Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2017/00030/И |
Дугаар | 488 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 488
2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/00488 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Уурхайчдын гудамжид байрлах, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 29 дүгээр байр, 1-45 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 31 настай, Халибин овогт Ганбатын Мөнхзул /РД:СФ86110601/
4.941.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү, хариуцагч Г.Мөнхзул, түүний өмгөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь Г.Мөнхзулыг эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эрх олгох сургалтанд суралцуулахаар тохирч Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 386 дугаар тушаалаар мэргэжил олгох сургалтанд суралцах 2 жилийн хугацаанд ТҮЭМ-4-1 дүгээр зэрэглэлээр сард 465.446 төгрөгийг 50 хувиар бодож 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр олгохоор тохирч Г.Мөнхзулыг АШУҮИС-ийн мэргэжил олгох сургалтанд суралцуулж түүнийг суралцах хугацаанд нь байгууллагын төсвөөс 4.941.942 төгрөгийг цалинд олгосон юм. Мэргэжил эзэмших сургалтанд суралцах эмч, мэргэжилтэнтэй байгуулах гэрээгээр хариуцагч сургалтаа төгсөөд 5 жил Найлах дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах, энэ хугацаанд сурсан 2 жилийн оруулж тооцно гэж заасан боловч хариуцагч Г.Мөнхзул 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллахаар болж ажлаа орхин явсан. Г.Мөнхзул Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй тул түүнээс цалинд олгосон 4.941.942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй мэргэжил эзэмшихээр суралцах хугацаанд цалинжуулах тухай тушаалаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох курст суралцах болсон. Улмаар тус төвийн даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 386 тоот тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн 50 хувиар цалинжиж суралцсан. Гэрээгээр сургуульдаа суралцаагүй, мэргэжлээрээ ажиллаагүй бол суралцаж байсан хугацааны цалинг буцаан нэхэмжилнэ гэж заасан. Би сургуулиа төгсөөд өөрийн мэргэжлээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд туршилтын 2 сарын хугацаанд ажиллах тушаалаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй тул 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй. Энэ үйлдлээ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга болон удирдлагад хэлээгүйдээ уучлал хүсч байна. Надтай хийсэн туршилтын 2 сарын гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн гэрээ байгуулаагүй. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь хариуцагч Г.Мөнхзулд холбогдох 4.941.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь тухайн орон нутагт нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтнийг эзэмшсэн мэргэжлээр нь тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор хариуцагч Г.Мөнхзултай мэргэжил эзэмших сургалтанд суралцах эмч, мэргэжилтэнтэй байгуулах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ.
Мэргэжил эзэмших сургалтанд суралцах эмч, мэргэжилтэнтэй байгуулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Гэрээгээр ажил олгогч Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь гэрээнд зааснаар цалин олгож, суралцагчийн суралцсан мэргэжлийн дагуу ажлын байр, багаж тоног төхөөрөмжөөр хангах, суралцагч Г.Мөнхзул нь сургалтын дараа үндсэн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ 5 жил ажиллана, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тохиолдолд цалинтай холбоотой бүх зардлыг эргүүлж бүрэн хэмжээгээр төлөхөөр тус тус тохиролцож түүнийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 386 дугаар тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн цалинг ТҮЭМ-4-1 зэрэглэлээр 465.466 төгрөгний 50 хувиар цалинжуулан олгосон байна.
Г.Мөнхзул нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сар хүртэл сургуульд суралцаж төгсөөд, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/164 тушаалаар төрөх эмэгтэйчүүдийн тасагт эмчлэгч эмчээр туршилтын 2 сарын хугацаагаар томилогдон ажилласан боловч өөрийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар гэрээгээр тохирсон хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл эзэмшсэн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “Хамтын гэрээнд зааснаар цалин олгогдсон, мэргэжлээрээ Амгалан амаржих газар эмчээр ажиллаж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг боловч ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь хариуцагчтай тохиролцон орон нутагт хэрэгцээ шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэж эзэмшсэн мэргэжлээр нь тогтвор суурьшилтай ажиллуулж, суралцах хугацааны цалинг хамтын гэрээний 5.3-т зааснаар Г.Мөнхзултай Мэргэжил эзэмших сургалтанд суралцах эмч, мэргэжилтэнтэй байгуулах гэрээг урьдчилан байгуулж цалинг 50 хувь олгосон. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Г.Мөнзул сургалтын дараа үндсэн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ 5 жил ажиллах үүрэгтэй, энэ хугацаанд өөр газар мэргэжлээр ажиллахыг энэ хугацаанд оруулж тооцохоор талууд тохиролцоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч Г.Мөнхзул нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаагүй тохиолдолд сургалтын зардлыг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн үүргийн эрх зүйг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч Г.Мөнхзулаас 4.941.942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Мөнхзулаас 4.941.942 төгрөгийг гаргуулан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Мөнхзулаас 94.021 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА