Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-од холбогдох 1708000000109 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 19хх оны хх дугаар сарын хх-ны өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Д.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших толгойтын 117 дугаар гудамжны 9а тоотод иргэн Л.Э-тай гар утасны асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газар нь өшиглөж, их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз суурийн хэсэгт, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Б-од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон 113 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт дээжтэй бинт, шаргал өнгийн хаалганы бариул, шаазан эдийн хэлтэрхий 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, архины 4 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Д.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос 2,858,055 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр, мөн иргэний нэхэмжлэгч Х.Бүрнээ нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосны үндсэн дээр тус тус иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг бид буруу зүйлчилэн хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр”, 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн” гэсэн нь амь хохирсон Л.Э-ын толгой болон шанаан тус газар болон зулай, дагз суурийн хэсэгт уртавтар тархи бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт бүхий олон тооны удаа дараагийн цохилтоор гэмтэл учруулсанг шинжээчийн 1893 дугаар дүгнэлтээр уг гэмтэл гар хөлөөр болон аягаар цохиж учруулсанг гэрч Н.Алтанбагана, Т.Батсуурь, Энхтайван нар гэрчилдэг. Гэтэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчиж, эргэлзээтэй нотлох баримтыг шүүх, прокурор шийдвэрийн үндэслэл болгосон.

Шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр болон хүндрүүлэх нөхцөлийг эргэлзээтэйгээр мөрдөгч, прокурор тогтоосон. Хохирогчийн биед үхэлд хүргэсэн гэмтэл учруулсныг нотолсон шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шууд, шууд бус нотлох баримт гэж юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй, шүүгдэгчийг хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй хөнгөн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрчүүд эхний мэдүүлгээ үнэн зөв өгсөн байх. Гэрчүүд мэдүүлэхдээ ухаангүй байхад аягаар цохисон гэж мэдүүлснээсээ буцаасан. Гэрчүүдийн анхны мэдүүлгийг анхаарах ёстой байсан. Гэрчүүд буруу мэдүүлэг өгөөд байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна. Анх харсан гэрчүүд Батаагийн толгой руу аягаар цохиод босож ирэхгүй байна гэж хэлээд түргэн тусламж, цагдаа дуудсан. Аяга бүтнээрээ эд мөрийн баримт болоогүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эргэлзээ төрвөл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үзнэ гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар прокурорын эргэлзээтэй дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болохгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Амь хохирогчид гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүссэн талаар шүүгдэгч өөрөө хэлдэг. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзсэн. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Д.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших толгойтын 117 дугаар гудамжны 9а тоотод иргэн Л.Э-тай гар утасны асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газар нь өшиглөн “...их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз суурийн хэсэгт, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт...” гэмтлийг учруулж Л.Э-ын алсан болох нь:

гэрч Н.Алтанбаганы “...Би 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Энхтайваны гэрт 1 шил 0.75 литрийн “Хандгай” архиа аваад очсон. Энхтайваныд орох гэхэд гэрт нь зодоон болж байгаа чимээ гарахаар нь ...гэрт нь орсон. Ороход Б, Батаа хоёр хоорондоо зодолдож байсан. Намайг ороход Б, Батаа хоёр хоорондоо зодолдсон байсан, Лхагваа газраар унтаж байсан, ганц сэрүүн байсан Алтанцэцэг эгч орон дээр суучихсан та хоёр болиоч дээ гээд согтуу байдалтай сууж байсан. Быг бид нар Бейк гэж дууддаг, Батаагийн жинхэнэ нэрийг нь Энхбат гэдэг юм. Бын баруун шанаа нь халцарсан байсан. Тэр хоёр хоёулаа дээгүүрээ цээж нүцгэн хоорондоо барилцаж авсан байсан. Энхтайван ах, Алтанцэцэг, бид гурав тэр хоёрын дундуур нь орж салгаад ...Б ах гэрийн урд талд байсан кресло сандал дээр, Батаа ахыг хойд талын орон дээр суулгаад “одоо боль” гэж байсан. Тэгснээ Б ах “за одоо больё” гээд Батаа ахтай гар барих гэж байснаа гэнэдүүлээд Батаагийн духан тус газар нь өшиглөсөн. Батаа ахын духнаас нь цус гараад Батаа ах цусаа арчаад “өө муу өөдгүй, хөгийн банди” гээд намайг дагуулж гараад духныхаа цусыг угааж арчсан. Батаа ах буцаж гэр лүүгээ ороод “чи энийгээ харж байна уу, яаж байгаа юм” гээд тунирхаад Бтой хэрэлдээд Батаа ах Б дээр очоод боож унагаад дахиад барилцаж авсан. Би ганцаараа дундуур нь орж салгасан. ...Тэгээд салгаад байж байтал Б Батаагийн нүүрэн гус газар нь гэнэт нэг удаа цохисон. Энэ үед Батаа элгээрээ газар гулжигнаад унаад өгсөн. ...Унахдаа ямар нэгэн зүйл мөргөж унаагүй... тухайн үед Бын нүүр ам нь шалбарчихсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Аягыг газар шидэж хагалсан, би өмнө буруу ярьсан байсан...” /1-р хх-ийн 81-82, 83-84 тал/,

гэрч Э.Лхагвадоржийн “...Тайвангийн гэрт гаднаас миний танихгүй 40 гаруй насны түрийтэй гуталтай, хөх билүү хар өнгийн нэг өмдтэй, дээгүүрээ малгайтай цув өмссөн залуу орж ирсэн. Тэр залуу гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Батаатай нэг гар утасны асуудлаас болж маргаад байснаа учир зүггүй барьцалдаж аваад хоорондоо зодоон хийгээд байсан. Миний харснаар Батаагийн аль билээ нэг шанаан дээр язартал цохиод авсан. Батаа ч бас тэр залууг нилээн хэдэн удаа цохиж авсан ба Баганаа гэдэг залуу хажуугаас нь салгасан. Баганаа “та хоёр найз нөхөд хүмүүс байж айлд зодоон хийхээ болилдоо” гэж хэлсэн ба энэ үед Батаа нөгөө танихгүй зодоон хийгээд байсан залуугаас гар бариад “за за уучлаарай” гэж уучлалт гуйгаад байсан ба тэр танихгүй залуу Батааг хөлөөрөө толгой руу нь өшиглөчихсөн ба тэгээд л Батаа гэнэт ухаагүй болоод унтаад өгсөн. Тэр үед Энхтайван, Алтанцэцэг нар унтаж байсан. Сүүлд сэрсэн харагдсан. Аяга шидэж хагалсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” /1-р хх-ийн 89-90, 91-92 тал/,

гэрч Д.Энхтайваны “...Би архи ууж байгаад тасраад унтсан байсан. Нэг сэрэхэд Б манайд ирсэн байсан. Батаа, Б хоёр хоорондоо маргалдсан байдалтай юм яриад байсан. Б “найзууд байж миний 5,000 төгрөгийн гар утсыг чи авчихсан шүү дээ. 5000 төгрөгөндөө гол биш найзынхаа утсыг авдаг чинь муухай юм даа” гэсэн утгатай юм ярьж байсан. Батаа болохоор “найз нь хэзээ ч хулгай хийдэггүй” гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад ноцолдож байсан. Тэгж байснаа тэр хоёр барилцаж авахаа өөрсдөө больсон. Би тэр хооронд жаахан унтаад өгсөн. Тэгээд би сэртэл Алтанбагана, Аптанцэцэг хоёр “Батааг сонин болчихлоо” гэж байсан. Батаа байшингийн хоймор хэсэгт газарт хөхөрчихсөн байдалтай хэвтэж байсан. Б сандарсан байдалтай гэрийн үүдэн хэсэгт сууж байсан. ...Цагаан шаазан аяга хагарсан байсан. ...Батаагийн духны баруун дээд хэсэгт шалбарсан байсан. Би хальт харсан. Сайн анзаарч хараагүй. Толгой нь бөөн цус нөж болсон байсан...” /1-р хх-ийн 101-102, 103-104 тал/,

гэрч Т.Алтанцэцэгийн “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ...Энхтайван, Батаа, Алтанбагана, Цоож бас нэг танихгүй залуутай 5-уулаа 2 шил архи ...барьчихсан орж ирээд 2 шил архийг нь бид 6 хувааж уусан. Тэгээд би нилээн согтоод Энхтайвантай хамт унтсан. Нэг сэрэхэд Цоож явчихсан, Батаа, Б 2 заамдалцчихсан зогсож байсан. Тэгээд би буруу хараад унтсан. Дахиад нэг сэрэхэд Алтанбагана бид 2 Батаагийн дэргэд суучихсан Батаа газар ухаангүй хэвтчихсэн, Б ширээний хажууд сандал дээр нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэр үед Энхтайван унтаж байсан. ...Нэг мэдэхэд л цагдаа нар ороод ирсэн. ...Батаа, Бтой зодолдоод байх шиг байсан. Яг яаж зодолдоод байгааг хараагүй, заамдалцсан байхыг нь харсан...” /1-р хх-ийн 108-109 тал/,

гэрч Т.Батсуурийн “...2017 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг 30 минутын үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 118-04 тоотод зүс таних Энхтайван, Баганаа нар хамт орж ирээд “утсаа өгч байгаач түргэн дуудъя” гэж хэлсэн. Тэгэхэд Энхтайван нь “хүн амины хэрэг гарчих шиг боллоо, түргэн, цагдаа дуудмаар байна” гэж хэлсэн. Тэгээд 88291202 гэсэн дугаараас 102, 103 дугаарт залгаж дуудлага өгсөн. Энхтайван хэлэхдээ “Бек, Батаа хоёр хоорондоо муудалцаад Бек нь аягаар Батаагийн толгой руу цохитол Батаа босож өгөхгүй, хамаг бие нь хөшчихлөө гэж хэлсэн. Ухаан алдсан юм болов уу, үхчихсэн юм болов уу, мэдэхгүй байна, Баганаа духан дээр нь гараараа дарахад, ус цацсан чинь сэрэхгүй байна...” /1-р хх-ийн 79-80 тал/,

гэрч Ц.Нямаагийн “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг 50 минутанд унтаж амарсан. Унтахаас өмнө 22 цагийн үед манай хойд талын байшинтай айлд хүмүүс шаагилдаад хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Гэрийн эзнийг Энхтайван гэдэг. Ерөнхийдөө бол байнга архи ууж хүмүүс цуглардаг айл байгаа...” /1-р хх-ийн 78 тал/,

шинжээч Н.Туяагийн “...Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой. Харин гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар бага байдаг. Тархины гэмтлээс бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Тархины гэмтлийн улмаас талийгаач нас барсан учраас гэмтлийн улмаас нас барсан гэж үздэг. Дээрх гэмтлийг авснаас хойш хүн ухаан алдах, эсхүл ухаан алдаагүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, гэхдээ ямар цаг хугацаанд хөдөлгөөн хийх нь тухайн хүний физиологийн онцлогоос хамаарах учраас нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврах боломжгүй байсан...” /1-р хх-ийн 123-124 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1893 дугаар “...Талийгаач Л.Э-ын их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, хуйханд цус хуралт, духанд зулгаралт, шанаанд язарсан шарх, хүзүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Талийгаач Л.Э-ын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үйлчилсэн хүчийг тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр Л.Э-ын цогцосноос авсан гэх цусанд 3,5%, шээсэнд 4,2%, ходоодны шингэнд 5,8% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Л.Э- нь их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Л.Э-ын цогцост учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач Л.Э- нь дээрх гэмтлүүдийг авах үед ямар байрлалд байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх биологийн шинжилгээгээр Л.Э- гэх цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117-118 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 5014 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд 5х5мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдэлт, 80 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт, байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12152 дугаар “...Д.Б-ын биед шанаа, хацар, цээж, хэвлий, нуруу, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 145 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-16 тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-19 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Д.Б- нь Л.Э-ын толгойн тус газар нь өшиглөн “...их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз суурийн хэсэгт, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт...” гэмтлийг учруулж, уг гэмтлийн улмаас Л.Э-ын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, Д.Б-од оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялын хэмжээний дотор Д.Б-од 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “...Д.Б- нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр”, 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн...” гэж давж заалдах гомдол гаргасан байх ба Д.Б- нь Л.Э-ын толгой руу өшиглөж Л.Э-ыг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан болох нь хэрэгт бэхжүүлэгдсэн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон тул “онц харгис хэрцгий аргаар” уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Д.Б- хүнийг алах гэмт хэргийг “хохирогчид бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн...” гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн “...нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хөнгөн ял оногдуулсан...” талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүхийн “...Д.Б-ын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...”-ийг Д.Б-ын үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан давж заалдах шатны шүүхээс “...хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...”-ээр шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг зөв тооцож гаргуулахаар заасан байна. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлоос төлөөгүй үлдсэн хохирлыг анхан шатны шүүх 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх заавал хугацаа заах шаардлагагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан журмын дагуу төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж үзэж энэ талаар өөрчлөлтийг магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос 2,858,055 /хоёр сая найман зуун тавин найман мянга тавин тав/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос 2,858,055 /хоёр сая найман зуун тавин найман мянга тавин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож...” гэж тус тус өөрчилж,

           

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ