Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 933

 

 

 

 

 

 

 

2020              10          26                                             2020/ШЦТ/933                      

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2005000001539 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, МҮИС-ийн барилгын цахилгааны 3Б ангид суралцдаг, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:П/ Н.А

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Н.А нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Од” нэртэй караокены гадна хохирогч -Б.Б маргалдан халдаж улмаар биед баруун үүдэн доод 1,2-р шүдний хугарал, баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй.  -Б манай доод курсийн -Э гэдэг бие муутай хүүхдийг зодсон байхаар нь би өмөөрч ийм зүйл болсон. Би хичээлийн бус цагаар KFC-д ажилладаг. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэмшиж байна” гэв.

 

        Хавтаст хэргээс өсвөр насны хохирогч -Б.Б мөрдөн байцаалтанд “2020 оны 9-р сарын 11-нд би хичээлээсээ чөлөө аваад найз Мөнхтүвшин, Өсөхөө, Цэндээ нартай хамт би өөрийнхөө цамцыг хүүхдээс авах гээд сургуулиас гараад ахуй үйлчилгээний МТ колонкийн хажууд явж байсан.  Тэгэхэд урд манай 1-р курсын хүүхэд явж байна гэж бодоод ахын дүү гээд дуудахад уг хүүхэд миний таньдаг хүүхэд биш байсан юм байна лээ. Тэгээд эргэж хараад “ахын дүү бол биш шүү” гэхээр нь би” андуурчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд тэр хүүхэд бид хоёр маргалдаад намайг  тэр хүүхэд  заамдах гэхээр нь би гарыг нь угзарч татаад өчсөн тэгээд гарыг нь тавиад намайг алгадах гэхээр нь би бултахад хацар шүргэсэн. Тэгэхээр нь  би тэр хүүхдийн дух орчим цохиход над руу дайраад байхаар нь би дараад байж байсан. Тэгэхэд манай найз Өсөхөө салгаад тэр хүүхдийг татсан, тэгэхэд нь би тэр хүүхдийн уруул руу нь цохисон тэгээд дахиад нэг цохиод тэгээд салсан тэгэхэд уг хүүхэд явчихсан тэгээд салаад явж байхдаа уг хүүхэд би чамтай таарна ш дээ гэсэн. Би таараад яахав дээ гэсэн. Тэгээд би модны 2 руу уруудаж яваад Гандангийн баруун талд байдаг Од нэртэй караокед очоод цамцаа аваад байж байхад Улака орж ирээд чамайг хүүхдүүд хайж байна гэхээр нь гараад харахад манай 3-р курсийн хүүхдүүд ирсэн байсан. Тэгээд би утсаар яриад байж байхад хүрээд ир гэсэн. Би утсаар яриад буцаад караокед ороод цүнхээ аваад утсаараа яриад гараад  таслахад улаан цамцтай залуу нь миний шүд рүү гараараа нэг удаа цохисон тэгэхэд миний хамраас цус гараад би караокены 00-руу ороод цусаа цэвэрлэсэн тэгээд уруул сэтэрсэн байна гэж бодоод шүлс хаяхад миний хоёр шүд хугарсан угаалтуур руу уначихсан. Тэгээд намайг цохисон хүүхэд араас орж ирээд гараа ир юм ярья гэсэн би цусаа цэвэрлээд гарья гээд араас нь гарсан тэгээд чи утсаар яриад хэнийг дуудаад байгаа юм гэсэн би ирж байгаа хүүхэдтэй ярьсан тэгээд уг хүүхэд намайг чи манай ахыг мэдэх үү, гэх зэрэг юм ярьсан. Тэгээд уг хүүхдүүдийг Гандангийн Нова нэртэй писид тоглож байна гэхээр цагдаа дуудаад очиж аваад цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/

       

        Гэрч -Б.Э мөрдөн байцаалтанд “...2020 оны 9 дүгээр сарын 11-нд би сургууль руу ороод төлбөрөө багштай ярьчихаад гараад МТ колонкийн хажууд Ганбаттай явж байсан. Тэгэхэд араас гурван бацаанаа гэхээр нь эргээд харахад манай 2 дугаар курсийн хүүхэд найз нартайгаа явж байсан. Тэгээд би чиний бацаан байна уу гэсэн, тэгэхэд намайг уг шар үстэй хүүхэд намайг чи тийм том юм уу, гээд намайг мөрлөсөн тэгээд намайг заамдаж түлхээд хөл рүү хавираад байсан. Тэгээд намайг заамдаад уруул хэсэгт цохисон, тэгээд би газар унаад босч ирэхэд миний цүнхнээс татаад толгойны ар дагз хэсэг рүү өшиглөсөн, тэгээд бас нүүр рүү өвдөглөсөн. Ганбат та нар зүгээр байгаач ээ гэхэд цаанаас нь ягаан үстэй эрэгтэй ирээд намайг татаад алгадсан, тэгээд салаад би явж байхад араас уг хүүхэд бичлийнхнийг босго энийг хаана байсан газар нь ална гэсэн, би явж байхад манай -Н.А ах таарсан тэгээд би зодуулчихлаа гэхэд хамт очъё гээд араас нь очсон, тэгэхэд уг намайг цохисон залуу нэг хүнтэй утсаар ярьж дуусахад  нь -Н.А уг хүүхдийн шүд рүү нь цохиод хамраас нь цус гараад байсан. Тэгээд уг хүүхэд Од нэртэй караокены 00-руу орж цусаа угаасан тэгээд буцаад гарч ирээд -Н.А ах ярилцаад салаад явцгаасан..” гэсэн мэдүүлэг /хх 15-17/

 

        Гэрч Х.Маргад-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “...Тухайн өдрийн 14 цагийн үед найз -Н.Атай хамт Гандангийн автобусны буудал дээр явж байхад манай доод курсийн хүүхэд таараад -Э зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь тэр зодсон хүүхэд хаана байна гээд заалгаад модны 2-ын Од нэртэй караокены гадна очтол манай сургуулийн хүүхдүүд байсан. -Б хаана байна гэж хэлтэл нэг хүүхэд түүнийг дуудаж гаргаж ирсэн. Тэгээд -Н.А түүнтэй юм ярих гэхэд тоохгүй утсаар яриад байхаар нь -Н.А түүнд хандаж чамтай юм яриад байгаа юм биш үү гээд шүд рүү нь нэг удаа цохисон. Тэр Од караоке руу явж орохоор нь дагаад ортол 00 дотор цус гарсан бололтой ам хамраа угааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

        

        Яллагдагч Н.А мөрдөн байцаалтанд: “...-Б гарч ирсэнээ надтай юу ч ярихгүй утсаар яриад яваад байхаар нь би хөөе би чамтай юм яриад байгаа юм биш үү гээд баруун гараа зангидаж байгаад ам руу нь 1 удаа цохисон чинь -Б ямар нэг юм хэлэлгүй шууд Од нэртэй караоке руу орсон. Араас нь орсон чинь үүдний хэсэгт байдаг гоожуурт амаа угаагаад зогсож байсан. Яасан юм бол гээд харсан чинь үүдэн шүдний доод хэсгийн 1 шүд уначихсан байсан хажуу талын шүд нь тал байхгүй болчихсон байсан...Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

       

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10760 дугаартай “-Бийн биед баруун үүдэн доод 1,2-р шүдний хугарал, баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/  зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

 

Шүүхийн дүгнэлт:

Н.А 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “доод курсийн -Эыг зодсон байна гэх шалтгаанаар түүнийг өмөөрч”   Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Од нэртэй караокены гадна -Б.Бийн ам руу нь гараараа цохиж  баруун үүдэн доод 1,2-р шүдний хугарал, баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

        гэрч -Б.Эын “...намайг заамдаад уруул хэсэгт цохисон, тэгээд би газар унаад босч ирэхэд миний цүнхнээс татаад толгойны ар дагз хэсэг рүү өшиглөсөн, тэгээд бас нүүр рүү өвдөглөсөн...тэгээд би явж байхад манай -Н.А ах таарсан тэгээд би зодуулчихлаа гэхэд хамт очъё гээд араас нь очсон, тэгэхэд уг намайг цохисон залуу нэг хүнтэй утсаар ярьж дуусахад  нь -Н.А уг хүүхдийн шүд рүү нь цохиод хамраас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,  гэрч Х.Маргад-Эрдэнийн “...найз -Н.Атай хамт Гандангийн автобусны буудал дээр явж байхад манай доод курсийн хүүхэд таараад -Э зодуулчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, хохирогч -Б.Бийн “...тэгээд би уг хүүхдийн дух орчим цохисон, над руу дайраад байхаар нь би дараад байж байсан...би уг хүүхдийн уруул руу нь цохисон..Тэгээд би...Од нэртэй караокед очоод цамцаа аваад байж байхад Улака орж ирээд чамайг хүүхдүүд хайж байна гэхээр нь гараад харахад манай 3-р курсийн хүүхдүүд ирсэн байсан...улаан цамцтай залуу нь миний шүд рүү гараараа нэг удаа цохисон тэгэхэд миний хамраас цус гараад би караокены 00-руу ороод цусаа цэвэрлэсэн тэгээд уруул сэтэрсэн байна гэж бодоод шүлс хаяхад миний хоёр шүд хугарсан угаалтуур руу уначихсан” /хх-ийн 07-09/ гэсэн мэдүүлэг, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.Агийн “...баруун гараа зангидаж байгаад ам руу нь 1 удаа цохисон чинь -Б ямар нэг юм хэлэлгүй шууд Од нэртэй караоке руу орсон. Араас нь орсон чинь үүдний хэсэгт байдаг гоожуурт амаа угаагаад зогсож байсан. Яасан юм бол гээд харсан чинь үүдэн шүдний доод хэсгийн 1 шүд уначихсан байсан хажуу талын шүд нь тал байхгүй болчихсон байсан...Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/ болон  шинжээчийн 1076 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Н.А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

        Шүүгдэгч Н.А, хохирогч -Б.Бийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

        Н.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдыг өмөөрч хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулав.

        Түүнчлэн шүүгдэгч Н.А хичээлийн бус цагаар ажил хийж орлого олдог гэсэн байдлыг харгалзсан болно.

         

         Өсвөр насны хохирогч -Б.Б өөрт учирсан хохиролтой холбогдуулан 1.660.000 төгрөгийн баримт шүүхэд ирүүлсэн нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Н.Агаас дээрхи хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

        1. Н овогт -Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

        4. Н.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Шүүгдэгч Н.А Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 1.660.000 төгрөг гаргуулж хохирогч -Б.Бөд олгосугай.

 

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ