Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1164

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт М.Бөд холбогдох эрүүгийн 2008012861417 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... дугаар орцны жижүүр ажилтай, ам бүл 2, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн 433 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1996 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн 403 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан,

Архангай аймгийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үлдсэн 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг 441 дугаартай шүүгчийн захирамжаар /хуулийн тэгшитгэлээр/ ял эдэлсэнд дүйцүүлэн тооцож, ялаас чөлөөлсөн,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, П овогт М.Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцонд иргэн И.Нгийн Самсунг эс 9 загварын гар утас болон хэтэвчтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.957.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эд зүйл болох хэтэвчтэй эд зүйлийг орцны хаалганы тэнд унасан байхад нь олж авсан, мөн 2 давхрын шалан дээр гар утас нь унасан байхад авсан. Үлдэгдэл хохирлоо төлж барагдуулна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн И.Нгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 10х/, Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14х/, хохирогч И.Нгийн мэдүүлэг /хх-ийн 19х, 22х/, гэрч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 26х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ц-168, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ц-1298 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32х, 36-38х/, шүүгдэгч М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 65х, 68-72х/ шүүгдэгч М.Бийн мэдүүлэг /хх-ийн 46-49х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцонд иргэн И.Нгийн согтуурсан байдлыг далимдуулан түүний Самсунг эс 9 загварын гар утас болон хэтэвчтэй эд зүйлсийг /1900,000 вон, 90,000 төгрөг, банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.957.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч И.Нгийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод байрны 2 найз П, Э нартай уулзаагүй удсан байсан болохоор гэрийн урд талын Номин супермаркетаас 0.75, 0.5 литрийн савлагаатай 2 шил архи аваад гэртээ ороод хувааж уусан. Архиа ууж юм ярьж сууж байгаад шөнийн 01 цагийн орчимд гурвуулаа гэр гэртээ орохоор гарцгаасан юм. Уг нь манай найзууд намайг “чи эндээ унтчихаач” гэж хэлсэн боловч эхнэр хүүхдээ хадмынд байлгаж байсан болохоор хадмынхаа гэрт очиж хонохоор гэрээсээ гарсан. Би орцонд тамхи татаж байснаа л санаж байгаа юм. Тэгээд өглөө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот хадмынхаа гэрт сэрсэн чинь миний утас, түрийвч зэрэг эд зүйлс байхгүй болчихсон байсан. Би түрийвчээ байнга өмднийхөө баруун хойд талын халаасанд урд түдүүлнээсээ төмөр гинжээр холбож авч явдаг юм. Гэтэл түрийвч маань байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад эхнэрээсээ “би хэзээ ирсэн юм бэ” гэж асуусан чинь “чамайг шөнө 03 цаг өнгөрч байхад цагдаа нар оруулж ирж өгсөн” гэж хэлсэн. Би тэгэхээр нь босоод гэртээ утсаа орхичихсон юм болов уу гэж бодоод гэртээ болон машиндаа үзсэн, байхгүй байсан. ...Би уг нь өмдний урд хэсгээс холбоотой байдаг гинжээр хэтэвчнийхээ нэг буланг нь цоолоод хийчихсэн байсан. Гэтэл гинж нь огт тасраагүй байсан. Тэгэхээр миний хэтэвчийг цоолж хийсэн байсан хэсгээр нь сэт татаад авчихсан гэсэн үг. Угаасаа яаж ч бодсон миний гар утас, хэтэвч хоёр зүгээр гээгдэхгүй. Хэн нэгэн салгаж авч байж л надаас алдагдсан байж тараад байгаа юм. Самсунг эс-9 маркийн гар утас, хэтэвч, хэтэвч дотор Хаан банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, бэлнээр 90.000 төгрөг, 1.900.000 вон зэрэг эд зүйлс байсан. 1.900.000 вон нь болохоор миний 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Солонгос улсад нэг сар ажилласан ажлын цалин болох 2.500.000 воноос замдаа 100.000 воныг нь хэрэглээд, үлдсэн 2.400.000 воноос нь 500.000 воныг нь төгрөгөөр солиулаад 1.900.000 вон нь яг миний хэтэвчинд үлдсэн байсан нь юм. Харин 500.000 воныг нь байрандаа засвар хийлгэх гээд төгрөгөөр солиулаад 1.140.000 төгрөг болсноос материал зэрэг эд зүйлс аваад хэтэвчинд бэлэн үлдсэн нь 90.000 төгрөг байсан. Би 800.000 воныг тухайн үеийн ханш болох 2.28-аар бодож үзэхэд 1.824.000 болж байсан түүн дээр хэтэвчинд байсан 90.000 төгрөгөө нэмээд буцааж авсан мөнгө болох 620.000 хасаад бодож үзэхэд 1.294.000 төгрөгийн зөрүү гарч байсан. Мөн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан, Хас банкны виза карт, хэтэвч зэрэг эд зүйлсийнхээ Тэнцвэр Эстимэйт компанийн үнэлгээний мөнгөн дүнг нэмээд нийтдээ 1.354.800 төгрөгийг миний бие одоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х, 22х/,

Гэрч Н.Нын: “...Би нөхрийгөө 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө биедээ ямар эд зүйлстэй явж байсныг нь сайн мэдэж байна. Манай нөхөр Н хар өнгийн Самсунг Эс-9 маркийн гар утастай, утас нь гадуураа хавтсан гэртэй, мөн хэтэвчиндээ 2020 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд Солонгос улсад ажиллаж байгаад бэлнээр 2.500.000 вон авчирснаас үлдэгдэл 1.900.000 вон болон бэлнээр 90.000 төгрөг бас виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ц-168 дугаартай: “...Самсунг s9 гар утас-550.000 төгрөг, Самсунг s9 гар утасны кейс-15.000 төгрөг, иргэний үнэмлэх-18.300 төгрөг, жолооны үнэмлэх-12.500 төгрөг, эрэгтэй түрүүвч-20.000 төгрөг, нийт-615.800 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ц-1298 дугаартай: “...Хаан банкны карт-5000 төгрөг, Хас банкны карт-5000 төгрөг, нийт-10.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-38х/,

Монгол банкны зарласан ханшийн лавлагаа: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Солонгос улсын мөнгөн дэвсгэрт болох 1 вон нь 2.28 төгрөг байсан тухай” хх-ийн 55х/ 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “М.Бөөс 20.000 төгрөгийн дэвсгэрт-31 ш =620.000 төгрөг, БНСУ-ын вон 50.000 воны дэвсгэрт-22ш= 1.100.000 вон буюу 2,508,000 төгрөг, самсунг эс-9 маркийн хар өнгөтэй гар утас-1ш, /... имей кодтой/ зэрэг нийт 3.603.000 төгрөгийн эд зүйлийг хураан авч, хохирогч И.Нд хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 13-14х/,

Шүүгдэгч М.Бийн: “...Миний бие 2020 оны 01, 02, 03 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцонд жижүүрээр ажилладаг байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө 03 цагийн үед жижүүрийн өрөөндөө байж байтал манай 2 давхрын оршин суугч хүрч ирээд “Энэ хоёр давхарт нэг согтуу залуу хаалга андуурсан бололтой, хаалга тогшоод байна” гэхээр нь би дээшээ яваад очтол 2 давхрын шатан дээр нэг согтуу залуу унтаж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчхөөд цагдаа ирэх хооронд орцны үүдэн дэх цасыг цэвэрлэх гээд гартал орцны үүдэнд нэг ширхэг гар утас, хэтэвч хоёр байхаар нь өөртөө нууцаар авчихсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь уг залууг цагдаа нарын хамтаар 3 дугаар орцон дахь гэр лүү хамт оруулж өгсөн. Бүх зүйл болж дууссаны дараа хэтэвчээ гаргаж ирээд хартал дотор нь хэдэн бэлэн төгрөг, баахан вон байсан. Воноос нь хэдийг нь төгрөг лүү шилжүүлээд үрчихсэн. Үлдсэн 620.000 төгрөг, 1.100.000 вон зэргийг нь гар утастай нь хамт буцааж өгсөн. Хэтэвч болон хэтэвчин дэх үнэмлэх зэргүүдийг нь тухайн үед хогийн саванд хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн агуулгаас үзвэл, тэрбээр хохирогчийн эд зүйлийг хаяж гээгдүүлсэн, газар унасан байхад нь авсан хэмээн мэдүүлсэн хэдий ч хохирогч И.Н нь энэ байдлыг үгүйсгэж, “өмдний урд хэсгээс холбоотой байдаг гинжээр хэтэвчнийхээ нэг буланг нь цоолоод хийчихсэн байсан. Гэтэл гинж нь огт тасраагүй байсан. Тэгэхээр миний хэтэвчийг цоолж хийсэн байсан хэсгээр нь сэт татаад авчихсан гэсэн үг. Миний гар утас, хэтэвч хоёр зүгээр гээгдэхгүй, хэн нэгэн салгаж авч байж л надаас алдагдсан байж тараад байна” хэмээн мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдсан, улмаар шүүгдэгч М.Бөөс хохирогчийн эд зүйлс гарч ирснийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн зэрэг баримттай байх тул шүүгдэгчийг “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн болно. Өөрөр хэлбэл,

Шүүгдэгч М.Б нь хохирогч И.Нгийн согтуу байдлыг нь далимдуулан гар утас, хэвтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч өөртөө захиран зарцуулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, М.Бийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч И.Нд нийт 4.957.800 төгрөгийн хохирол учирсан байх ба үүнээс хохирогчид 620.000 төгрөг, 1.100.000 вон буюу 2.508.000 төгрөг, самсунг эс-9 маркийн хар өнгөтэй гар утас-1ш зэрэг нийт 3.603.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгсөн байх тул үлдэгдэл /4.957.800-3.603.000=/1.354.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч И.Нд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...”зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй буюу тэрбээр гэмт хэрэг үйлдсэн цагаасаа хойш жижүүрийн  ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан хэмээн мэдүүлсэн ч хохирогчийн хохирлыг төлж барагдуулах талаар санаа санаачилга гаргаагүй, мөн цаашид ямар эх үүсвэрээс хэрхэн, яаж,  ямар хугацаанд төлж барагдуулах талаар байр сууриа тодорхой илэрхийлээгүй, шүүгдэгч М.Б хувийн байдлын хувьд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, өмнө нь 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ч засарч хүмүүжээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 10 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. П овогт М.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 10 (арав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөөс нийт 1.354.800 (нэг сая, гурван зуун тавин дөрвөн мянга, найман зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч И.Нд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ