Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1127

 

      2020          10          23                                         2020/ШЦТ/1127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Г.А..............гс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Г............нгийн А..............гсийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01391 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г............нгийн А..............гс, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 4 дүгээр сарын 18-ны төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................... суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.А..............гс нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ...................... баруун талд байрлах ажилчдын хоол хийх зориулалтаар баригдсан монгол гэрийн гадаа иргэн Б.П............нг “нэмж архи уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд “...зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.П............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Мөнхийн мэлмий” ХХК-нд барилгын ажил хийдэг. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12а байрны баруун талд байрлах эсгий гэрт очиж ажлын газрын залуучуудтай уулзсан. ...намайг очиход ажлын газрын хүмүүс бүгд байсан. Тэгээд бид нар 1 шил виски уугаад манай ажлынхан явцгаасан. ...бид хоёрыг гэрийн гадна зогсож байтал манай ажлын захирал Г.А..............гс гэх хүн ирээд яах гэж нэмж архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа цохисон...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч А.Ш.........гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай захирал П............нг цохисон гэх сураг сонсогдсон. Тухайн өдөр би архи нэлээд уусан болохоор юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10848 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар нарийссан, тэмтрэхэд эмзэглэлтэй.

2020.9.22-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографын шинжилгээнд: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавтантай. ...Зүүн талын нүдний ухархай дотор хана 2,8см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийд +42HU нягтралтай шингэнтэй. Зүүн нүдний ухархайн дотор эслэг зайд хий тодорхойлогдоно. Баруун талын нүдний ухархайн дотор хана 1,0 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,6см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. ...Зүүн нүд, шанаа болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд хий тодорхойлогдоно...ДҮГНЭЛТ

1. Б.П............нгийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20),

4. Шүүгдэгч Г.А..............гсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед...Мөнхийн мэлмий ХХК-ний ажилчид хоол идэх зориулалтаар барьсан гэрт очсон. Тэгээд би тухайн гэр рүү ортол манай барилга дээр ажилладаг П............н, Тайван, Төгсбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би П............нд хандаж одоо гэртээ харьж амар гэж хэлчхээд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал танихгүй дугаараас над руу залгаад танай ажилчид архи уугаад зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад ажилчдын гэрт очсон. ...тэгтэл П............н “би архи уулгасан юм уу” гэж орилоод байхаар нь би нүүр рүү нэг нэг удаа цохисон...Би эхэлж нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Дахиж зодож цохисон асуудал байхгүй...надад гомдол санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 74), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 80), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 79),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 87), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 38, 39-65) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.А..............гсөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.А..............гс нь “Мөнхийн мэлмий” ХХК-ийн захирлаар ажиллан барилгын дулаалгын ажил гүйцэтгэхээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байсан байна. Дээрх барилгын дулаалгын ажлыг явуулахдаа ажилчдын хоол хийх зориулалт бүхий монгол гэрийг мөн хорооны 12а байрны баруун талд барин үйл ажиллагаагаа явуулж байхад тус компанийн ажилтан Б.П............н нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус газар архидан согтуурсныг Г.А..............гс нь таслан зогсоож, архи нэмж уулаа гэх шалтгаанаар 23 цаг 50 минутын орчим Б.П............нгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан болох нь:

 - Хохирогч Б.П............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Мөнхийн мэлмий” ХХК-нд барилгын ажил хийдэг. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12а байрны баруун талд байрлах эсгий гэрт ...ажлын газрын ...хүмүүстэй ...1 шил виски уугаад манай ажлынхан ...явцгаасан. ...бид хоёрыг гэрийн гадна зогсож байтал манай ажлын захирал Г.А..............гс гэх хүн ирээд яах гэж нэмж архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч А.Ш.........гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай захирал П............нг цохисон гэх сураг сонсогдсон. Тухайн өдөр би архи нэлээд уусан болохоор юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10848 дугаар дүгнэлт “...1.  Б.П............нгийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20),

- Шүүгдэгч Г.А..............гсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед... манай барилга дээр ажилладаг П............н, Тайван Төгсбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би Б.П............нд хандаж одоо гэртээ харьж амар гэж хэлчхээд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал танихгүй дугаараас над руу залгаад танай ажилчид архи уугаад зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад ажилчдын гэрт очсон. ...тэгтэл Б.П............н би архи уулгасан юм уу гэж орилоод байхаар нь би нүүр рүү нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.А..............гс нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи нэмж уулаа” гэх сэдэлтээр хохирогч Б.П............нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Б.П............нгийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Г.А..............гсийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.П............н нь эмчилгээний зардалд баримтаар 120.000 нэхэмжилснийг  шүүгдэгч Г.А..............гс нь төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.А..............гсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.А..............гс нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А..............гс, хохирогч Б.П............н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.А..............гсийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.А..............гсөд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0000 01391 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.