| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00442/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 486
| 2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/00486 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюуш 2 гудамж, 26 тоотод оршин суух, Чандмань овогт Баасанхүүгийн Цогтбаатар /РД:УХ63021514/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баасанхүүгийн Цогтбаатар нь 1963 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрж, эцэг Сэнгээ нас барсан тул ээж Баасанхүүгээр овоглох болсон. Миний бие 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуульд орсон бөгөөд сургуульд орох үед намайг нас барсан эцэг Сэнгээгээр овоглож, тухайн үеийн сургуулийн бичиг баримтад Сэнгээгийн Цогтбаатар нэрээр бичүүлсэн. Тэр үеэс эхлэн миний бичиг баримтууд нь Сэнгээгийн Цогтбаатар нэрээр бичигдэх болсон. Би 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Авто тээврийн яамны харьяа Автын цахилгаанчны 3 сарын курс төгсөж цахилгаанчин болсон. 1980 оны 12 дугаар сараас 41 дүгээр автобаазад цахилгаанчнаар ажилласан бөгөөд 1981 онд цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хааж жолооч мэргэжил эзэмшсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оны 06 дугаар сард Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад цахилгаанчнаар орж ажилласан. Уг бааздаа цахилгаанчнаар жил гаран ажиллаад жолоочоор ажиллах болсон бөгөөд хүнд даацын МАЗ автомашин барьж байсан. Тухайн үед миний бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэрт намайг Сэнгээгийн Цогтбаатар гэж бичсэн тул 41 дүгээр автобаазаас автын цахилгаанчин мэргэжлээр 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон Сэнгээ овогтой Цогтбаатар гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Баасанхүүгийн Цогтбаатар болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цогтбаатар нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Сэнгээгийн Цогтбаатарт 41 дүгээр автобаазаас автын цахилгаанчин мэргэжлээр 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх бөгөөд түүний “Овог” гэх хэсэгт “Сэнгээ”, “нэр” гэх хэсэгт “Цогтбаатар”, “төрсөн он” гэх хэсэгт “1963”, мэргэжил гэх хэсэгт “автын цахилгаанчин” гэж бичигдсэн нь төрсний 153 дугаарын гэрчилгээ, Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтуудад бичигдсэн “Баасанхүүгийн Цогтбаатар”, “1963 оны 02 дугаар сарын 15-ны өдөр” төрсөн гэх баримттай “овог буюу эцгийн нэр” тохирохгүй зөрүүтэй бичигдсэн байна.
Б.Цогтбаатар нь 41 дүгээр автобаазаас автын цахилгаанчин мэргэжлээр 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулиас нээж олгосон 023097 дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн 153 дугаарын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх,
гэрч С.Зогсдоржийн “...Миний бие эхээс дөрвүүлээ. Би айлын хоёрдахь нь Б.Цогтбаатар миний удаах дүү. Миний аав Мижидийн Сэнгээ 1960 онд нас барсан. Харин дүү Б.Цогтбаатар 1963 онд төрсөн учир ээж Баасанхүүгээр овоглох болсон. Б.Цогтбаатар 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуульд орсон бөгөөд сургуульд ороход нь Цогтбаатарыг бүртгүүлэхдээ эцэг Сэнгээгээр овоглож бичүүлсэн. Тэр үеэс эхлэн Б.Цогтбаатарын сургуулийн бичиг баримтууд нь Сэнгээгийн Цогтбаатар нэрээр бичигдэх болсон. Б.Цогтбаатар нь 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Авто тээврийн яамны харьяа Автын цахилгаанчны 3 сарын курс төгсөж цахилгаанчин болсон. 1980 оны 12 дугаар сараас 41 дүгээр автобаазад цахилгаанчнаар ажилласан бөгөөд 1981 онд цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хааж жолооч мэргэжил эзэмшсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оны 06 дугаар сард Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад цахилгаанчнаар орж ажилласан. Уг бааздаа цахилгаанчнаар жил гаран ажиллаад жолоочоор ажиллах болсон бөгөөд хүнд даацын МАЗ автомашин барьж байсан. Б.Цогтбаатар нь тус байгууллагадаа 1996 оны 02 дугаар сар хүртэл ажиллаад өөрийн барьж байсан МАЗ автомашинаа хувьчилж аваад ажлаасаа гарсан. Түүнээс хойш одоог хүртэл хувиараа хүнд даацын автомашин барьж ажиллаж байгааг мэднэ”
гэрч Т.Батсуурийн “Миний бие эхээс зургуулаа. Цогтбаатарын ээж Тувааны Баасанхүү нь миний том эгч, тиймээс Цогтбаатарыг багаас нь сайн мэднэ. Миний эгч Баасанхүүгийн нөхөр Мижидийн Сэнгээ нь 1960 онд нас барсан бөгөөд тухайн үед Баасанхүү эгч хоёр хүүхэдтэй үлдсэн. Харин 1963 онд Цогтбаатарыг төрүүлж Баасанхүү эгч өөрөөрөө овоглох болсон. Б.Цогтбаатар 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуульд орсон бөгөөд сургуульд ороход нь Цогтбаатарыг бүртгүүлэхдээ эцэг Сэнгээгээр овоглож бичүүлсэн. Тэр үеэс эхлэн Б.Цогтбаатарын бичиг баримтуудад Сэнгээгийн Цогтбаатар нэрээр бичигдэх болсон байсан. Б.Цогтбаатар нь 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Авто тээврийн яамны харьяа Автын цахилгаанчны 3 сарын курс төгсөж цахилгаанчин болсон”,
гэрч М.Амарсайханы “Миний бие 1985 оны 07 дугаар сард Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад Хүнд механизмын хэсэгт Засварчнаар ажилд орсон. Тухайн үеэс Б.Цогтбаатарыг таних болсон ба Б.Цогтбаатар ах тус баазад цахилгаанчнаар ажиллаж байсан. Би Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад засварчин болон суваг ухагчийн машинистаар 1987 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаад хугацаат цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сард цэргийн албаны хугацаа дуусч халагдаж ирээд буцаж ажилдаа орсон бөгөөд тухайн үед албан байгуулллагын нэр нь Барилгын автомашин механизмын комбинат нэртэй болсон байсан. Миний бие уг баазын 1 дүгээр паркад бульдозерчинаар ажиллах болсон. Б.Цогтбаатар ах тэр үед Барилгын автомашин механизмын комбинатын 1 дүгээр паркад жолоочоор ажиллаж байсан”
гэрч Wang Guisheng-ийн “Миний бие 1986 оны 02 дугаар сард Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад краны машинистаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед Баасанхүүгийн Цогтбаатар тус баазад Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан ба 2 жил гаруй ажилласан байсан. 1989 оны 06 дугаар сараас Техник туслалцааны угсармал, орон сууц барилга трестийн автомашин механизмын баазын нэр өөрчлөлт орж Барилгын автомашин механизмын комбинатад гэсэн нэртэй болсон. Б.Цогтбаатар бид тус байгууллагад 1986 оноос 1992 оны 04 дүгээр сар хүртэл хамт ажилласан бөгөөд миний бие 1992 оны 04 дүгээр сараас Өрнөлт компанид экскаваторчинаар ажиллах болсон” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Цогтбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 41 дүгээр автобаазаас автын цахилгаанчин мэргэжлээр Сэнгээгийн Цогтбаатарт 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чандмань овогт Баасанхүүгийн Цогтбаатар /РД:УХ63021514/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА