.М,

Нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 2024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Улсын иргэн, төрсөн, 41 настай, эрэгтэй,боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаартай, М.М,

Шүүгдэгч М.М нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалант гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 0,728 м3 мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 117,857 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалант гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 13 ширхэг 0,728м3 түлээний хуурай мод бэлтгэж, “Porter” маркийн улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйл баримт нь:

Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр М.М нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гарахдаа хэдэн мод хийгээд төв оруулж зүсүүлээд хашааныхаа нэг талыг бөглөе гээд “Портер” маркийн автомашинаар явсан. Би тэр өдөр нөхрийгөө хаанаас ямар нэртэй газраас хичнээн тооны мод хийснийг мэдээгүй. Харин сүүлд нь манай нөхөр М сумын төвөөс 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ирээд надад ярихдаа 2 метрийн урттай хэдэн бөөрөнхий мод хийгээд сумын төвийн урд талд хөрөө рамны хашаанд буулгасан чинь байгаль орчны улсын байцаагч Г мэдчихлээ гээд надад ярьж байсан юм. Манай нөхөр тухай моднуудыг ойгоос бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг гоожин авалгүй хийж бэлтгэсэн байх гэж бодож байна. Надад эрхийн бичиг гоожин авсан талаар ямар нэгэн зүйл яриагүй юм. Манай нөхөрт цагаан өнгийн хужаагийн цахилгаан хөрөө байдаг юм. Тэр хөрөөгөөрөө тухайн моднуудаа хийж бэлтгэсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 34-36/,

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны шөнө байгаль хамгаалагч О, хэсгийн цагдаа Г нарын хамт С гэдэг хүний хөрөө рамны хашаанд ортол 2 метрийн урттай шинэс төрлийн бөөрөнхий моднуудыг шинэхэн буулгасан бололтой байхаар нь  хэн буулгасан талаар шалгасан чинь М.М гэдэг залуу буулгасан болохыг мэдсэн юм. Би 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр М.Маас асуухад тухайн моднуудыг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрөө ганцаараа ойгоос бэлтгэж, автомашинаар тээвэрлээд хөрөө рамны хашаанд буулгасан гэдгээ хэлсэн. Ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн. Тухайн моднууд нь 2 метрийн урттай шинэс төрлийн 13 ширхэг бөөрөнхий моднууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн цаг хугацаанд түймрийн аюултай үе гээд аймгийн засаг даргын захирамж гарчихсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байсан үе байгаа юм...” гэсэн /хх 39/ мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн М.М нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлын хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Иргэн М.Мын Тэлмэн сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 26-29/, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай “...М.Мын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 2 метрийн урттай түлээний мод байна. Уг моднууд нь 0,728м3 түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн Баянтэгш багийн нутаг Жаргалант гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг байна. М.Мын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 6 дугаар сард ойгоос бэлтгэсэн байж болох. М.Мын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 161,892 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг, бэлтгэсэн 0,728м3  модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 117,857 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 46-48/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г-н 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07-04-335/02 дугаартай нөхөн төлбөр тавих тухай актаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Мын “...Би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалант гэх газраас 2 метрийн урттай 13 ширхэг бөөрөнхий модыг зохих зөвшөөрөлгүйгээр ганцаараа хийж бэлтгэсэн юм. Би тухайн моднуудыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөөгөөр тайрч, цагаан өнгийн уяагаар оосорлож, өөрийн эзэмшлийн зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай, буруу талын гуяндаа хас тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн мориор чирч цагаалсан юм. Би тухайн өдөр ойгоос модоо хийж бэлтгээд “Портер” маркийн 01-15 ЗАН улсын дугаартай автомашинаар моднуудаа 2020 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 24 цагийн үед Тэлмэн сум руу тээвэрлээд сумын төвийн урд байдаг С гэх хүний хөрөө рамны хашаанд буулгасан юм. Тэгсэн миний мод бэлтгэж, тээвэрлэсэн асуудлыг манай сумын байгаль орчны улсын байцаагч Ж.Г 2020 оны 6 дугаар сарын 06-нд мэдээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуухад надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэдгээ хэлсэн. Би тухайн моднуудыг бэлтгэхдээ 1 мухар, 1 босоо мод унагасан, мөн 4 унаанги модноос 2 метрээр тайрч дээрх моднуудыг бэлтгэсэн юм. Би тухайн моднуудыг хөрөө раманд зүсүүлээд банз болгоод хашаагаа засах зорилгоор хийж бэлтгэсэн юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалант гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг, 2 метрийн урттай түлээний модыг бэлтгэж, уг модыг “Porter” маркийн 01-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сум руу тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ,

Прокуророос шүүгдэгч М.Мт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Мын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 13 ширхэг түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч М.Мын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мын дээрх үйлдлийн улмаас ойн санд 117,857 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 117,857 х 3 =353,571 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 77/

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter” маркийн 01-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Р.Э-н өмчлөлийнх болох нь Р.Э.н “...Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны үеэр улсын дугаартай хөх өнгийн “Портер” машиныг 2,000,000 төгрөгөөр бодож зарсан. 500,000 төгрөгийн урьдчилгаа авсан үлдсэн мөнгийг өгөөгүй учир Мын нэр дээр шилжүүлээгүй тул машинаа М.Маас буцааж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/, “...Улсын дугаар 01-15 ЗАН, марк загвар “Porter”, өмчлөгч Р.Э...” гэсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч М.Мын “Мод тээвэрлэсэн машин Р.Мын өмчлөлийнх бусад хөрөө, морь, уяа нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter” маркийн 01-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Маас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай 13 ширхэг 0,728м3 түлээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсний нас гүйцсэн морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 6,50 метрийн урттай уяаг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 метрийн урттай 13 ширхэг 0,728м3 түлээний хуурай мод, хүрэн зүсний нас гүйцсэн морь, “Porter” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч М.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter” маркийн 01-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Р.Э-д олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Маас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай 13 ширхэг 0,728м3 түлээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсний нас гүйцсэн морь, цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 6,50 метрийн урттай уяаг устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.Ө