Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 2024 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  улсын иргэн,  төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, ахын хамт  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИГ регистрийн дугаартай Б.Н,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Дархан-Уулын ард талд П.Нтой маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Дархан-Уулын ард талд П.Нтой маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөх зэргээр зодсон үйл баримт нь:

Хохирогч П.Нын: “...Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд гэрээсээ гарч өөрийн гуталдаа резин авч наалгах гэж сумын төв гудамжинд очсон. Тэгтэл Т залгаад хүрээд ир гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд түүний эхнэр нь 2 ширхэг пиво авч ирсэн. Б.Нийг авчиръя гээд миний утаснаас залгаад Тын эхнэр машинтайгаа явж Нийг авчирсан. Тэр пивоо ууж дуусгаад рамны хашаанаас холдохоор болоод Тосонцэнгэл сумын Шинэ хорооллын гудманд очоод бид дөрөв үлдсэн пиво уусан. Гэтэл Б.Н надтай маргалдаж эхэлсэн. Машинаас буугаад ир гэхээр нь буутал машины хойно гаргаад шууд нүүрэн тус газарт гараараа 2 цохиход газар унасан. Мөн баруун бөөрний орчим хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Дээд үүдэн 4 шүд тухайн үед өвчтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч О.Тын: “...Н-О, Н хоёр машинаас буугаад явсан. Нэг харсан чинь хоорондоо барьцалдаад авсан, зодолдоод байж байхаар нь би машинаас бууж тэднийг салгасан. Тэгтэл Н-О Н руу дахиад дайраад байсан. Би яах гээд байгаа юм бэ гэж түүнийг болиулах санаатай Н-Оын хөл рүү хавсартал газарт уначихсан. Тэгээд Н-О босож ирээд Нтой дахиад зодолдох гээд байсан. Тэр үед Н түүний нүүрэн тус газарт 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч У.Л-н: “...Намайг очиход Н-О, Н нар зодоон хийсэн бололтой хоорондоо зууралдаад зогсож байсан. Би машинаас буугаад Нийн хувцаснаас барьж аваад та нар яагаад байгаа юм бэ гээд Н-Ооос холдуулан салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Д.У-н: “...Н-Оын зүүн талын чихний ар хэсэгт нь домбойж хавдсан мөн баруун талын бөөр орчимд өвчинтэй байсан. Зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. Н рүү Н-Оын эхнэр залгаад та нар Н-Оыг зодсон байна гээд утсаар яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Д.С-н: “...Нэг сэргэхэд машины хойно хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь гараад хартал П.Нтой Б.Н маргалдаад барьцалдаад авсан О.Т салгах гээд зогсож байсан. Тэгээд очоод юу болоод байнаа гээд Б.Нийг О.Н-Ооос салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. Намайг очиход Н-Оын зүүн талын шанаа орчим, мөн уруул хэсэг нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Хүний их эмч Д.Нийн “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, П.Н 34 настай, эрэгтэй. Зовиур: Толгой өвдөнө, дотор хутгална, нуруу, нугас руу өвдөнө, дээд үүдэн шүд хөдөлнө, Онош: Тархны битүү гэмтэл, дээд эрүүний шүд хөдөлсөн. Цаашид хэвтэн эмчлүүлж, шүдний эмч, гэмтлийн эмчид үзүүлж оношлуулах...” гэсэн тодорхойлолт /хх 26/, Д.У-н цагдаад гаргасан өргөдөл, П.Нын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Нийн “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр П.Н нь голын эрэг дээр хүрээд ир гэхээр нь очсон. Намайг очиход Паа, О.Т, П.Н нар байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Дархан-Уул багийн ар талд Шинэ хорооны хашаан өнцөгт очсон. Намайг Паатай юм яриад сууж байтал П.Н ах Тэлмэн сумын атаман ахтайгаа үзэх үү гээд над руу үгээр дайрж эхэлсэн. Тэр үед миний уур хүрээд П.Ныг машинаас гараад ир гэхэд гараад ирсэн. Тэгэхээр машинаас 10-20 метрийн зайтай газар очоод нүүрэн тус газарт нь баруун гараараа 2 удаа цохитол газар унасан. Унахаар нь зүүн талын хавирган тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөтөл босож ирээд над руу дайрсан. Энэ үед О.Т хүрч ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч П.Нын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөж зодсон болохыг давхар нотолж байна дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Нийн дээрх үйлдлийн улмаас хохирогч П.Нт хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 000000253 дугаартай: “...П.Нын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд хуралт, дээд эрүүний баруун зүүн 1-р шүдний буйлны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд эрүүний баруун зүүн 1-р шүдний буйлны зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 27/ дүгнэлтээр нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Нийн хохирогч П.Нын нүүрэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөж зодсон үйлдэл хохирогч П.Нын биед учирсан биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд хуралт, дээд эрүүний баруун зүүн 1-р шүдний буйлны зөөлөн эдийн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Нийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Н нь хохиролд 400,000 төгрөг өгсөн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ