Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Д.С,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн 2024000540038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн,  төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИГ регистрийн дугаартай Ө овогт Д.С.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.48 метр куб түлээний мод бэлтгэж, ойн санд 725.276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос 2 метрийн урттай, 50 ширхэг мод бэлтгэсэн үйл баримт нь:

Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Тосонцэнгэл сумын төвд надтай уулзаад “Би Нам мод гэх газраас мод хийх гэсэн юм надад морины туслалцаа үзүүлээч” гэж гуйхаар нь морь өгөхөөр болсон юм. Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн им, тамга байхгүй бор зүсмийн морийг Д.С-д өгсөн. Харин манай найз Д.С 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний морийг буцааж өгөхдөө “Оргих багийн нутаг Нам мод гэх газраас 2 метрийн урттай хэдэн мод хийлээ” гэж хэлсэн. Гэхдээ миний хувьд тэр моднуудыг нь очиж үзэж хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 25, 26-ны үед адуунд явж байгаад Оргих багийн нутаг Майнтын өвөлжөө гэх газарт өөрийн хадам ах Д.С-н гэрт очсон. Намайг очиход Д.С өвөлжөөнийхөө урд талын “Нам мод” гэх газрын ойгоос хэдэн мод хиймээр байдаг чи надтай хамт хийлцэх үү гэхээр нь би зав муутай учир чадахгүй байх гэж хэлээд өнгөрч байсан юм. Харин дараа нь би 2020 оны 07 дугаар сарын 01, 02-ны үед мөн хадам ахынд очиход Д.С “Нам мод” гэх газарт 2 метрийн урттай хэдэн мод ганцаараа хийчихлээ чи өөрийнхөө “Серес” машинаараа ачаад өгөөч гэж байсан юм. Би тухайн үед хадам ахад миний машины мост нь эвдэрчихсэн ачиж өгч амжихгүй байх гээд хэлж байсан юм. Д.С-н мод хийсэн газарт очиж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч Л.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд намайг байхгүй хойгуур Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос мод хийж бэлтгэсэн байсныг би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нөхрөөсөө сонсож мэдсэн. Манай нөхөр надад ярихдаа 2 метрийн урттай 50 ширхэг, хуурай бөөрөнхий модыг ойгоос хийж бэлтгэсэн гэж хэлсэн юм. Би гэрээсээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Идэр сумын ямаат гэх газар луу хуримд яваад 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирсэн юм. Харин намайг хуримд явах үеэр манай нөхөр Д.С өөрийн найз Базар гэх хүнтэй утсаар яриад морь өгөөч мод хийх гэсэн юм гээд байсан юм. Тэгсэн манай нөхөр өөрийн найз Базараас нэг морь авч мод хийсэн байсан. Гэхдээ би ямар зүсмийн морь авсныг мэдээгүй. Би нөхрийнхөө мод хийсэн газарт очиж модыг нь үзэж хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 12-15/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Д.С нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос 2 метрийн урттай, 50 ширхэг түлээний модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн болох нь:

 

Гэрч Д.Б-н: “...Хадам ах Д.С “Нам мод” гэх газраас хийсэн модондоо ямар нэгэн эрхийн бичиг гоожин аваагүй. Сумын төв рүү тээвэрлэх үедээ гоожин бичүүлж авна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.М-н: “...Манай нөхөр Д.С нь гоожингүй мод хийгээд цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. ...Манай нөхөр ойгоос мод бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг гоожин авалгүй бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч Л.Б-н “...Иргэн Д.С-н зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй....” гэсэн мэдүүлэг /хх 28/,

Гэрч С.Б-н “...Би байгаль хамгаалагчаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж байгаа 2020 онд Оргих багийг хариуцаж ажиллаж байна. С нь надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлгээр /хх 34/ тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.С-н “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй 2 метрийн урттай, 50 ширхэг хуурай модыг ганцаараа хийж бэлтгэсэн. Би тухай моднуудыг бэлтгэхдээ босоо хуурай 4 ширхэг мод унагасан. Газарт унасан байсан 6 орчим хуурай модноос 2 метрийн уртаар тайрч бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Нам мод” гэх газрын ойгоос 2 метрийн урттай, 50 ширхэг модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн болохыг нотолж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С-н дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 725,276 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-н 2020 оны  07 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай “...Д.С-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар, 2 метрийн урттай түлээний бөөрөнхий мод байна. Оргих багийн нутаг Нам мод гэх газар нь сумын ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг, Д.С-н ойгоос хийж бэлтгэсэн дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 161,892 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг, бэлтгэсэн 4,48м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 725,276 төгрөг байна...” гэсэн /хх 44-45/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнд холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.С-н ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 50 ширхэг түлээний хуурай мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.С-н 4.48 метр куб хар мод бэлтгэсний улмаас байгаль экологид учирсан 725,276 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,175,828 төгрөгийн хохирлоос 725,276 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохиролд 725,276 төгрөг төлсөн болохыг дурдаад, шүүгдэгчээс хохиролд 1,450,552 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлөх талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас гүйцсэн морь нь иргэний нэхэмжлэгч Ж.Н-н өмчлөлийнх болох нь гэрч Л.М-н “...Д.С өөрийн найз Ж.Н /Б/ гэх хүнтэй утсаар яриад морь өгөөч гээд байсан. Дараа нь манай нөхөр өөрийн найз Ж.Н /Б/-аас нэг морь авч мод хийсэн гэж байсан....” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Нэргүйн “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн им, тамга байхгүй бор зүсмийн морийг Д.С-д өгсөн. Д.С нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний морийг буцааж өгөхдөө “Оргих багийн нутаг “Нам мод” гэх газраас 2 метрийн урттай хэдэн мод хийсэн гэсэн. Би 13 настай морио 500,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...Би найз Базар буюу Ж.Н-с морийг гуйж модоо цагаалсан. Морь Ж.Н-н өмчлөлийнх бусад хөрөө, уяа нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас гүйцсэн морь нь 500,000 төгрөгийн үнэтэй болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Н-н “...Би 13 настай морио 500,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “...Бор хүрэн зүсмийн морь үнэ 500,000 төгрөг...” гэсэн /хх 51-52/ магадалгаагаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг хууль ёсны өмчлөгч Ж.Н-д олгож, морины үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч Д.С-с гаргуулж улсын орлого болгож,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай, 50 ширхэг 4.48 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цахилгаан хөрөө, 2 метрийн урттай, 50 ширхэг 4.48 м3 түлээний хуурай модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.80 метрийн урттай 2 ширхэг цагаан өнгийн уяаг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Д.С-г хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Д.С-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгж  буюу 450,000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 725,276 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-с хохиролд 1,450,552 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг хууль ёсны өмчлөгч Ж.Н-д олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 500,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай, 50 ширхэг 4.48 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.80 метрийн урттай 2 ширхэг цагаан өнгийн уяаг устгасугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай, 50 ширхэг 4.48 м3 түлээний хуурай модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ