Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 888

 

 

 

                              

 

 

 

 

2020           10          12                                      2020/ШЦТ/888

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч -П.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2005007990508 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Баянцагааны  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:/ Т овогт -П.Б.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-П.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамжны 142 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч -Н.У гараараа цохиж, зодон биед нь духанд зулгаралт, зүүн зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд хохирогч -Н.У Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 142 тоотод гэртээ байхад нь утсаар болон биечлэн уулзаж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                               

                                   

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч -П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Би өмнө нь хэрэгт шийтгэгдэж тэнсэнтэй байсан болохоор -Н.У руу ятгаж мессэж бичсэн нь үнэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

        Хавтаст хэргээс

        хохирогч -Н.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 3 найзтайгаа хамт модны хоёрын ЦЭ пабад сууж байгаад 03 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьсан. Гэртээ ирээд гэр рүүгээ орох гэтэл түлхүүрээ хаясан байсан болохоор тооноороо ороод унтах гээд ороо засаж байсан чинь гадаа машин ирээд манай хамтран амьдрагч -П.Б хаалганы дээгүүр хараад намайг дуудаад “хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол эвдлээд орлоо шүү” гэхээр нь гэрт байсан илүү түлхүүрээ өгөөд оруулсан. Орж ирээд намайг “хаагуур яваад байгаа юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “чамд ямар хамаа байна,  чи зүгээр манайхаас зайл” гэсэн чинь -П.Б өөдөөс уурлаад миний нүүр рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд би хажуу айлыг сонсох байх гэж бодоод чанга орилсон боловч сонсоогүй, айгаад хүн рүү залгаж чадахгүй хамт унтсан. Маргааш өглөө боссон чинь миний гар утсыг аваад нуугаад өгөхгүй байсан. Тэгээд би -П.Боос салаад цагдаад хандаж байна...намайг өмнө нь 2-3 удаа зодож байсан. Цагдаад хэлнэ гэхээр улам уурлаад гарч ирээд ална шүү гэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1961 дугаартай “-Н.Уын биед духанд зулгаралт, зүүн зовхи, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/

 

Яллагдагч -П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ“...Би -Н.У чи одоо болиоч гээд гарнаас нь татсан чинь -Н.У согтуу  байсан болохоор хөл алдаад гэрийнхээ модон шүүгээг толгойгоороо мөргөх шиг болоод унасан.  Тэгээд -Н.У босож ирээд дахиад л хэрүүл маргаан хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/

 

Яллагдагч -Н.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний хувьд -П.Бд зодуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үүнийг хуулийн дагуу шалгаж хэрэг шүүхэд шилжиж -П.Бын гэм буруугийн асуудлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж шүүхэд худал мэдүүлсэн асуудал гарсан юм. Яагаад шүүх хурал дээр худал мэдүүлсэн гэхээр -П.Б шүүх хурал болохын өмнө гэрийн гадна 2020 оны 3 дугаар сараас хойш гадаа чинь ирчихээд байна гэж уулзаад “намайг зодоогүй, харин гэрийн тооноор орж байхдаа унаад гэмтэл авсан гээд хэлчих, тэгэхгүй бол би шоронд явах гээд байна, би тэнсэн ялтай байгаа юм, одоо шүүхээр орвол тэнсэн ялыг хорих ял болгох гээд байна тийм учраас шүүх хуралд өөрөө ороод шүүх хурал дээр зодоогүй гэдгийг хэлчих тэгээд хэлчихвэл чамтай дахин уулзахгүй чамайг тайван байлгана, хэрэв чамайг буруутгавал би цагдаагийн дарга, прокурор, шүүхийн хүмүүсийг танина өөрөө зохицуулаад өгчихнө, чамд 2.000.000 төгрөг өгнө гэсэн. Миний хувьд мөнгө төгрөг болон эд зүйл шаардаагүй юм...Миний хувьд -П.Боос айсан бөгөөд -П.Б ширүүн ааш зантай юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-135/

 

Бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгээр -Н.У нь цагаан өнгөтэй ай поне 6 эс маркийн гар утас байх бөгөөд уг гар утасны бичлэг хадгалах Voice Memos гэсэн цэс байх бөгөөд уг 2, 5 гэсэн хаягтай нийт 4 бичлэг байв.

2 дугаартай бичлэг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 02 минут 53 секундийн бичлэг байх

-Эмэгтэй хүн: Тэгэхвий гэхээс айж байна.

-Эрэгтэй хүн: “Чамайг хэзээ ч тэгэхгүй, хэзээ ч чамайг  тэгж хар данс мансанд оруулдаг тийм юм байдаггүй юм. Монголд өчнөөн торгуулж байгаа, хүн бүр л торгуулж байгаа

-Эмэгтэй хүн: Дараа надад тийм асуудал гарахвий л гэхээс айгаад байна л даа

-Эрэгтэй хүн: Би чамд хэлээд байна шдээ, би тэрэн дээр чинь аргална шдээ, анхнаасаа чи тийм өөртөө итгэлгүй байхдаа яадаг юм. Мөрдөн байцаалтын шатан дээр явж байхад нь хоёулаа зохицуулчихаж болно.

-Эмэгтэй хүн: Тэгээд анхнаасаа мөрдөн байцаалтан дээр нь зохицуулчихна яасан юм

-Эрэгтэй хүн: Би мэдээгүй шдээ би чамайг, тэр өдөр чинь чамайг дагаад яваад байдаг чинь тийм учиртай ш дээ чи яг юу гэж хэлээд байгаа юм , юу гэж мэдүүлээд байгаа юм, би чамайг дагаад яваад байдаг чинь тийм учиртай хамгийн сүүлийн мэдүүлэг чинь энэ дээр бичигдсэн байгаа биз дээ чи хамгийн сүүлийн 2 дахь мэдүүлэг дээрээ чи намайг -П.Б орон дээр сууж байхад намайг цохисон гэж хэлсэн байна лээ ш дээ тэр мэдүүлэг чинь тогтоол дээр авагдсан байгаа биз дээ чи тэр мэдүүлэг дээрээ чи намайг цохиогүй чи өөрөө уначихсан юм гэж чи мэдүүлэг өгчихсөн юм бол өнөөдөр ийм асуудал байхгүй хэн хэнээ шантаачлах асуудал байхгүй.  

-Эмэгтэй хүн: Чи цохисон чинь үнэн л биз дээ

-Эрэгтэй хүн: Тийм л дээ тэгэхдээ чи намайг бодох хэрэгтэй шдээ

-Эмэгтэй хүн: Одоо тэгээд цохиж зодчихоод одоо болохоор ингэж яриад явж байгаа чинь санаа чинь зовохгүй байна уу

-Эрэгтэй хүн: Ёо миний буруу би буруугаа хүлээж байна шдээ, миний хувьд буруугаа 100 хувь хүлээж байгаа шдээ хамаагүй би энэ дээр чинь утсан дээр чинь нотлох баримт үлдээе, хамаагүй

-Эмэгтэй хүн: Ямар нотлох баримт

-Эрэгтэй хүн: Би -Н.Уын цохисон нь үнэн, худал мэдүүлэг өгөхөд ятгасан нь үнэн гээд хэлчихье. Үнэхээр жил гарны дотор асуудал гарах юм бол чи наадахаа үзүүлээд л би өөрийнхөө миний царай байна, миний хоолой байна хангалттай нотлох баримт болно наадах чинь, бүүр хэрэг биш дэх юм бол чи наадах нотлох баримтаа үзүүлээд өөр ийм ийм болсон юм би ямар ч гэм буруугүй, би худал мэдүүлэг өгөөгүй намайг энэ хүн шахсан дарамталсан болоо, би буцаад л юу яана, би чамд итгэж байна чи хэзээ ч хэрэг төвөгт орох хүн биш 30 гаруй жил наслахдаа хэрэг төвөгт ороогүй байж ганцхан жилийн дотор хэрэг төвөгт орчихвол гэж дээ гэсэн яриа бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 147-149/

Гар утасны зурвас /хх-ийн 107/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ял шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирлын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч -П.Б  2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 142 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч -Н.У гараараа цохиж, зодон биед нь духанд зулгаралт, зүүн зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд хохирогч -Н.У Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж 142 тоотод гэртээ байхад нь утсаар болон биечлэн уулзаж хуулийн байгууллагад зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч -Н.Уын“...-П.Б орж ирээд намайг хаагуур яваад байгаа юм гээд хэрүүл хийгээд байхаар нь чамд ямар хамаа байна,  чи зүгээр манайхаас зайл гэсэн чинь -П.Б өөдөөс уурлаад миний нүүр рүү 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, шинжээчийн 1961 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/, яллагдагчаар -Н.Уын “...-П.Б шүүх хурал болохын өмнө гэрийн гадна 2020 оны 3 дугаар сараас хойш гадаа чинь ирчихээд байна гэж уулзаад намайг зодоогүй харин гэрийн тооноор орж байхдаа унаад гэмтэл авсан гээд хэлчих тэгэхгүй бол би шоронд явах гээд байна би тэнсэн ялтай байгаа юм одоо шүүхээр орвол тэнсэн ялыг хорих ял болгох гээд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-135/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 147-149/, гар утасны зурвас /хх-ийн 107/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч -П.Б гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч -Н.У нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

 уг гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад хохирогч -Н.У утсаар болон биечлэн уулзаж хууль хяналтын байгууллагад зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан үйлдлүүд нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцогдоно.

 

      Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч -П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. 

     

       Шүүх, шүүгдэгч -Н.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,  

       мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

                              

       Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүхээс шүүгдэгч -П.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

        

       Шүүгдэгч -П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан зэрэг байдлыг харгалзан үзэв.

 

        Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

        -П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан хязгаарлалт тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

        Дээрхи тэнссэн хугацаанд -П.Б “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч -Н.Уын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдэж,

        уг гэмт хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх  явцад хохирогч -Н.У зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг мөн хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

       Иймд шүүгдэгч  -П.Бд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн уг шийтгэх тогтоолын 2 дах заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

 

       Шүүхээс шүүгдэгч -П.Бын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг  тогтооно” мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн нийт ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байна.

 

         Иймд шүүхээс шүүгдэгч -П.Бд оногдуулсан хэд хэдэн төрлийн ялуудын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

        Шүүх, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ болон  үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь  харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Хохирогч -Н.У хохиролтой холбогдох баримт хэрэгт хавсаргаагүй байх боловч тэрээр өөрт учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд -П.Боос нэхэмжлэх эрх нь  нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Хэргийн хамт ирүүлсэн ярианы бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

        Энэ хэрэгт хохирогч -Н.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “ хохирогч бусдыг гэмт хэрэгт үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба хяналтын прокурор 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдаж байна. /хх-ийн 153-155/

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Т овогт -П.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч -П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  /хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

         3. -П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолын 2 дах заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

         4. -П.Бд өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         5. -П.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

        6. -П.Бын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

    

        7. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

        8. -П.Бын цагдан хоригдсон 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    

        9. Хэрэгт ирүүлсэн ярианы бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -П.Бын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ