Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 499

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00499

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 40 дүгээр байранд байрлах “Далт” сууц өмчлөгчдийн холбоо

 Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 18 дугаар байр 14 тоотод оршин суух, 1972 онд төрсөн 45 настай, Боржигон овогт Сэрээтэрийн Бямбарагчаа /РД-ЧР72072219/

            744.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Нарансайхан, хариуцагч С.Бямбарагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Далт” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Далт” сууц өмчлөгчдийн холбоо нь 1999 онд байгуулагдаж оршин суугч иргэдийн тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. “Далт” сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу дундын өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал хариуцаж, түүнд засвар үйлчилгээ хийхээс гадна байрны өдөр тутмын ашиглалт,цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хийж ажилтан ажилчдыг удирдлагаар ханган оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлж ажиллаж байна. Манай холбооны байрууд 1983 онд ашиглалтанд орсон ба дээврийн их засвар хийгдээгүй 30 жил болсон байдаг.  2003-2013 онд 18 дугаар байранд сууц өмчлөгчдийн холбоо өөрийн хөрөнгөөр боломжийн хирээр засвар хийж байсан боловч  дээвэр гоождог үед ч иргэн С.Бямбарагчаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлдөггүй шалтаг шалтгаан тоочдог байсан учраас төлбөрөөс удаа дараа чөлөөлж хөнгөлөлт үзүүлж байсан. 2014 онд улсын төсвөөр их засвар хийж, дээврийн ашиглалт сайжирсан боловч иргэн С.Бямбарагчаа нь мөн засвөр үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын мөнгийг төлөлгүй өдий хүрсэн. Төлбөр төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэл, албан бичиг хүргүүлж, гэрийн бүх хүнд өдөр бүр шахам хэлж ойлгуулдаг боловч одоо хүртэл төлбөр төлөөгүй байна. Энэ нь холбооны дундын өмчийн эд хөрөнгийн цахилгаан, дулаан, жилийн төлөвлөгөөт болон урсгал засвар,материалын зардал, үйлчлэгч жижүүр, удирдлагын цалин  зэрэг зардлууд бусад байрны айл өрхийн мөнгөнөөс төлөгдөж байгаа учир гэж үзэж байна. Оршин суугч С.Бямбарагчаа нь 2013 оны 165840 төгрөг, 2014 оны 184350 төгрөг, 2015 оны 191040 төгрөг, 2016 оны 203040 төгрөг нийт 744270 төгрөг төлөөгүй тул оршин суугч С.Бямбарагчаагаас 744270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Нарансайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 544.270 төгрөгөөс татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийг хариуцагч С.Бямбарагчаа нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч С.Бямбарагчаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 544.270 төгрөгөөс татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийг миний бие 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Далт сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.270 төгрөгөөс татгалзаж, 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Бямбарагчаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Далт сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Бямбарагчаад холбогдуулан 744.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.270 төгрөгөөс татгалзаж, 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Бямбарагчаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо, хариуцагч С.Бямбарагчаа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22413 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбарагчаагаас 6650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.270 төгрөгөөс татгалзаж, 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Бямбарагчаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22413 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбарагчаагаас 6650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА