Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 934

 

                             

 

 

 

 

 

 

  2020          10            26                                     2020/ШЦТ/934

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч -Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005026521393 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, төрсөн эх, дүүгийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд   дугаар багийн  боссын гудамжны  тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн  дүгээр хороо Дөл хотхоны  тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан /РД:РД/ Х овогт Н.Т.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

-Н.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан зочид буудлын 209 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн -Ц.Б Хаан банкны -000000000  дугаарын дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч уг данснаас 4 удаагийн үйлдлээр 16.660.000 төгрөгийг авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

ТОДОРХОЙЛОХ нь:        

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч -Н.Т шүүх хуралдаанд: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч -Ц.Б сайн дураараа эвлэрч хохиролыг нь барагдуулсан. Гэмшиж байна. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна гэв.

       Хохирогч -Ц.Б мөрдөн байцаалтад “2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн үед хүнсний 4-р дэлгүүр дээр хуурай дүү -Т, мөн найз -Э гэх залуутай бид гурав уулзаад би өөрөө шөнийн захаас цамц, подволк, өмд худалдаж аваад бид 3 караокед 18 цагийн үед орохоор болоод хорооллын голын замд байрлах нэрийг нь мэдэхгүй. Нэг караокед 18 цагийн үед ороод 4 шил архи худалдаж аваад караокед 00 цаг хүртэл дуулж сууж байгаад хамт ширээнд сууж байсан 3 бүсгүйтэй танилцаад караокеноос 3 танихгүй бүсгүй, хуурай дүү -Т, найз -Э гэх залуутай хажуу талынх нь  Хан нэртэй зочид буудалд өрөө аваад гаднаас нэмж архи аваад өрөөндөө ороод ууцгаасан. Тэгээд өөрөө нэг хүүхэнтэй нь тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд маргааш  өглөө сэрсэн Хаан банкны карт болон гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь Хаан банкны лавлах руу залгаад дансаа шалгуулах гээд хуурай дүү -Тын Хаан банкны данс руу миний данснаас 16 сая 800 мянган төгрөг гарчихсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...-Н.Т нь миний мөнгийг картнаас авч надад 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан. Өөрөөр надад учруулсан хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/

 

Гэрч Б.-Э мөрдөн байцаалтад “Модны хоёрын голын замд байрлах Хан нэртэй зочид буудлын хажуу талд байрлах нэрийг нь мэдэхгүй нийтийн караокед 3 шил архи хувааж уугаад сууж байхдаа хамт нэг ширээнд сууж байсан 2-3 хүүхэнтэй -Ц.Б ах танилцаад орой караоке хаах хүртэл буюу 00 цаг хүртэл сууж байгаад гараад буудалд орохоор болоод хажуу талынх нь Хан нэртэй зочид буудалд -Ц.Б ах, -Т ах танихгүй 3 хүүхэнтэй нь жаахан ууж сууж байгаа -Ц.Б ах нэг хүүхэнтэй тасалгаатай өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд -Т ах бид хоёр нөгөө хоёр хүүхэнтэй нь жаахан ууж сууж байтал яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. -Т ах гадагшаа гарсан тэгэхээр нь би араас нь дагаад гартал зүс таних интернэт покер тоглодог -П гэх залуу найз бүсгүйтэйгээ ирчихсэн -Т ахтай хамт зогсож байсан. Тэгэхээр нь би -Т ахыг гадагшаа гаргахгүй гэж хэлтэл нөгөө хоёр нь яваад өгсөн тэгээд -Т ахтай буцаж буудал руу ороод унтахаар болоод оронд нь оруулчихаад өөрөө унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрэхэд -Т ах байхгүй -Ц.Б ахтай сэртэл -Ц.Б миний утас, карт алга байна гэснээ миний дугаараас Хаан банкны лавлах дугаар луу залгаад өөрийнхөө дансыг шалгуултал оператор нь таны дансны үлдэгдэл 2000 төгрөг байна таны данснаас эхлээд 5.000.000 төгрөг дараа нь 10.000.000 төгрөг дараа нь 1.600.000 төгрөг дараа нь 200.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Гэрч -Б.П мөрдөн байцаалтад “Би уг мөнгийг хэрхэн авсан талаар мэдэхгүй. Харин намайг бид нар уулзахад ахаасаа мөнгө авах гэж байгаа талаар хэлсэн. Харин өөрөөр хэлээгүй. Ингээд би тухайн үедээ гэртээ хариад байж байтал -Т дуудаад мөнгөтэй болсон тухайгаа хэлээд бид бид хоёр Покер интернэтээр тоглоод үрсэн. Харин би уг мөнгийг ямар мөнгө, хэрхэн олсон талаар мэдээгүй. Би бодохдоо -Тыг хүнээс мөнгө зээлж авсан байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/

 

Яллагдагч -Н.Т мөрдөн байцаалтад “Би 2020 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр өөрийн танил ах -Ц.Б ахтай 18 цагийн үед хүнсний 4-р дэлгүүр дээр уулзсан. Тэгээд бид нар Баянгол дүүргийн 8-р хороонд Хан зочид буудалд орсон. Уг зочид буудалд караокед нь орж тэндээ байсан хэдэн эмэгтэйчүүдтэй танилцаад ууж сууж байгаад шөнийг 12 цагийн үед караоке хаагаад -Ц.Б ах бүх тооцоог хийгээд эндээсээ бид нар зочид буудал орохоор болоод надад өөрийгөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас бие муу байна гээд надад өөрийн утас, виз өгсөн. Бид нар буудал хайж байгаад эргээд Хан буудалд 1 өрөө аваад 180.000 төгрөгийн тооцоо би буудалд -Ц.Б ахын картаар хийсэн. Ингээд 02 цагийн үед би өөрийн найз -Б.Птойгоо яриад хүрээд ир гэж дуудаад удалгүй ирсэн. Харин ингээд би -Б.Пийн тоглоомын хаягийг авсан. Ингээд би тоглох тухайгаа хэлэхэд -Б.П, -Э нарт хэлэхэд дургүйцээд больсон. Ингээд би эргээд буудалд орж -Б.П яваад өгсөн. Харин удалгүй 04 цагийн над руу -Б.П залгаад ТБД андууд дээр хүрээд ир гэхээр нь би очсон. Харин би Хан зочид буудлаас гарахдаа -Ц.Бийн карт надад байсан болохоор би авч яваад -Б.Пид хэдэн төгрөгөөр тоглох уу гэж асуухад 5.000.000 төгрөгөөр гэж хэлэхээр нь би АТМ-ээс мөнгийг авсан. Тэгээд харин гар утаснаасаа покер тоглоод алдсан. Уг мөнгийг аваад би -Б.Пийн Худалдаа Хөгжлийн банкны дансанд хэд хэдээр хувааж шилжүүлсэн. Дараа нь уг картнаас мөн 10.000.000 төгрөгийг картнаас аваад мөн адил -Б.Пийн дансанд нь 5.700.000 төгрөг хийж шилжүүлж покер тоглосон. 4.300.000 төгрөгийг мөн хувааж хийгээд тоглоод алдсан. Харин 5.700.000 төгрөг нь Монгол банкин дээрээс 3.000.000 төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэж байгаа гэх шалтгаанаар түр хүлээгдсэн. Дараа нь хорооллын эцсийн АТМ-нээс 1.600.000  мөн -Ц.Б ахын данснаас аваад өөрийн 5374456267 дугаарын дансанд шилжүүлж үүнийг -Б.Пийн худалдаа хөгжлийн дансанд хийгээд мөн покер тоглосон. Ингээд би өөрт байсан -Ц.Б ахын утсанд ирсэн интернэт банкны мессежийг харахад 160.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг мөнгөн дээр би өөрт байсан бэлэн 40.000 төгрөгийг хий гэж өгч явуулаад 200.000 төгрөг болгуулж -Б.П уг мөнгийг АТМ-ээс авч өөрийн худалдаа хөгжлийн дансанд хийлгэсэн. Ингээд энэ өдөр тоглож нийт 16.800.000 төгрөг -Ц.Б ахын данснаас авч, үүнээс 11.100.000 төгрөгөөр покер тоглож алдсан. Харин 5.700.000 төгрөг нь -Б.Пийн дансанд үлдсэн. Энэ мөнгийг -Б.П ганцаараа тоглож үрсэн. -Ц.Б ахад би өөрийн картнаас нь мөнгө авсан алдаагүй байгаа гэж хэлээд уулзахад намайг цагдаад мэдэгдэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-64/

 

 Хохирогч -Ц.Б дипозит дансны хуулга

 2020.09.12-ны 04:46 минутад 5.000.000 төгрөг,

 2020.09.12-ны 05:24 минутад 10.000.000 төгрөг,

 2020.09.12-ны 05:50 минутад 1.500.000 төгрөг,

 2020.09.12-ны 07:01 минутад 200.000 төгрөгийн гүйлгээ /хх-ийн 03/,

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 9.12-ны өдөр 09 минут 31 секунд бичлэг дээр текний ард дээгүүр хар өнгийн цамцтай нүдний шил зүүсэн 40-45 орчим насны эмэгтэй мөн хар өнгийн таргандуу 40-45 орчим насны хүн зогсож байгаа гаднаас хар өнгийн саравчтай малгайтай хөх өнгийн куртиктэй доогуураа хар гуталтай 30-35 орчим насны залуу гаднаас орж байгаа хэсгийг харуулав...гаднаас орж ирсэн хар саравчтай малгайтай, хөх өнгийн куртиктэй залуу халааснаасаа хохирогч -Ц.Б гар утсыг гаргаж ирээд карт хайж байгаа хэсгийг харуулав...гаднаас орж ирсэн хар саравчтай малгайтай, хөх өнгийн куртиктэй залуу улаан хүрэн өнгийн гадуураа гэртэй гар утас текэн дээр тавиад халаасаа ухаж байгаа хэсгийг харуулав...хар саравчтай малгайтай, хөх өнгийн куртиктэй залуу улаан хүрэн өнгийн гадуураа гэртэй гар утас текен дээр тавиад халаасаа ухаж байгаад баруун талын халааснаасаа хаан банкны цэнхэр өнгийн карт гаргаж ирээд эрэгтэй ресэпшинд өгч байгаа хэсгийг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 8-16/,

Хохирогч -Ц.Б “ миний бие Нордог овогтой -Т бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо төлбөргүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 104/,

 

Шүүгдэгч -Н.Тын “миний бие гэмт хэрэг хийсэн гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч -Ц.Б эвлэрч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 110/,

 

Шүүгдэгч -Н.Тын хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгч  -Н.Т нь2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан зочид буудлын 209 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн -Ц.Б Хаан банкны -000000000  дугаарын дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч уг данснаас 4 удаагийн үйлдлээр 16.660.000 төгрөгийг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн -Н.Тын“...би хорооллын эцсийн АТМ-нээс 1.600.000  мөн -Ц.Б ахын данснаас аваад өөрийн 5374456267 дугаарын дансанд шилжүүлж үүнийг -Б.Пийн худалдаа хөгжлийн дансанд хийгээд мөн покер тоглосон...” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.-Эын “...өглөө 09 цагийн үед сэрэхэд -Т ах байхгүй -Ц.Б ахтай сэртэл -Ц.Б миний утас, карт алга байна гэснээ миний дугаараас Хаан банкны лавлах дугаар луу залгаад өөрийнхөө дансыг шалгуултал оператор нь таны дансны үлдэгдэл 2000 төгрөг байна таны данснаас эхлээд 5.000.000 төгрөг дараа нь 10.000.000 төгрөг дараа нь 1.600.000 төгрөг дараа нь 200.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хохирогч -Ц.Б “...-Н.Т нь миний мөнгийг картнаас авч надад 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан...” /хх-ийн 38, 39-40/ гэсэн мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн8-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       Хяналтын прокурор яллах дүгнэлтдээ 16.660.000 төгрөгийг бага хэмжээний хохирол гэж ташаа бичсэнийг шүүх “үлэмж” хэмжээний хохирол  гэж залруулсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

       Шүүгдэгч -Н.Т нь хохирогч -Ц.Б картыг хулгайлан авч 16.660.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

         -Н.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул -Н.Тт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

        Шүүгдэгч -Н.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагч шүүгдэгч -Н.Тыг  гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч -Н.Тыг Хаан банкны -000000000 дугаарын дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч уг данснаас 4 удаагийн үйлдлээр 16.660.000 төгрөгийг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч -Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч -Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг -Н.Тт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч -Н.Тын баривчлагдсан 48 цагийг түүний эдлэх ялаас хасаж тооцов.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        1. Х овогт Н-Тыг бусдын эд хөрөнгийн нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.    

 

        2. Шүүгдэгч -Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар баривчлагдсан 48 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний эдлэх ялыг 234 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч -Н.Т нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ