Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01575

 

Ц.М, К.Тнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1228 дугаар магадлалтай,

Ц.М, К.Тнарын нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт холбогдох,

Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын байранд, хүүхдүүдийн дэргэд архи ууж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Уг тушаалыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын байранд огт архи уугаагүй, ямар үндэслэл, баримтаар ийнхүү намайг ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаад туйлын гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалын Ц.Мөнхцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Нэхэмжлэгч К.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус цэцэрлэгт 1994 онд цэцэрлэгийн багшаар ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл 2017.12.28-ны өдөр манай байгууллагын шинэ жил 18 цагаас болох бөгөөд эрхлэгч үдээс хойш 12 цагаас өмнө хүүхдүүдээ тараа гэсэн бөгөөд манай ангид энэ өдөр 8 хүүхэд ирсэн байснаас би 12 гэхэд тараасан. Манай ангийн хүүхдийн эцэг болох Батбилэгийн аав Сүмбэрхүү хүүхдээ авахдаа та нарын баярын өдөр биздээ гээд нэг шил 500 грм-тай виски өгсөн. Үүнийг багш Мөнх-Алдар, Ган-Эрдэнэ, Ариунцэцэг, эмч Цэцэгмаа, туслах багш Шинэгэрэл, Тунгалагийн аав Сүхбаатар, Багш Мөнхцэцэг нартай нийлээд амсацгаасан. Үүнээс хойш 2018.01.02-ны өдөр 9 хүн байхад Мөнхцэцэг багш болон нэхэмжлэгч намайг ажлаас халлаа гээд бусдыг нь болохоор сануулах арга хэмжээ авлаа гэсэн. Ингэж ялгаварлан гадуурхсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.М, К.Тнар нь тус 25 дугаар цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багшаар ажилладаг бөгөөд 2017 оны 12 сарын 28-ны өдөр 11.00 цагаас 16.00 цаг хүртэл ажлын цагаар, хүүхдийн цэцэрлэгт, ажлын байранд, бага насны хүүхдийн дэргэд гадны хүмүүстэй, тухайлбал Сүмбэрхүү гэгчтэй нийлж архи ууж, хууль зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан. Ц.М, К.Тнарт ажлын байран дээр архидан согтуурахыг уриалсан, бусдыг архи уулгаж, өөрөө архидан согтуурсан тул зохих хуулийн заалтыг үндэслэж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018.01.02-ны өдрийн Б/03 тоот тушаал гаргаж, хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас халсан юм. Ажлаас халсан үндэслэл нь хуульд нийцсэн бөгөөд хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.М, К.Тнарын Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018.01.02-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М, К.Тнарын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Ц.Мөнхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1228 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Цацралтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1228 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд дараах нэр бүхий иргэд багш Ц.Мөнхцэцэгийг архи уусан эсэх, уусан байсан эсэх талаар мэдүүлэг өгсөн. Үүнд: Д.Батциен /тогооч/ багш Ц.Мөнхцэцэгийг архи уусныг хараагүй, н.Эрдэнэчимэг /арга зүйч нийгмийн ажилтан/ багш Ц.Мөнхцэцэгийг архи уусныг хараагүй, уусан байх гэж бодсон. н.Цэцэгмаа /эмч/ багш Ц.Мөнхцэцэгийг архи уусан гэж бодсон. Б.Сүмбэрхүү /К.Туяа багшийн ангийн хүүхдийн аав/ би виски архи хундаглаж байсан, багш Ц.Мөнхцэцэг архи уугаагүй, буцаагаад өгсөн. О.Дэлгэрсайхан /2017 оны 12-р сарын 28-ны өдөр цэцэрлэгийн шинэ жилийн арга хэмжээнд зориулж багш, ажилчдын үс засаж, нүүр будсан үсчин гоо сайханч/ багш Ц.Мөнхцэцэгийн үсийг засахад архи үнэртээгүй, хэрэглээгүй байсан. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс багш Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу юм. Мөн нэхэмжлэгч К.Туяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглоно” мөн хуулийн 7.2-т заасныг хариуцагч зөрчиж, нэг өдөр, нэг ажлын байранд ижил төрлийн зөрчил гаргасан хэд хэдэн этгээд байхад нэхэмжлэгч К.Туяагаас бусдад нь сануулах сахилгын арга хэмжээ авч болсон атлаа гагцхүү К.Туяатай цэцэрлэгийн эрхлэгч нь өмнөх хоорондын таарамжгүй харьцаан дээр тулгуурлан түүнийг үзэл бодлоор нь ялгаварлан, өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан болон давж заалдах шатны ШҮҮХ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ ойлголтоороо бусад ажилтантай барьцах, тэдэнд ч мөн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа бус харин 2 ахмад багш нарынхаа өндөр насны тэтгэвэрт гарахад үлдсэн хугацаа, бусад нөхцөл байдлыг харгалзаж энэрэнгүй хандалгүйгээр шийдвэр гаргасан ажил олгогчийн үйлдэл нь өөрөө ялгаварлан гадуурхаж буй мэт ойлгоход хүрснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1228 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.М, К.Тнарын “...ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Б/03 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч нарыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.3.2, дах заалтыг баримтлан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч нар 2017 он 12 дугаар сарын 28-ний өдөр ажлын байранд архидан согтуурсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд тэднийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “... нэг өдөр хамт архи уусан бусад хүмүүст сануулах арга хэмжээ авсан” гэх гомдол нь нэхэмжлэгч нарыг ажлаас халсныг буруутгах үндэслэл болохгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Цацралтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ