Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Б-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, * төрсөн, 40 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай П.Б /РД:*/

 

Шүүгдэгч П.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өртөнтийн мухар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5.5595 м.куб түлээний хуурай мод бэлтгэж ойн санд 1,389,191 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өртөнтийн мухар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5.5595 м.куб түлээний хуурай мод бэлтгэж ойн санд 1,389,191 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Ц-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Их-Уул сумын Зарт багийн иргэн Б нь 2020 оны 6 дугаар сард Өртөнтийн мухарын ойгоос зохих зөвшөөрөлгүй түлээний мод бэлтгэсэн байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-02 дугаар хуудас/,

-2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Өртөнтийн мухар гэдэг газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-14 дүгээр хуудас/,

-2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн П.Б-н эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх, татлагын сур зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн П.Б-н зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Иргэн П.Б-н Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

-Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Их-Уул сумын Зарт багийн нутаг Тээлийн ам гэдэг газарт зусаж байгаа юм. Манай нөхөр П.Б 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Их-Уул сумын Зарт багийн нутаг Өртөнтийн мухар гэдэг газрын ойгоос түлээндээ ашиглах гэж мод бэлтгэсэн юм. Мод бэлтгэх үедээ ямар нэгэн эрхийн бичиг, гоожин аваагүй. Моднуудаа сумын төв рүү оруулахаараа гоожин авна гэж ярьж байсан. Манай нөхөр мод бэлтгэхдээ хар өнгийн хужаа хөрөөг ашигласан. Мөн модон иштэй сүх ашигласан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,

-Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Их-Уул сумын Зарт багийн Өртөнтийн мухар гэдэг газарт манай өөрийн өвөлжөө байдаг юм. Тэгтэл манай өвөлжөөний урд талын модон дотроос П.Б 2020 оны 6 дугаар сарын 10-ны үеэр мод хийсэн байсныг нь би 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн юм. Тэгээд би тухайн мод хийсэн газарт 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрөө очиж үзсэн. Тэгэхэд манай өвөлжөөний урд талын модонд босоо моднуудыг унагаад 2-4 метримйн уртаар тайраад хаячихсан байсан.  Тэгээд шалгуулах гэж хандсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Их-Уул сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч ажилтай. П.Б нь 2020 он гарсаар надаас ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин аваагүй. Манай нөгөө хоёр байгаль хамгаалагчаас хүртэл эрхийн бичиг, гоожин аваагүй байна лээ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37 дугаар хуудас/,

-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед хөдөө Зарт багт Ар бургастын Хүнхийн нүүр гэдэг газар адуундаа мориороо явж байтал Өртөнтийн мухар гэх газарт манай өвөлжөөний урд талын модон дотор хөрөө дуугараад хүн мод хийгээд байх шиг байхаар нь би мориноосоо буугаад дурандсан чинь цагаан сээтгэн малгайтай эрэгтэй хүн мод унагаад, модон дотор мод бэлтгэж байсан юм. Харин би тэр үед наанаас нь явган, сэмхэн нууцаар дөхөж очоод хартал манай Их-Уул сумын Зарт багийн иргэн Пгийн Б гэдэг залуу ганцаараа ойгоос босоо, хуурай, шинэс моднуудыг хөрөөгөөр тайрч унагаад бэлтгэж байсан юм. Тэгээд би тэр үед орой үхэр хураах болоод тэндээс шууд гэрлүүгээ харьсан юм. Харин тэр орой гэртээ очоод П.Б-г Өртөнтийн мухарын ойгоос мод бэлтгэж байсан талаар өөрийн эгч Д.Цт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-н 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай: “П.Б-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд түлээний мод байна. Уг моднууд нь 5.5595 м.куб түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Зарт багийн нутаг Мухар гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужлал ТНБЦГ-т хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 249,877 төгрөг байна. П.Б-н ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 6 дугаар сард ойгоос хийж бэлтгэсэн байж болох. П.Б-н ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ 1,389,191 төгрөг болж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяяналтын газрын улсын байцаагч Б.Д-н 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07-04-328-02 дугаартай: “П.Б нь зөвшөөрөлгүй авсан 5.5595 м.куб шинэс түлээний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Б.Д-н тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ 1,389,191 төгрөгийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар 4,167,573 төгрөгийн нөхөн төлбөр тавив...” гэсэн улсын байцаагчийн акт /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

-Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Т-н 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай: “Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Ар нүүр, Өртөнтийн мухар гэх газрууд нь Тарвагатайн нурууны БЦГ-ын хязгаарлалтын бүсэд хамаарагддаг нь үнэн болно” гэсэн албан бичиг /Шүүх хуралдаанд прокуророос гаргаж өгсөн/

-Шүүгдэгч П.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өртөнтийн мухар нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос өөрийн хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх, татлагын сур зэргийг ашиглан 5.5595 м.куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь үнэн болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд П.Б-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул П.Б-г Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч П.Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохиролын нөхөн төлбөр болох 4,167,573 төгрөгийг төлж барагдуулсан байх ба  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч П.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх, татлагын сур зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх эд зүйлсийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч П.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж 5.8895 м.куб хуурай шинэс модыг бэлтгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныы явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Харин шүүгдэгч нь хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээс өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б-г Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон 5.5595 м.куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх, татлагын сур зэргийг борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч П.Б-н хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Завхан аймгиййн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Б-д анхааруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН