Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 614

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БМ

Хариуцагч: ГЕГД

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/588 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаал гарснаас хойш хасагдсан үр дүнгийн шагнал, урамшууллыг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын 2017.09.14-ний өдрийн 02-1/3754, 2017.10.13-ны өдрийн 02-1/4219 тоот албан бичгүүдийг ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын байцаагч В.Болормаа боловсруулж, гаалийн улсын ахлах байцаагч би агуулга, эрх зүйн үндэслэлийг хянасан болно.

Тус албан бичгүүдэд гарын үсэг зурах албан тушаалтныг “ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Э.М*******” гэж бичих ёстой байтал “ДАРГА Э.М*******” гэж бичээд гарын үсэг зуруулж явуулсан байсан.

Энэ техникийн алдаа гаргаснаар асуудлын шийдвэрлэлтэд нөлөөлөөгүй, аливаа этгээдэд хохирол учруулаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын хорооны хурал дээр ч хэлсэн болно.

Гаалийн ерөнхий газрын даргын 2016.09.19-ний өдрийн А/15 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гаалийн ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн заавар”-ын 4.1 дэх заалтад “... Явуулах бичгийн агуулга, хэл найруулга, стандартын бүрдлийг боловсруулсан ажилтан хариуцна.” 5.4 дэх заалтад “Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан дотоод журмын дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан байна.

Тус газраас боловсруулсан албан бичгийг ахлах байцаагчийн хувьд хянахдаа агуулга, асуудал шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэлийг хянадаг.

Миний хувьд уг албан бичгийг боловсруулаагүй, стандартын бүрдлийг хариуцах ёсгүй тул албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, сахилгын хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.

Ийнхүү хууль бус шийдвэр гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгэснээс улирал бүр олгогддог ажлын үр дүнгийн шагнал, 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад 1 удаа олгох 300.000 төгрөгийн урамшуулал хасагдсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/588 дугаар тушаалыг гомдлын дагуу хянан үзэж, уг тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн даргад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс 2017 оны 12 дугаар 28-ны өдрийн 1438 тоотоор Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргад шилжүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Асралт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/1108 тоотоор сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариу өгсөн.

УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 19-д “... салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөлд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.” гэж заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн даргад гомдол гаргасан юм.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 539 тоотоор гомдлыг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн хариу өгсөн нь төрийн албаны тухай хууль, УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 19 дэх заалтыг зөрчиж байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/588 дугаар тушаалыг гомдлын дагуу хянан үзэж, уг тушаалыг хүчингүй болгох, энэ тушаал гарснаас хойш хасагдсан улирал бүр олгогддог үр дүнгийн шагнал болон 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад 1 удаа олгох 300.000 төгрөгийн урамшууллыг нөхөн олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М нь тус газрын Гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын
ахлах байцаагч албан тушаалтай бөгөөд ГЕГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/95 тоот “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар Гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын “Б” заалт Чиг үүрэг, 2.Ажлын байрны үндсэн зорилтын 12-т заасан “Гаалийн улсын ахлах байцаагч нь газрын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, ажилтнуудад хариуцсан ажлын чиглэлээр үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах...” гэсэн заалтыг зөрчиж, өөрийн өдөр тутмын удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч В.Болормаагийн боловсруулсан албан бичгийн төслийг хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Үүний улмаас “Гаалийн ерөнхий газар” гэсэн албан тоот /бланк/-ны баталгаажуулах хэсгийн ... ДАРГА ... гэсэн хэсэгт ГЕГ-ын дарга Б.Асралт биш ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газрын дарга Э.Мөнхөө гарын үсэг зурж баталгаажуулан, албан бичгийн алдаатай албан тоотыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн байдаг.

Энэ үйлдэл нь албан тоотын төсөл боловсруулсан гаалийн улсын байцаагчийн үйлдлийг өдөр тутмын удирдлагаар хангах, хянах албан үүрэгтээ Б.Мын хайнга хандсан үйлдэл байх бөгөөд Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтад хамаарч байх тул тус хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.1 дэх заалтад заасан “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж ГЕГ-ын Сахилгын хороо дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл ГЕГ-ын даргын 2016.09.19-ний өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн заавар”-ын 2.7 дахь зүйлийн “б” хэсэг “... Гаалийн ерөнхий газрын албан баримт, бичигт ГЕГД гарын үсэг зурна” гэсэн заалт зөрчигдөхөд, гаалийн улсын ахлах байцаагч Б.Мын албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нөлөөлсөн байна.

Монгол Улсын Улсын Их Хурлын 2017.11.09-ний өдрийн 67 тоот тогтоолоор төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгохоор заасан ба уг тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн Газрын хуралдаан хийж “ЗГ-ын хуралдааны 52 дугаар тэмдэглэл”-ээр Төсвийн шууд захирагч нарт, ...сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй төрийн албан хаагчдад 300,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохгүй... байхаар үүрэг болгосон байдаг.

Иймд сахилгын шийтгэл хүлээсэн Б.Мт 300,000 төгрөгийн урамшуулал олгогдоогүй болно.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.М нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/588 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаал гарснаас хойш хасагдсан үр дүнгийн шагнал, урамшууллыг нөхөн гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/588 дугаар тушаалаар “албан хэрэг хөтлөлтийн стандартыг зөрчиж, баримт бичгийг зохион бүрдүүлэхдээ албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгч Б.М нь “би уг албан бичгүүдийн агуулга болон хууль зүйн үндэслэлийг л хянасан, албан бичгийн бүрдэл, техник стандартыг би хариуцахгүй, техникийн алдаа гарснаар асуудлыг шийдвэрлэлтэд нөлөөлөөгүй, аливаа этгээдэд хохирол учраагүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т “Энэ хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж тус тус заасан байна.

            Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд зөрчлийн шинж байдалд нь тохируулан, зөрчлийн шинж байдлаас шалтгаалан сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн үйлдэл нь нийгмийн хор аюул бага буюу зөрчлийн шинжгүй, ялимгүй бол шийтгэл ногдуулах үндэслэл үүсэхгүй юм.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас буюу Гаалийн ерөнхий газрын 2017 оны № 02-1/3754, № 02-1/4219 тоот албан бичгүүдэд гарын үсэг зурах албан тушаалтны албан тушаалын нэрийг Гаалийн хяналт шалгалтын газрын дарга гэж бичих ёстой байсныг дарга гэж бичсэний улмаас гаалийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн хохирол учраагүй гэж тайлбарлаж байгаатай хариуцагч маргаагүй болно.

            Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасан байна.

Дээрх үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд Б.М нь албан үүрэгтээ хайнга хандсан, гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн болон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/588 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/588 дугаар тушаалын Б.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг тушаал гарснаас хойш олгогдоогүй үр дүнгийн шагнал, урамшууллыг шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хүртэл хугацаагаар тооцож, Б.Мт нөхөн олгохыг ГЕГДд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.Б