Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Б-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 2024000390028 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.П нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч улсын яллагч Б.С нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг хэлэлцүүлэх учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн учир шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 40 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, * оршин суудаг, урьд *шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Ч.П /РД:*/.

Шүүгдэгч Ч.П нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн хороо 19-18 тоот хашааны гаднаас иргэн Л.М-ны эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн хороо 19-18 тоот хашааны гаднаас иргэн Л.М-ны эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Иргэн Л.М-с 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “2020 оны 6 дугаар сарын 05-ны орчим Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 18-19 тоот хашааны гаднаас улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио алдлаа” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

-Хохирогч Л.М-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 05-ны орой Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн хороо 19-18 тоот хашаанд байх хадам дүүгийндээ өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклтой очоод хашааных нь гадна найз П-н мотоциклийн урдаас харуулж данхраадаж тавьчхаад гэрт нь орж юм хийж байгаад 22 цаг өнгөрч байхад гарч ирээд явах гэсэн чинь миний эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл алга болчихсон, харин найз П-н мотоцикл байж байсан. Тэгээд хэн аваад явчихдаг юм бол гэж бодоод гудамжаар явж хайгаад олоогүй. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Бадамсэд ах би өглөө Улиастай орох гээд явж байх замдаа 2 хүн нэг мотоцикл овоолгоотой шорооны цаагуур түрж хийчихээд Т-н буюу Э-н машинд суугаад Улиастай сум орохыг нь дагаж яваад Улиастай суманд очсон. Тэгээд сонгуулийн гэр ачаад буцаж ирэх замдаа нөгөө мотоцикл байсан газар очиж үзэхэд улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоцикл байхлаар нь зургийг нь дараад ирлээ гээд надад зураг үзүүлсэн. Тэгээд тэр утсан дээрх зургийг үзсэн миний мотоцикп мөн байхлаар нь би М, П, А болон таны хамт явж очоод нөгөө мотоцикл байсан гэх газрыг хайж олоод үзэхэд миний мотоцикл мөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

-Гэрч С.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчимд Тосонцэнгэл сумын Хайрхан багийн тоот хашаанд байх найз М-д гал тогооны тавилга угсралцахаар өөрийн эзэмшлийн хар өнгийн Чансаа маркийн 01-89 ЗАЗ улсын дугаартай мотоциклиор, харин М өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклтой бид хоёр мотоциклоо урд урдаас харуулж данхраадаж тавьчихаад М-н гэрт орж юм хийж байгаад ажлаа дуусгаад 22 цаг өнгөрч байхад явах гээд М, М бид гурав гараад ирсэн М-ны эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

-Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би Т, П хоёрыг манай гэрт ирээд гал тогооны тавилга угсралцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Т, П хоёр 21 цаг орчимд ирээд бид гурав манай гал тогооны тавилгыг угсарч дуусаад нөгөө хоёр явах болоод би гаргаж өгөх гээд гурвуулаа манай гэрээс гараад ирсэн чинь Тайваны унаж ирсэн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикл алга болчихсон байсан. Тэгээд бид гурав П-н мотоциклтой ойр хавийн гудамжаар хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50 дугаар хуудас/,

-Гэрч В.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний өглөө Тосонцэнгэл сумын чиглэлд Сонгуулийн хэсгийн хороонд барих гэр ачиж ирэх ажлаар 05:30 цагт явсан. Тэгээд Загастайн даваа уруудаад явж байхад 2 хүн овоолгоотой шорооны араар мотоцикл түрж хийчихээд зам тосоод миний урд явж байсан машины жолооч Т-г зогсоож машинд нь суугаад явсан. Миний таньдаг дүү Т 6 сарын 05-нд мотоциклоо алдсан гэж бодоод аймгийн төв рүү ороод машинаас буухад нь нөгөө 2 хүний зургийг гар утсан дээрээ дарж авсан. Тэгээд сонгуулийн хэсгийн хороон дээр барих гэрээ аччихаад буцаж явахдаа нөгөө 2 хүний дайгдаж суусан газар очиж Т-н хамт нуусан мотоциклийг үзээд мотоциклийн зургийг нь дарж аваад Тосонцэнгэл суманд ирээд Тг дуудаад үзүүлсэн чинь мөн байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас/,

-Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 6 дугаар сарын 09-ний өглөө 06 цагт Тосонцэнгэл сумаас Улиастай сумын чиглэлд...машинаар явсан. Тэгээд Загастайн даваа уруудаад явж байхад Яруу сум салдаг уулзварын зүүн талд 2 хүн гар өргөсөн, би тухайн үед ганцаараа явж байсан болохоор зогсоод уулзсан чинь мотоциклийн бензин дуусчихлаа, мотоциклоо овоолгоотой шорооны цаана нуугаад тавьчихлаа аймаг ормоор байна гэж хэлсэн тэгэхлээр нь нөгөө хоёр хүнийг суулгаад Улиастай сумын төв рүү орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55 дугаар хуудас/,

-Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өглөө аймгийн прокурорын газарт бэлэн бай гээд би замын унаа тосоод сууж байтал танихгүй дугаараас П залгаад чи Нөмрөг суманд хүрээд ир би чамайг мотоциклтой очоод аваадахья гэсэн. Тэгээд би Нөмрөг суманд очоод гуанзанд сууж байтал П улаан өнгийн хятад мотоциклтой ирсэн. Тэгээд бид 2 колонкоос бензин хийгээд аймаг руу хөдөлсөн. Замд явж байхад цас орж шуураад байхлаар нь Загастайн даваа давж нэг айлд хоночихоод цаашаа явж байтал мотоциклийн бензин дуусчихлаар нь нөгөө мотоциклоо замын дээд талын ухсан нүх рүү хийчихээд зам тосоод зогсож байсан чинь аймгийн төвөөс Тосонцэнгэл сум руу гэр ачих гэж байгаа гээд нэг хоосон портер маркийн машин ирсэнд дайгдаад аймгийн төв рүү орсон...П миний найзын мотоцикл байсан юм, харамсах юм алга, би удахгүй олоод авчихна гэж хэлээд л буцаад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

 

-2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд төв зам дагуу 152 км орчим зайд засмал замын дээд эрэг дээр овоолгоотой шорооны хойд хэсгээс улаан өнгийн Мустанг-5 маркийн никель карлантай, кропны таган дээрээ вени гэсэн бичигтэй, хойд талын хөлийн гишгүүр хэсэгт лист төмөр гагнасан, аккумляторын дагуу урд талын хөтлөгчний таг нь хагарсан хуучин мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-19 дугаар хуудас/,

-2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Мустанг-5” маркийн 150 мотортой, никель карлантай, улаан өнгөтэй, хар өнгийн суудлын бүрээстэй, буруу талын кропны таган дээрээ “Вени” гэсэн бичигтэй, хойд талын хөлийн гишгүүрийн хэсэгт лист төмөр гагнасан, аккумляторын таггүй, урд талын хөтлөгчний таг хагарсан, кундактор, банкны таг эвдэрсэн шинж тэмдэгтэй мотоциклийг хохирогч Л.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

-Ч.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн тосонцэнгэл сумын дэлгүүрүүд байдаг хэсгээс ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байгаад айлын хашааны үүдэн дээр байсан Мустанг-5 маркийн улаан өнгөтэй мотоциклийг өөрийнхөө халаасанд байсан мотоциклийн түлхүүрээр тааруулж асааж унаж явсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Би өөрийн хулгайлсан мотоциклиор Завхан аймгийн нөмрөг сум орж П-г аваад Завхан аймгийн төв рүү явсан. Би тухайн үед П-д Тосонгоос найзынхаа мотоциклийг гуйж аваад явж байна гэж хэлсэн. П бид хоёр Загастайн давааг зүүн талаас нь даваад явж байтал мотоциклийн бензин дууссан. Тэгээд ойрхон байсан овоолттой шорооны ард мотоциклио хүний нүднээс далд нууж тавиад, зам дээр гар өргөж замын унаанд дайгдсан. П бид хоёр хөх өнгийн бонго маркийн машинд дайгдаж аймгийн төв орсон. Аймгийн төв ороод хоёр хоногийн дараа нөгөө хээр үлдээсэн мотоциклийг авах гээд очтол алга болсон байсан. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

-Яллагдагч Ч.П-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

-2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрч В.Б-н LG маркийн, хар өнгөтэй гар утаснаас хуулбарлаж авсан гэх 3 ширхэг фото зураг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

-“Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг 600,000 төгрөгийн үнэтэй болох талаарх мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ч.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Л.М-ны мотоциклийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ч.П-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.П-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.П-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-н цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Ч.П нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ч.П нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулж буй хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхийг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.П-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.П-д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-н цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

5. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.П-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхийг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

7. Шүүгдэгч Ч.П-с энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН