Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

                                                                                          

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.,

Шүүгдэгч И.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Бт холбогдох 2024 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Улсын иргэн,  төрсөн, 39 настай, эрэгтэй,  боловсролтой, дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ИЖ регистрийн дугаартай И.Б,

Шүүгдэгч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах баг Улаан үзүүр гэх газарт “Тоёота приус” маркийн 97-12 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Иийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах баг Улаан үзүүр гэх газарт “Toyota prius” маркийн 97-12 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Жын “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Идэр сумд манай талийгаач нөхрийн маань төрсөн эгчийнх нь хүүхэд болох Бын охиных нь хурим болно гээд урилга ирсний дагуу талийгаач нөхөр, хүү И.Б нарын хамт хуримд оролцохоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гарч Идэр сумд очсон. Тухайн үед талийгаач нөхрийн маань машиныг манай хүү И.Б жолоодож явсан. Очсон оройгоо бид нар хурим найрны зүйл бэлдэж хоносон. Хурим нь дээр талийгаач маань хоёр хундага архи уусан. Харин хүү маань тээврийн хэрэгсэл жолоодож байгаа гээд архи амсаж уугаагүй. Бын гэрт ороод манай хүү 3-4 дуу дуулаад бид нар нэг их удалгүй гарсан ба замдаа талийгаач нөхөр маань бэр эгчийнд орж золгочихоод гэртээ харихаар явцгаасан. Талийгаач нөхөр маань жолоочийн хажуугийн суудалд, би ганцаараа хойд суудалд суугаад зорчиж явсан ба шороон замаар явж байгаад засмал зам руу ороод явж байсан. Нэг мэдсэн чинь замын хажуу тал руу машинтай онхолдож байсан. Тэрнээс хойш би болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд сумын түргэний машинд талийгаачийн хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...Toyota маркын Pruis загварын арлын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна төмөр хийц, кузов нилэнхүйдээ эвдэрч гэмтсэн. Тээврийн хэрэгслийн гадна төмөр хийц, кузов зүүн урд тал чихэгдэж хонхойж эвдэрч гэмтсэн. Тээврийн хэрэгслийн урд под рам, хөдөлгүүр, цахилгаан мотор, хроп, гадны нөлөөгөөр чихэгдэж эвдэрсэн. Урд, хойд салхины шил, 4 хаалганы шил хагарсан, урд, хойд гупер салсан, баруун урд дугуй хагарч, амортизатор тахийж, гулзайсан, урд копут нугаларч хумигдсан, баруун хойд хонго хумигдаж хонхойсон. Тээврийн хэрэгслийн зүүн талын хэсэг анхны хэлбэр дүрсээ алдаж, нилэнхүйдээ зурагдаж чихэгдсэн, тээврийн хэрэгслийн хийцийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүгд хагарсан нь стандартын шаардлага хангахгүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Харин осол болоход нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх 49-50/,

Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Жолооч И овогт Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэстэй байна...” гэсэн магадлагаа /хх 51-52/, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-4/, замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх 10-11/ тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч И.Бын “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Завхан аймгийн Идэр суманд хамаатан Бын охины хуримд оролцохоор аавынхаа “Тоёота Приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон аав, ээж Ш.Ж бид 3 очсон. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хамаатан Б ахын охиныг хүргэж өгч найрлаж байгаад 17 цагт хамаатны ах Бынд очоод тэндээ найрлаад суухад Б ах болон танихгүй хүмүүс аяны хундага барь гээд байхаар нь 4 дуу дуулаад архийг нь амсаад уугаагүй. Аавын даралт ихсээд байсан учраас нэг их архи уугаагүй гэхдээ бага хэмжээгээр уусан. Ээж маань архи дарс уугаагүй эрүүл байсан. Бид нар хамаатан Бын гэрээс 17 цаг 30 минутын орчим хөдлөөд сумын төв дээр аавын настай бэр эгч нь байгаа гээд тэнд орж золгоод 18 цаг өнгөрч байхад гараад би аавынхаа машиныг жолоодож аав маань миний хажууд, ээж арын суудалд жолооч талд суугаад Тэлмэн сум руу гэртээ харихаар хөдлөөд Хундайн дөрөлжөөр даваад сайхан найр боллоо гэж ярилцаад засмал руу ороод 10 гаран км явж байсан нэг мэдэхэд автомашинтайгаа замын зорчих хэсгийн хойд тал руу орж автомашины 4 дугуй дээшээ харсан байдалтай онхолдож ухаан алдсан байсан. Би автомашинаас гараад харахад аймгийн эмч нар буцаж явж таараад аав, ээж хоёрт анхны тусламж үзүүлэн эм тариа хийж өгч байхаар нь аав дээрээ очоод толгой, цээжийг нь тэврээд хөлөн дээрээ дэрлүүлэхэд аав маань “хоёр хөл өвдөөд байна, аав нь гайгүй” гэж хэлж байсан. Удалгүй Тэлмэн сумын түргэн тусламжийн машин ирээд аав, ээж хоёрыг аваад явсан. Би ослын газарт байж байхад замын цагдаа нар удалгүй ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд явсан. Би үзлэг хэмжилт дууссаны дараа Тэлмэн сумын эмнэлэг дээр ирэхэд аавыг эмнэлэгт хэвтүүлсэн эм тариа хийгээд аймгаас эмч нар дуудсан. Аймгийн эмч нар шөнө 00 цаг өнгөрч байхад ирсэн. Эмч нар аавын баруун талын хөл дунд чөмгөөрөө хугарсан байна, дотуур цус алдаж байж магадгүй аппараттай Тосонцэнгэлийн эмнэлэг рүү яаралтай авч явна гэж ярилцаад байж байтал аавын маань бие муудаад амьсгаа нь дээрдээд ирэхэд аппаратанд оруулсан. Шөнө 02 цагийн орчим эмч нар бид нарыг дуудаад одоо найдваргүй боллоо гэсэн удалгүй аав амьсгаа татсан. Би хуриманд оролцохоор очсон өдрөө буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуримын юмыг бэлдэж шөнө 02 цаг өнгөрч байхад унтаад өглөө 05 цаг өнгөрч байхад хүүхэн авах хүмүүс ирнэ гээд эрт боссон. Би очсоны орой архи, дарс уугаагүй. Хурим болон дараа нь архи огт амсаагүй. Би одоо бодоход шөнө нойр дутуу байсан учраас засмал зам дээр явж байхдаа зүүрмэглээд л замын хойд тал руу орчихлоо гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож “Toyota prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч И.Бын “Toyota prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас түүний аав Б.И нас барсан болох нь

 Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 000000048 дугаартай “...Амь хохирогч Б.Иийн цогцост хүзүүний 6-р нугаламын хугарал, элэгний язрал, дотуур цус алдалт, баруун зүүн талын олон хавирганы хугарал, баруун дунд чөмөгний доод 3/1 хэсгийн, зүүн өвдөгний үений хугарал, өвчүүний хэсгийн цус хуралт, нойр булчирхайн толгойн хэсгийн цус хуралт, чацархай хэсгийн цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт хавдартай, духны дунд хэсэгт, зүүн бугуйн үений ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсэх боломжтой гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.10, 3.1.12-д заалтуудад заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн. Цаг хугацааны хувьд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. ...Амь хохирогч Б.И нь хүзүүний 6-р нугаламын хугарал, элэгний язрал, дотуур цус алдалт, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 25-30/,

шүүгдэгч И.Бын “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн  18 цаг өнгөрч байхад гараад би аавынхаа машиныг жолоодож аав миний хажууд, ээж суудалд арын суудалд жолооч талд суугаад Тэлмэн сум руу гэртээ харихаар хөдлөөд Хундайн дөрөлжөөр даваад засмал руу ороод 10 гаран км явж байсан нэг мэдэхэд автомашинтайгаа замын зорчих хэсгийн хойд тал руу орж автомашины 4 дугуй дээшээ харсан байдалтай онхолдож ухаан алдсан байсан. ...Тэлмэн сумын түргэн тусламжийн машин ирээд аав, ээж хоёрыг аваад явсан. Шөнө 02 цагийн орчим эмч нар бид нарыг дуудаад одоо найдваргүй боллоо гээд аав амьсгаа татсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Жын “...Талийгаач нөхөр маань жолоочийн хажуугийн суудалд, би ганцаараа хойд суудалд суугаад явсан ба шороон замаар явж байгаад засмал зам руу ороод явж байсан. Нэг мэдсэн чинь замын хажуу тал руу машинтай онхолдож байсан. Нэг мэдэхэд сумын түргэний машинд талийгаачийн хамт явж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч И.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Бын “Тоёота приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйлдэл нь амь хохирогчийн хүзүүний 6-р нугаламын хугарал, элэгний язрал, дотуур цус алдалт, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүдийн улмаас нас барсан үхлийн шалтгаантай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Жолооч ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч И.Бын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч И.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээлэлийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ж-н “...Миний зүгээс болон гэр бүлийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүд маань хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож  байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч И.Бт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч И.Б нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-д зааснаар шүүгдэгч И.Б-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 1044715 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ