Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0494

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д, өмгөөлөгч Д.Д, орчуулагч В.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0334/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “В” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... Учир нь маргаан бүхий акт нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан ба нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байх бөгөөд уг төлбөрийг төлсөн хугацаанаас маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компаниас ямар шалтгааны улмаас төлбөрийг хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах боломжтой гэж шүүх үзлээ...”, мөн “...Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/609 дүгээр албан бичигт MV-001990 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариу өгснийг зөвтгөх боломжгүй байна...” гэж хууль бус дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй үүргийг хамааруулан зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “В” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-001990 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

3.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6  дахь хэсэгт “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

3.5. Нэхэмжлэгч “В” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-001990 тоот тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт зааснаар нэмж 30 хүртэл хоног буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй боловч ээлжит жилийн төлбөрөө дээрх хуульд заасан хугацаанд төлөөгүй байна.

3.6. Анхан шатны шүүх, төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудыг баримтлан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “В” ХХК-д мэдэгдсэн зэрэг үйл ажиллагааг дурдаагүй, төрийн захиргааны байгууллагыг илтэд буруутгах гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” хэмээн 3 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “В” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын “Зүлэгт” нэртэй газарт байрлах MV-001990 дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

3.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “В” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн төлбөр төлөх эцсийн хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр төлөх эцсийн хугацаа болохоос өмнө ээлжит жилийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан гэж үзлээ.

3.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж заасан нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа дуусах сүүлийн өдөр төлөх талаар заасан зохицуулалт биш бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хэдийд ч төлөх боломжтой ба ийнхүү хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

3.5. Мөн анхан шатны шүүх “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/4176 тоот албан бичгээр ирүүлсэн компанийн шинэчилсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 1-д “Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ” гэж заасан, түүнчлэн шүүх хуралдааны явцад тус компанийн фэйсбүүк групп чатад хийсэн үзлэг, тус компанид гэрээний дагуу ажилладаг нягтлан Ц.Н-тэй хийсэн утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл тус компанийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Н.А нь удирдаж, хяналт тавьж ажилладаг” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

3.6. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “...Казакстан улсад үүссэн цаг төрийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр банк санхүү болон харилцаа холбооны доголдол үүсэж хөрөнгө оруулагчтайгаа холбогдож санхүүгийн гүйлгээ хийж чадаагүйгээс үүдэж тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд нь төлж чадаагүй ... дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж MV-001990 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг алданги төлбөрийн хамтаар бүрэн төлж барагдуулах боломж олгож өгнө үү” гэж ерөнхий захирал З.Д[1] хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байна.

3.7. Нөгөөтээгүүр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас[2] үзэхэд гүйцэтгэх удирдлага нь мөн З.Д болох нь харагдаж байна.

3.8. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нэхэмжлэгч “В” ХХК-ийн шинэчилсэн дүрмийн зургаадугаар зүйлийн 1-д “Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ”[3] гэж тус тус заажээ.

3.9. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага болон ерөнхий захирал аль аль нь З.Д байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацааны дотор төлөх боломжтой байсан гэж үзэхээр байна.

3.10. Нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй буюу мэдэгдэл ирүүлээгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заажээ.

3.11. Дээрх хуульд зааснаас үзэхэд хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдож буй талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хүлээх бөгөөд ийнхүү 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид 23 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч “заасан хаягт ийм байгууллага байхгүй” гэх үндэслэлээр буцаагдсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/410 дугаар албан бичгээр нотлогдсон.

3.12. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн нь мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх төдийгүй ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, алдангийн хамт төлбөрөө төлөх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш юм.

3.13. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “В” ХХК-ийн фэйсбүүк групп чатад үзлэг хийж, тус компанийн гэрээт нягтлан Ц.Нарантуяатай утсаар холбогдож гэрчийн мэдүүлэг авсан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 8.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, 37.4-т “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно” гэж тус тус заасныг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх талд,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 194 дэх талд,

[3] 2 дугаар хавтаст хэргийн 199 дэх талд,