Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

2020              11          02                                             2020/ШЦТ/949                      

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Д.Үүлэн

шүүгдэгч -Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2005000001608 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Их уудам говь ХХК-нд ажилладаг, ам бүл , эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Хужирбулангийн  дугаар  хэсэг,  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:/ У овогт -Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

-Б.М нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын орчим хохирогч -Н.Ц маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд сэтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч -Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураараа эвлэрч хохиролд 6.000.000 төгрөг төлсөн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна” гэв.

      

 

 

           Хавтаст хэргээс хохирогч -А.Ц мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 06-нд Өмнөговь аймгийн  Цогтцэций сумаас найз -Б.Мын хамт Улаанбаатар хот руу 16 цагийн үед замын унаагаар гарсан бөгөөд замдаа -Б.Мын хамт 1 шил аураг гэх 0,75 литрийн архи аваад уусан  бөгөөд тэр архиа дуусгаад замдаа нэмж нэг шил 0,5 литрийн архи аваад уугаад явсан ингээд бид нар шөнө 23 цагийн үед Улаанбаатар орж ирсэн бөгөөд хот руу орж ирсэн унаанаас буугаагүй явж байх үедээ -Б.М бид хоёр 5 шарын орчим  машин дотор сууж байхдаа маргаж эхэлсэн. Энэ үед -Б.М намайг нэг удаа гараараа амны дээд хэсэг рүү цохисон  бөгөөд энэ үед миний амнаас цус гараад уруул сонин болоод явсан гартаа юм барьсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Ингээд хамт ирж байсан машины жолооч миний гар утсыг аваад манай эхнэр Батчимэгт мэдэгдээд намайг -Б.Мын хамт гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтэл ороод үзүүлэхэд уруул сэтэрсэн байсан бөгөөд гэмтэл нэлээд оочиртой байсан тул гараад өөр хувийн эмнэлэгт үзүүлэхээр болсон тэгээд тэнд уруулдаа 13 оёдол тавиулсан. Манай найз -Б.М согтуу байсан болохоор цагдаа нар авч яваад дараа нь сураг тавьж асуухад ар гэрт нь даалтад өгсөн гэж хэлсэн бөгөөд маргааш нь өглөө босоод би эхнэр Батчимэгийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өг гэж хэлээд өргөдлөө бичээд явуулсан гэтэл эхнэр шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийлгээд ирсэн байсан тул шүүх эмнэлэгт орж үзүүлээд харьсан. Би гэртээ хариад байж байхад манай найз -Б.М над руу залгаад уучлалт гуйгаад уулзахаар болсон бөгөөд маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 07-нд уулзсан тэгээд надад эмчилгээний зардал мөнгө гаргаж өгөхөөр болоод хохирол барагдуулж өгсөн. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/        

      

           Яллагдагч -Б.М мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 06-нд өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хамт ажилдаг найз -А.Цы хамт замын унаанд суугаад явсан. Бид хоёр замдаа хоёр шил 0,75 литрийн архи аваад хамт хувааж уусан ингээд орой 22 цагийн үед Улаанбаатар  хотод ирсэн бөгөөд 5 шарын автобусны буудал өнгөрч хотын төв рүү явах замдаа найз -Ц бид хоёр үл ялих зүйлээс болоод маргаж байх үедээ найз -Цы ам орчим нэг удаа гараараа цохисон гэтэл -Цы амнаас нэлээд цус гараад эхэлсэн бөгөөд хамт явсан жолооч бид хоёрыг гэмтлийн эмнэлэг хүргэж өгөөд явсан. Бид хоёр эвлэрээд гэмтэл дээр байх үед -Цы эхнэр -Ч гэх эмэгтэй ирсэн ингээд эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад цагдаагийн хэсэг рүү авч явсан. Тэгээд тэнд байж байгаад намайг ирж авах хүн байвал дууд гэхээр нь эхнэрээ дуудсан бөгөөд батлан дааж авсан тэгээд маргааш нь найз -Цтай уулзах гэж гэрт очсон боловч намайг оруулаагүй бөгөөд утсаар нэлээд залгасны дараа цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргаж байна гэж хэлсэн. Би өөртэй нь уулзаад эмчилгээ энэ тэр хэрхэн яаж хийх талаар асуухад уруул сэтэрсэн гоо сайхан алдагдсан гээд байсан баримтаар надаас 800.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11563 дугаартай “-А.Цы биед дээд уруулд сэтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/  зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүхийн дүгнэлт:

-Б.М нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын орчим хохирогч -Н.Ц маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд сэтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...найз -Ц бид хоёр үл ялих зүйлээс болоод маргаж байх үедээ найз -Цы ам орчим нэг удаа гараараа цохисон гэтэл -Цы амнаас нэлээд цус гараад эхэлсэн бөгөөд хамт явсан жолооч бид хоёрыг гэмтлийн эмнэлэг хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-21/,

хохирогч -А.Цы “...машин дотор сууж байхдаа маргаж эхэлсэн энэ үед -Б.М намайг нэг удаа гараараа амны дээд хэсэг рүү цохисон  бөгөөд энэ үед миний амнаас цус гараад уруул нээх сонин болоод явсан гартаа юм барьсан байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Улсын яллагчаас -Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос -Б.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч -Б.Мыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч -Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч -Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг -Б.Мт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

        1. У овогт -Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч -Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

        4. -Б.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ