Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 958

 

                             

 

 

 

 

 

 

 

2020             11           04                                     2020/ШЦТ/958

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч  А.Ариунаа /томилолтоор/

хохирогч Д.С-

шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2003000000318 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 72 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа, Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо Зуун-Модны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:/ З овогт Р.М.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

-Р.Д нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын баруун талын “Toyota Probox” маркийн 18-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч -Р.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирогчид 5.720.000 төгрөг өгсөн. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би энэ осолд орсноос болж наркозтой хагалгаанд орсон. Миний нүүрний тэгш хэм алдагдаж, зүүн талын хацар мэдээгүй болж толгой маш их өвддөг болсон. Хэрэгт эмчилгээ болон шатахууны зардалд нийт 5.729.763 төгрөгийн баримт гаргасан.  Шүүгдэгч надад 5.729.763 төгрөг өгсөн.  Одоо би ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинд  нийлээд 4.200.000 төгрөг нэхэмжилж байгаагаас листээр цалингийн 75 хувийг авсан. Үүнээс үлдэх 25 хувийг нэхэмжилнэ. Элма хужирт рашаан сувилалд сувилуулсан 10 хоногийн 510.000 төгрөг, хацартаа тариа хийлгэсний 90000 төгрөг  бусад эм  тарианд зарцуулсан 362.250 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн  сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ.  Цаашид гоо сайхны хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна” гэв. 

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч -Р.Дыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

       Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч -Р.Д  нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Богд-Ар хорооллын баруун талын “Toyota Probox” маркийн 18-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч -Д.С мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

    

        Эдгээр байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

       зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4-10/

       хохирогч Д.С- мөрдөн байцаалтанд “2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутын үед цайны цагаараа хүнтэй уулзчихаад Грес төвийн эмнэлгээс ажил руугаа явж байхад Богд-Ар хорооллын арктай шар байрны зүүн талын замаар явган хүний гарцаар гарч байхдаа урдаас хойш чиглэлийн шулуун замаар машин байгаагүй харин зүүнээс хойшоо эргэх замаар нэг машин эргэх гэж байсан тэгэхдээ нэлээн зайтай харагдаж байсан, тэгэхээр нь амжаад гарчих байх гэж бодоод явж байтал тас няс гээд явчихсан нэг мэдсэн зам дээр хамраас цус гарчихсан сууж байсан, нүд бүрэлзээд юм  харахгүй байсан тухайн үед манараад байж байсан юм шиг байна лээ. Тэгэхэд дэргэдүүр явж байсан хүмүүс хүүе ээ наад хүнээ хурдан эмнэлэг аваад яваач гээд хашгиралдаад  байсан. Тэгсэн жолооч бууж ирээд надад алчуур авчирч өгөөд намайг босгоод машиндаа суулгаад явсан. Тэгээд би төмөр замын эмнэлэгт ажилладаг юм тийшээ очъё гээд төмөр замын эмнэлэг дээр очсон. Тухайн үед хамгийн ойрхон эмнэлэг л тэр байсан. Би зам руу орох үедээ утсаар яриад явж байсан.  Тэгэхдээ тэр машиныг эргэх үйлдэл хийхээс нь өмнө харсан байсан. Миний хамрын яс хугарсан, нүүрний зүүн талын хэсэг цөмөрсөн, зүүн талын хацар тэр чигээрээ цус хуралттай, зүүн нүдний доод ухархайн яс хугарсан. Ослын улмаас учирсан гэмтэл бэртлийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө зэргийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

Яллагдагч -Р.Д мөрдөн байцаалтанд “2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Toyota Probox” маркийн 18-96 УНМ улсын дугаартай автомашин жолоодоод Төмөр замын Дүүхээ төвөөс баруун тийш яваад Вокзалаас хойш ирдэг зам руу баруун тал руу эргэнгүүт тухайн замаар хөндлөн гарч утсаар ярьж явсан эмэгтэй хүнийг машиныхаа урд талын зүүн урд талын гуферээр мөргөөд нөгөө хүн зам дээр сөхрөөд суучихсан юм. Тэгээд би буугаад ирэхэд тэр тэр хүн өмнөөс босоод ирсэн тэгсэн чинь л хамраас нь цус гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд сугадаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явах гэтэл тэр хүн өөрөө Төмөр замын эмнэлэг орно гэж хэлэхээр нь Төмөр замын эмнэлэг оруулаад үзүүлчхээд дараа нь гэмтэл явж үзүүлсэн юм... Цаг агаар цэлмэг, уулзвар чөлөөтэй байсан. Баруун талд нэг хар өнгийн машин зогсож байгаад ухрах арааны гэрэл нь асаад жоохон ухарсан, тэгэхээр нь би миний урдуур ухрах юм болов уу гэж бодоод зог тусаад зогстол тэр машин бас зогсчихсон. Тэгэхээр нь би урагшаа ухасхийгээд дараад эргэж байхад зүүн талдаа хүн мөргөсөн тухайн үед би тэр ухрах үйлдэл хийх гээд байсан машин руу ер нь анхаарлаа шилжүүлчихсэн байсан байна лээ. Явган хүний гарцтай байсан тул миний буруутай үйлдэл, мөн миний анхаарал болгоомжгүй байдлаас болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9287 дугаартай “-Д.С биед зүүн, баруун гайморын хөндийн урд болон гадна хана, зүүн нүдний ухархайн дээд, доод дотор хана, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний салст, хамрын нуруу, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүү хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 /

 

Сиди бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлд“...тухайн бичлэг нь нийт 1 минут 11 секундийн бичлэг байх бөгөөд бичлэг нь ямар нэгэн он, сар, өдөр, цаг хугацааны тэмдэглэгээгүй байна. Бичлэгийн 00:09 дэх секундэд ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш чиглэлтэй цагаан өнгийн цамц хар өнгийн өмдтэй хүн зорчих хэсгийн баруун зүүн талдаа явган хүний гарцны тэмдэгтэй, явган хүний гарцны тэмдэглэлгүй хэсгээр зорчих хэсэг рүү алхаж орж байна. Мөн 00:09 секундэд цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл зүүн талаас уулзварт нэвтрэн хойш эргэх үйлдэл хийж 00:11 секундэд урдаас хойш чиглэсэн зорчих эрхийн хэсгийн эгнээнд явган зорчигч мөргүүлэн унаж байна. 00:23 секундэд цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж мөргүүлэн явган зорчигч дээр очиж түшиж босгон машинд суулгаад 01:04 секундэд хөдлөөд явж байгаа болохыг харуулсан байсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13/

 

Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр “...Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр  хэмжилт хийж шалгаж үзэхэд урд талын тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн, баруун гар талын холын гэрлийн тусгал, дугуйнуудын  хээний гүн, зогсоолын тоормос, зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна...Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормоснууд стандартын шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-90/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-79/, хохирлын баримтууд /хх-ийн 17-26/, эмнэлгийн хуудас /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                 

        Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд -Р.Д тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч -Д.С мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч -Р.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч -Р.Дыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

         Шүүхээс шүүгдэгч -Р.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

-Р.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо баримтын хүрээнд нөхөн төлсөн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч -Р.Дын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу 72 настай, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, холбогдсон хэргийн талаар шударгаар мэдүүлж буй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч -Р.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Түүнчлэн тухайн зүйл хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялгүй ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 72 настай хувийн  байдлыг харгалзан мөн хүний болон өөрийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -Р.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоов.

 

Хохирол хор уршгийн тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохиролтой маргаж оролцсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр гаргасан эмчилгээний баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан нийт 4.508.130 төгрөгийн, хохирогчийн ажилгүй байсан 2 сарын хугацааны цалингийн зөрүүд 1.088.934 төгрөг нийт 5.597.064 төгрөгийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байх ба шүүгдэгч -Р.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч -Д.С хохиролд 5.729.763 төгрөг нөхөн төлсөн байна. Иймд нотлох баримтын хүрээнд хохирогчийн эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн гэж үзнэ.

 Хохирогчийн нэхэмжлэлээс шатахууны зардалтай холбоотой нийт 513.900 төгрөг, amway бүтээгдэхүүний 349.983 төгрөг, Элма хужирт сувилалд сувилуулсны 510.000 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй,  хацарт тариа хийлгэсэн гэх 90.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй,  шүдний 720.000 төгрөгийн баримт нь  хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд шүдэнд гэмтэл учирсан талаар дурдагдаагүй байх тул хэрэгт хамааралгүй үндэслэлээр шүүх нийт 2.183.883 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Хохирогч сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.  Энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

        Хэрэгт хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хяналтын прокуророос -Р.Дын жолооны үнэмлэхийг  шүүхэд хэргийн хамт ирүүлээгүйг дурдаж байна.

 

Шүүгдэгч -Р.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 1 жилийн хугацаагаар хассантай холбоотойгоор шийтгэх тогтоолын хувийг гүйцэтгэх хуудасны хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. З овогт Р.М авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч -Р.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар -Р.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

        4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч -Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолын хувийг  гүйцэтгэх хуудасны хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Хохирогч Д.С- цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч -Р.Даас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Р.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ