Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Э.Н-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Ж.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн 2024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *төрсөн, 37 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * тоот хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж.Ө /РД:*/.

Шүүгдэгч Ж.Ө нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 7 дугаар сарын 31-ний шөнийн 22-23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 16 дугаар гудамжны 1602 тоот хашааны гаднаас Д.Б-н эзэмшлийн “5G Gold-Эко” гэсэн бичигтэй хөх өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Б-т 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ө нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний шөнийн 22-23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 16 дугаар гудамжны 1602 тоот хашааны гаднаас Д.Б-н эзэмшлийн 5G Gold-Эко гэсэн бичигтэй хөх өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Б-т 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

-2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Gold-Эко” маркийн цэнхэр өнгийн, улсын дугааргүй мотоциклийг Ж.Ө-с хураан авч, хохирогч Д.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,

-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой өөрийн хүү Б.Б-г сумын төв рүү 5 G Gold-Эко маркийн цэнхэр өнгөтэй мотоциклтой явуулсан. Тэгсэн маргааш өглөө нь утсаар залгаад би мотоциклоо хулгайд алдчихлаа гэсэн. Уг мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Би 2020 оны 6 дугаар сарын 10-дын орчимд 1,980,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан юм. Мотоциклоо 1,950,000 төгрөгөөр үнэлнэ. Хулгайд алдсан мотоциклоо олоод авчихсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд Нэгдсэн эмнэлгийн урд талд “5 G Gold-Эко” маркийн цэнхэр өнгөтэй мотоциклтой ганцаараа явж байтал бензин нь дуусаад унтарсан. Тэгэхлээр нь түрж явсаар байгаад Хөгжлийн 16 дугаар гудамжны 16-1602 тоот хашааны гадна талд данхраадаж тавьчихаад найзынх руугаа явсан. Тэгээд тэднийд очиж хоночхоод өглөө 05 цагийн үед мотоциклоо авах гээд ирсэн чинь алга болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад манай найз Б.Б гаднаас орж ирээд хөдөөнөөс орж ирээд явж байтал мотоцикл бензингүй болоод гудамжинд данхраадаж орхичхоод ирлээ гэсэн. Тэгээд манайхаас хоол унд идчихээд бид нар унтацгаасан. Өглөө 05 цаг болж байхад босоод мотоциклоо асааж ирнэ гээд гарсан боловч удаачгүй буцаж орж ирээд миний мотоцикл алга болчихсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

-Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний шөнө гэртээ унтаж байхад манай нөхөр Ө манай ахынд очиж архи ууна гээд гарсан. Тэгэхлээр нь яах гээд байгаа юм бэ, унтаач гэж хэлсэн. Миний үгийг сонсолгүй гараад явсан. Нэлээн байж байснаа орж ирээд амбаарын түлхүүр аваад гарсан. Тэгээд орж ирээд унтсан. Маргааш өглөө нь би босоод чи шөнө яах гэж амбаарын түлхүүр авч гарсан юм бэ гэж асуухад манай найзын мотоцикл эвдрээд амбаартаа хийчих гээд мотоциклоо надад өгөхөөр нь хийсэн гэж хэлсэн.  Тэгээд харсан чинь амбаарт 5 G Gold-Эко маркийн цэнхэр өнгөтэй мотоцикл хийчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

-“5 G Gold-Эко” маркийн шинэвтэр мотоциклийг 1,900,000 төгрөгийн үнэтэй болох талаарх мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ж.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Д.Б-н мотоциклийг хулгайлж 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ж.Ө-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ж.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ө-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Ж.Ө-н гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Ж.Ө нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.Ө-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ж.Ө-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.

7.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ө-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН