Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2017/00042

 

 

Д.Р гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаар шийдвэртэй, Д.Р гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг /эрхлэгч Р.Е/-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Д.Р , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Р.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 1 сарын цалин хөлс, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг тус тус гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Д.Р миний бие 2016 оны 3-р сарын 01-ний өдрийн Өлгий сумын 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар гэрээт үйлчлэгчийн албан тушаалд томилогдсон юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 01-ээс 2016 оны 06-р сарын 01-ний хүртэл тасралтгүй ажиллаж цалин хөлсийг бүрэн авсан юм. 2016 оны 06-р сарын 01-ээс одоо хүртэл цалин хөлс аваагүй бөгөөд Д.Р намайг 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн 28 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, түүнээс хойш одоо хүртэл ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй болно. Д.Р миний бие ажлаас үндэслэлгүй халагдсаны учир шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрийн 1 дэх заалтаар ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Д.Р миний сарын цалинг ажил олгогч Өлгий сумын 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон тухай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалаар 270000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосон байгаа. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэр 2016 оны 11-р сарын 18-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд биелэгдэх шатанд байгаа юм. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 6-р сарын 01-нээс 2016 оны 11-р сарын 30-ныг дуусталх цалин хөлс сард 270000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр ажилгүй байсан 6 сард нийт 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Өлгий сумын 18-р цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Д.Р гийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгээс цалин нэхэх тухай" нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Д.Р г Аймгийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/508 дугаартай "Бүтэц орон тоо батлах тухай" захирамжийн дагуу Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13 дугаартай тушаалаар гэрээт үйлчлэгчээр, түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан боловч бүтэц орон тоо цалин хөлс нь баталгаатай бус гэрээт нэрийдлээр авч ажиллуулсан юм. Орон тоо цалин хөлс тодорхой бус хугацаатай гэрээгээр ажиллуулсан нь миний буруу биш аймгийн удирдлагуудын үйл ажиллагаа гэдгийг цохон хэлмээр байна. Д.Р нь дөнгөж 4 сар гэрээгээр ажиллаад 6 сарын цалин нэхэж байгаа нь сонирхолтой байгаа ба нэг нэхэмжлэлийг 2-3 төрөл болгон хэд-хэдэн шүүхэд өгч залилан хэрэглэж байгаа гэж үзэхээс өөр үндэслэл алга байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг би хүндэтгэн үзэж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаалыг гаргаж Д.Р аг ажилд тэр даруй эргүүлэн тогтоосон боловч өөрөө мэдсээр байж шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж шүүхээр албадан биелүүлэх шийдвэрийг давхар гаргуулан намайг худлаа гүтгэсэнд гомдолтой байгаа. Уг шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 03-нд хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 47 дугаартай тушаал гаргаж ажилд эгүүлэн авсан боловч Д.Р өөрөө тухайн өдөр цэцэрлэгт ирээд тушаал болон гэрээтэй танилцаж гарын үсгээ зурж өөрөө хүлээн зөвшөөрсөн мөртлөө ажилд орохоос татгалзаж 12 хоног ажил тасалж шүүхэд худал мэдээлэл өгч "намайг ажилд авахгүй байна" гэж аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 516 дугаар гүйцэтгэх шийдвэр гаргуулж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Бадамсамбуугийн 1523 дугаар шийдвэрийг давхар гаргуулсныг би ойлгохгүй байна. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь улирлын чанартай ажиллах ба зуун бол багш ажилчид амрах ба зарим гэрээт ажилтнуудын ажиллах хугацааг гэрээгээр зохицуулдаг. Д.Р 2016 оны 3 дугаар сарын 01-ээс 7 дугаар сарын 01-ний хүртэл гэрээ болон тушаалд хугацааг тодорхой зааж өгсөн үүнийг өөрөө сайн мэдэж байгаа боловч өнөөдөр юу ч мэдэхгүй дүр эсгэн мэдэн будлиж байгаа юм. Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн 2016 оны жил, улирлын төсвийн хуваарилалтад 6, 7, 8 дугаар саруудад гэрээт ажилчдын цалин төсөвт тусгагдаагүй байгаа ба 2016 оны 9 дүгээр сараас эхлэн гэрээт орон тоо байхгүй болж төсөв мөнгө нь хасагдсан учир Д.Р д цалинг албан байгууллагаас төлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга уг хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,-т заасны дагуу /аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. Д.Р нь тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр 13 дугаар тушаалтайгаар 2016 оны 3 дугаар сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж гэрээний хугацаа дууссан тул, гэрээг сунгах боломжгүй учраас чөлөөлөгдсөн юм. Д.Р аг би 2016 оны 03 дугаар сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний хооронд түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан энэ тушаалын талаар нэхэмжлэгч Д.Р сайн мэдэж байгаа. Үүнийг Д.Р нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр анх ажилд орохдоо надтай /байгууллагатай/ хийсэн түр хугацаатай гэрээнд гарын үсэг зурсныг өөрөө нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримт болгон өгснийг давхар нотолсон байна. Тэр үед Д.Р тай гэрээт үйлчлэгчээр, түр тушаал гаргаж, хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хугацааг тодорхой зааж өгсөн.Нэхэмжлэгч Д.Р тушаал болон гэрээнд заасан хугацааны 3, 4, 5, 6 дугаар сарын цалинг бүтэн авсан бөгөөд тушаал болон гэрээний хугацаа дуусангуут ажлаас чөлөөлөгдсөн учир 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын цалинг нэхэх нь үндэслэлгүй байна. Д.Р намайг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд , гэрээт ажилтан гэдгээ мэдээгүй гэж худлаа гомдол гаргаж шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр гэрээт үйлчлэгчээр эгүүлэн тогтоох шийдвэр гаргуулсан. Гэрээт ажилчдын төсөв мөнгө 2016 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл тусгагдаагүй болон 09 дүгээр сараас эхлэн гэрээт ажилтны цалин хөлс хасагдсан тухай байгууллагын нягтлан бодогч шүүх хуралдаан дээр биеэрээ оролцож тайлбарлах болно. Мөн төсөвт холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Эцэст нь хэлэхэд Р нь үндэслэлгүй цалин нэхэмжилснийг тунгаан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгч Д.Р гийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 1581120 төгрөгийг гаргуулан Д.Р д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 38880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Р гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 40248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Р д олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е тус цэцэрлэгт холбоотой Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Т овогт Д ий Р гийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл улирлын гэрээт үйлчлэгчээр түр хугацаагаар гэрээ байгуулан тохиролцсоны үндсэн дээр ажилласан. Гэрээний дагуу зууны улиралд гэрээт үйлчлэгч ажиллахгүй. 2016 оны 3 дугаар сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний хооронд хугацаатай гэрээгээр ажиллана гэдгийг Д.Р танилцаж гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн нь тухайн гэрээгээр нотлогдож байна.Тэгсэн мөртлөө 6 сарын цалин нэхэж байгаа нь үндэслэлгүй. Зууны улиралд 6 дугаар сарын 01-ээс 9 дүгээр сар хүртэл боловсролын системийн сургууль, цэцэрлэгийн сурагч, хүүхэд амрах учраас тухайн 6,7,8 дугаар саруудад амардаг. Санхүүгийн болон төсвийн хуваарилалтад 6,7,8 дугаар саруудад төсөвт 00-гэснийг нотлох баримтад тусгагдсан. Тухайн үед байнгын орон тооны багш, ажилчид ээлжийн амралт авч, зөвхөн манаач, сахиул үлдэж ажилладаг. Д.Р нь 3 дугаар сард түр гэрээгээр орсон ба ажилласан хугацаа нь дөнгөж 3 сар учир, ээлжийн амралт авах эрх үүсээгүй.Уг 3 сард төсөвт Д.Р гийн цалинг тусгаагүй, ээлжийн амралт олгох боломжгүй учир, уг 3 сарын цалинг нэхэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Р г би 2016 оны 3 дугаар сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний хооронд түр томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан энэ тушаалыг нэхэмжлэгч Д.Р нь гардан авсан учир сайн мэдэж байгаа. Тэр үед Д.Р аг гэрээт үйлчлэгчээр, түр тушаал гаргахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээ болон тушаалд хугацааг тодорхой зааж өгсөн. Д.Р нь 2016 оны 6, 7, 8, дугаар саруудад ажил хийж байгаад 9 дүгээр сард гэнэт чөлөөлөгдсөн мэтээр худлаа гүтгэж цалин нэхсэнд гомдолтой байна. Мөн 9 дүгээр сараас гэрээт ажилтны орон тоо хасагдаж, төсөв нь батлагдаагүй хасагдсан учир, цалин төлүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Харин Д.Р аг анхан шатны шүүх ажилд 2016 оны 11 дүгээр сард 16-ны өдөр эргүүлэн тогтоосныг би хүндэтгэн үзэж тухайн үед ажилд авсан боловч өөрөө ажилд ирэхгүй надаас шалтгаалахгүй өөрөө ажил тасалсан учир цалин нэхэх үндэслэлгүй. Тухайн үед анхан шатны шүүхийн шүүгч ажилд эргүүлэн тогтоох шийдвэртэй хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх 516 тоот захирамж гаргаж, 14 хоногийн дотор давхар 2 шийдвэр гаргасныг хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан шүүгчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж байна. Д.Р гийн тус цэцэрлэгээс цалин нэхсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг нотлох баримтаар хавсаргасан. Үүнийг шүүгч нар судалж үзэлгүй хэт нэг талыг баримталж үндэслэлгүй |шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг тунгаан шударгаар мэргэн ухаанаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж давж заалдаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг ялгамжтай зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Р нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 1 сарын цалин хөлс, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Р г Өлгий сумын 18 цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрээр Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг үндэслэн Д.Р г гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж ажилгүй байсан 6 сарын хугацааны олговорт 1620000 төгрөгөөс Д.Р гийн цалингийн дансанд орж ирсэн 38880 төгрөгийг хасаж 1581120 төгрөгийг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч Д.Р г 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа эргэж орох хүртэлх ажилгүй байсан хугацаа нь 5 сар ба нэхэмжлэгч 2016 оны 6 сард ажилласан боловч цалингаа аваагүй тул 6 дугаар сарын цалинг нэмж нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын цалинд 192000 төгрөгийн цалинг авсан болох нь түүний 0997492 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт байгаа бичилтээр тогтоогдож байна.

Түүнчлэн тэрээр 2016 оны 6 дугаар сарын цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд нэхэмжлээгүй тул шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Р гийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 сар байна гэж үзлээ. Д.Р гийн сарын цалин 270000 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдсон байна. Ажил олгогч ажилтан Д.Р д 2016 оны 7 дугаар сарын цалинд 97200 төгрөг олгосон болох нь 0997492 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт байгаа бичилтээр нотлогдож байх тул уг 97200 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч Д.Р гийн ажилгүй байсан 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /270000х5=1350000-97200=1252800/ 1252800 төгрөгийг ажил олгогчоос гаргах үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 1252800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Р ад олгож шийдвэрлэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128 дугаар зүйлийн 128.1.5-д гэсний дараа 128.1.11 гэсэн нэмэлт оруулж, мөн заалтын 1581120 төгрөгийг гэснийг 1252800 төгрөгийг гэж, 38880 төгрөгийг гэснийг 367200 төгрөгийг гэж, 2 дахь заалтын 40248 төгрөгийг гэснийг 34617 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ