Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1017

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2002003150276 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Х” ХХК-д түлшний нярав ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ийн Б /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” үсчингийн газарт иргэн С.О-ийн түүний гар утас гэж андуурч өгсөн хохирогч Т.Б-ийн эзэмшлийн Самсунг нөүт-8 загварын гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 498.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Б цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх 3/,

2. Хохирогч Т.Б-ийн:

“...Өдрийг нь сайн санахгүй байна. 10 дугаар сарын 10-ны өдөр юм уу, 11-ний өдөр байх Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөөгийн хойд талд байдаг 9 давхар цэнхэр байрны 4 дүгээр байрны өргөтгөлд О гэдэг нэртэй үсчингийн газарт ажлаа хийж байгаад 14 цагийн үед байх хамт ажилладаг С эгчтэй цайндаа гарахаар болоод үсчингийн газраа хаагаад 16 цагийн үед эргэж ирсэн байх. Ирэхэд манай ажлын газрын О эгч нэг залуугийн үсийг засаад зогсож байсан. Намайг орж ирмэгц үсээ засаж дууссан, нөгөө залуу гараад явсан. Өөр хүн байгаагүй. Би цайндаа гарахдаа өөрийнхөө гар утсыг өөрийнхөө үсчиний сандал дээр үснийхээ алаг боолттой тавиад үлдээсэн. Тэгээд олдохгүй байхаар нь өөрийнхөө гар утас руу залгахад дуудаж байгаад холбогдохоо больчихсон. О эгч дээр үсээ засуулж байсан залуу бэлэн мөнгө байхгүй, АТМ-с мөнгө аваад ирье гэж гараад 5-10 минутын дараа орж ирсэн бөгөөд тэр залуу гарсаны дараа миний гар утас унтарсан. Би утасныхаа дууг хаасан байсан. Тэр залууг мөнгөө өгчихөөд явсны дараа О эгч би энэ сандал дээр байсан үсний боолттой гар утсыг үс засуулсан саяны эрэгтэй хүнд өгөөд явуулсан, тэр хүний гар утас юм байх гэж бодсон юм гэж хэлээд тэр залуугийн дугаар руу залгахад утсаа аваад би өөрийнхөө утсыг аваад явсан гэж хэлсэн. Тэгэхэд нь О эгч би чамд тэр боолт дээр нь тавьсан хар утсыг өгсөн, миний утасыг авч ирж өгөөч ээ гэхэд би аваагүй гэж хэлээд тасалсан. Ингээд цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Алдсан гар утас маань 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Өргөө” кино театрын гар утас худалдааны төвөөс 600.000 төгрөгөөр шинээр худалдаж авч байсан Самсунг нөүт 8 /Samsung note 8/ загварын хар өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19/,

3. Гэрч С.О-ийн:

“...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. Намайг гэртээ байж байхад над дээр үсээ байнга засуулдаг залуу над руу 00000000 дугаараас миний гар утас руу залгаад үсээ засуулъя үүдэнд чинь байна гэхээр нь би гэрээсээ гараад ирэхэд салоны үүдэнд нөгөө залуу зогсож байсан. Тэгээд салон хаалттай байхаар нь би түлхүүрээрээ онгойлгоод дотогш ороод өөрийнхөө үс засдаг сандал дээр байсан нөмрөгөө аваад суулгах гэтэл сандал дээр нэг утас, үсний боолттой байхаар нь май энэ утсаа ав, чиний утас уу гээд өгөхөд за гээд тэр залуу аваад суусан. Тэгээд үсээ засуулаад залуу бэлэн мөнгө алга, АТМ орж мөнгө авч ирж өгье гээд гарсан ба 10-15 минутын дотор л орж ирж надад 6000 төгрөг өгсөн. Намайг хаалга онгойлгож орж ирээд тэр залуугийн үсийг засаж байхад тэр залуугаас өөр хүн манай салоноор орж ирээгүй. Тэгээд маргааш нь ажил дээр байж байтал Б орж ирээд би нээрээ сандал дээр гар утсаа тавьчихсан байсан юм байна гэж хэлэхээр нь би нээрээ сандал дээр байсан хар өнгийн утсыг үсний боолттой нь тэр залууд авч өгсөн гээд тэр залуугийн утас руу залгахад утсаа авахгүй болохоор нь хэд хэдэн мессеж бичсэн. Тэгээд тэр залуу утсаа аваад ярихаар нь би чамд өчигдөр хүний утас өгсөн байна гэхэд би аваагүй, миний гар утас байсан, би үсээ угаалгахдаа сандал дээр тавьсан байсан гэхээр нь чи орж ирээд л үсээ угаалгаагүй байхад би чамд утас өгсөн, чамд боолттой хамт өгсөн гэхэд би боолтыг нь сандал дээр тавьсан гэж хэлсэн. Би бол өгсөн гэдгээ санаад байна. Харин тэр залуу боолтыг нь сандал дээр тавьсан гэж хэлсэн мөртлөө утас нь минийх гээд гүрийгээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 4/,

4. “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 12-14/,

5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 22/,

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” үсчингийн газарт иргэн С.О-ийн түүний гар утас гэж андуурч өгсөн хохирогч Т.Бадамхорлоогийн эзэмшлийн Самсунг нөүт-8 загварын гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 498.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Т.Б-оос цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл,

-Хохирогч Т.Б-ийн мэдүүлэг,

-Гэрч С.О-ийн мэдүүлэг,

-“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан,  

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл,  

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Б.Б нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Б-ийн эзэмшлийн Самсунг нөүт-8 загварын гар утсыг завшиж хохирогч Т.Б-д 498.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гар утсыг нь биет байдлаар нь буцаан өгсөн байна. Иймд хохирогч Т.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчид прокурор, яллагдагч нарын тохиролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 300 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005031221672 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.