Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0400/З |
Дугаар | 619 |
Огноо | 2018-10-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 619
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю.Э
Хариуцагч: ХУДЗДТГД
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Б/603 /Сахилгын шийтгэл ногдуулах тухай/, 2018 оны 2 сарын 01-ний өдрийн Б/36 /Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай/, 2018 оны 2 сарын 09-ний өдрийн Б/55 /Ажлаас чөлөөлөх тухай/ дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013-2017 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнээр, 2017-2018 онуудад Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан юм.
2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын дарга нар албан тушаалд томилогдсоны дараагаас эхлэн хуучин ажиллаж байсан албан тушаалтануудтай нэг баг болж ажиллахгүй гэсэн хуульд байхгүй нэр томъёогоор шударгаар ажиллаж байсан хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, арга хэмжээ авах зэргээр хэлмэгдүүлэх болсон.
Үүний нэг жишээ нь миний бие бөгөөд дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаар захирамжийн дагуу Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ нь “Оттентал” ХХК-тай 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн бараа нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг би байгуулаагүй байхад үнэтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан гэсэн огт үндэслэлгүй зүйлийг шалтгаан болгож ажлын хариуцлага алдсан гээд 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Б/603 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг надад оногдуулсан байсан. Уг арга хэмжээний талаар надад мэдэгдээгүй. 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг 2017 оны 12 сарын 15-ны өдөр дүгнэхэд би 83.3 буюу В үнэлгээ авч, гэрээ дүгнэсэн үнэлгээний хуудсанд Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл уг баталгаажуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээний хуудас болон үр дүнгийн гэрээний биелэлтэнд надаар гарын үсэг зуруулж авсаны дараа надад мэдэгдэхүйгээр үнэлгээг бууруулан бичсэн байсан. Бүх албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, Тамгын газрын даргын 2017 оны 12 сарын 15-ны өдөр №Б/619 дугаар тушаалаар гэрээний урамшуулал олгогдох болсон. 2017 оны 12 сарын 19-ний өдөр нийт ажилтан албан хаагчдад гэрээний урамшуулалын мөнгө олгогдсон.
Миний урамшуулалын мөнгө орж ирээгүй тул хүний нөөцийн албанаас асуухад тодорхой хариу хэлээгүй. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газраас Төрийн албан хаагчдад олгосон 200,000 төгрөгийг тараасан боловч надад өгөөгүй учир шалтгааны талаар хүний нөөцийн албанаас асуухад чамайг “сахилгын арга хэмжээтэй” гээд гэрээний урамшуулал болон 300,000 төгрөгийг олгоогүй гэсэн хариуг амаар хэлсэн.
Ингэж би сахилгын арга хэмжээ авагдсан тухайгаа болон үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар мэдэж, Төрийн албаны төв зөвлөлд “сахилгын арга хэмжээ болон үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээний талаархи гомдлыг 2018 оны 1 сарын 12-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан талаар 2017 оны 12 сарын 21-ний өдөр мэдэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2018 оны 1 сарын 12-ны өдөр ТАЗ-д хандсан.
Төрийн албаны төв зөвлөлөөс гаргасан гомдлынхоо хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг тооцож 2018 оны 2 сарын 9-ний өдөр орчим асуухад шалгаж байгаа гэсэн хариуг хэлсэн ба, 2018 оны 3 сарын 7-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсэн тухай надад мэдэгдсэн.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл гомдлыг шалгаад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэснийг болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллгааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 6.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж 2018 оны 3 сарын 26-ны өдөр 43 дугаар тогтоолыг гаргасан. Би дээрхи 43 дугаар тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гардаж авсан.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/32 дугаар захирамжаар миний эрхэлж байсан байгал орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний албан тушаалыг “тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн”, “байгал орчин, агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 албан тушаал болгон өөрчилсөн.
Миний ажиллаж байсан албан тушаалын ажлын байрыг 2 салгаж өөр, өөр албан тушаал болон өөрчлөгдсөн ч би мэргэжлийн хувьд болон төрийн албанд ажилласан жил, хариуцаж байсан мэргэжилтний хувьд ч аль нэг албан тушаалын ажлыг эрхлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл дээрхи надад мэдэгдээгүй, хууль зөрчсөн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Б/603 тоот тушаал болон зориуд бууруулан дүгнэсэн үр дүнгийн гэрээг үндэслэн (Байгаль орчин ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн) албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны дотоод зохион байгуулагчаар 2018 оны 2 сарын 1-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар томилж хууль
зөрчсөн.
Ингэж миний ажиллаж байсан албан тушаалыг 2 өөр болгон салгаж өөрсдийн хүнийг томилохдоо “тангараг өргөөгүй, төрийн албаны хуульд заасан шаардлагыг хангахгүй” хүнийг томилж мөн л Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Би дээрхи 2018 оны 2 сарын 1-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдолд гаргасан хугацаанд Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболдын 2018 оны 2 сарын 9-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас халж миний эрх ашгийг дахин хөндөж, ажилгүй болгосон. Иймд 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Б/603 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг, Ажлаас чөлөөлж ажил томилох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 2 сарын 1-ний өдрийн Б/36 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх
хэсгийг, Ажлаас халах тухай 2018 оны 2 сарын 9-ний өдрийн Б/ 55 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ХУДЗДТГД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/32 дугаар захирамж батлагдан гарсантай холбогдуулан:
Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн сахилгын зөрчил гаргасан тул Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Юурагийн Энхтунгалагийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Зохион байгуулагчаар томилсон болно. Гэвч Ю.Э нь томилогдсон ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэлгүй шалтгаангүйгээр ажил тасалсан тул түүнийг Төрийн албаны тухай хууль, “Засаг даргын Тамгын газрын дотоод журам”-ыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас нь халсан болно.
Иймд Ю.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю.Эийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын бүтэц хийж, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан байгаа. Иймээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны зохион байгуулагчаар томилсон. Тэгээд ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Сахилгын шийтгэл ногдуулсныг судлаад үзэхэд манай хэлтэс болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал буруу гарсан гэж бодож байна. Яагаад гэхээр аудитын дүгнэлт байхгүй. Мөн сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар, сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сарын дотор ажилдаа орно гэсэн үндэслэлээр үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Ю.Э нь ажиллаа шаардлагын төвшинд хангалттай сайн хийдэг байсан. Өндөр үнэтэй бараа материал худалдаж авсан гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/603 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг аудитын шалгалтаар тогтоосон гэсэн нотлох баримт байхгүй, уг сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээг хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, ёс зүйн хорооны дүгнэлтээс харагддаг. 2016 оны ээлжит сонгуулиар Хан-Уул дүүргийн Засаг дарга солигдож өөрсдийн хүмүүсээ авч улмаар хэлтсийн дарга нар нь солигддог. Мөн 60 тэрбум төгрөгтэй холбоотой мөнгө авсан хүмүүс ажилд ордог. Мөнгө авсан хүмүүсээ ажилд аваад ажиллуулахын тулд хууль бусаар ажлаас халсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Нэгэнт сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нэг зөрчилд 2 арга хэмжээ авч албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй. Б/603 тоот тушаалын гаргах үндэслэлгүй. Анхан шатны нэгжийн даргаас Ю.Э нь хангалттай үнэлгээ авсан. Дараагийн шатны дарга 70% С гэсэн үнэлгээ өгсөн ч энэ нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан бусад 5 хүнтэй хамтран Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Ю.Эийг халах үндэслэлгүй, учир нь өргөдөл гомдол гаргах эрхтэй. Уг эрхээ эдэлж байхад нь ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй атлаа ажил тасалсан гэсэн. Ю.Эийг хорооны зохион байгуулагчаар албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, уг албан тушаалд ажиллах боломжгүй, зөвшөөрөхгүй байхад нь ажлаас халсан. Дээрх үндэслэлүүдээр уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт олон хүн өргөдөл гаргасан. 2018 оны 07 дугаар сард хуулийн хэрэгжилт хангах тухай Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийсэн. Үүнд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй гэсэн дүгнэлтээр мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ю.Эийг ажлаас халсан арга хэмжээ авсан, албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хугацааны хувьд 01 дүгээр сарын 12-ны өдөр эхний тушаал гаргасантай холбоотойгоор маргалдаж байхад дараагийн тушаал 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Иймээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Ю.Э нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Б/603 /Сахилгын шийтгэл ногдуулах тухай/, 2018 оны 2 сарын 01-ний өдрийн Б/36 /Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай/, 2018 оны 2 сарын 09-ний өдрийн Б/55 /Ажлаас чөлөөлөх тухай/ дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох” гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ю.Эийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг, 15.1.7 , 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5 дахь хэсэг, “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1, 5.1, 5.2, 5.3.5 дахь заалтууд, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах саналыг Ёс зүйн хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлтийг ХУДЗДТГДд хүргүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар Б/603 тоот тушаалаар нэхэмжлэгч Ю.Эт эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар “Ю.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/36 тоот тушаалаар Ю.Эийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаал бууруулан тус дүүргийн 3 дугаар хорооны Дотоод ажлын зохион байгуулагчаар томилсон байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 2 сарын 09-ний өдрийн “Ю.Эийг ажлаас халах тухай” дугаар Б/55 тоот тушаалаар нэхэмжлэгч Ю.Эийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” дугаар 43 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.4, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Ю.Эийн гомдлыг хянасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг зүйтэй гэж үзсэн байна.
Тус шүүхэд ирүүлсэн Хан уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 08/1843 тоот албан бичигт “Ю.Эт сахилгын шийтгэл ногдуулахад дүүргийн Дотоод аудитын алба болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийж дүгнэлт гаргаагүй болно” гэсэн байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Оттентал” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хяналтын постонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах № 5/07 тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Засаг даргын Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна.
Дээрх гэрээнээс үзэхэд “энэ гэрээг би байгуулаагүй байхад намайг хэт өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан гэж үзэж надад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар Б/603 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Оттентал” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хяналтын постонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах № 5/07 тоот гэрээ байгуулсан байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд “... Ю.Эт санхүүгийн зөрчил гаргасан тухай Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ гэдгийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан. Ёс зүйн хороо 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын огноо нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна” гэсэн байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчиж буюу сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/603 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Ю.Эийн 2017 оны жилийн эцсийн Үр дүнгийн гэрээний биелэлтээс үзэхэд менежерийн үнэлгээ 83.8 оноо, дараагийн шатны даргын үнэлгээ С буюу 70 оноо байх ба үүнээс үзэхэд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд “... Гомдол гаргагч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ төрийн албан хаагчийн өөрийн үнэлгээг менежер, дараагийн шатны дарга нар өөрчилж болох ч, энэхүү гэрээнд нэг албан тушаалтан хэд хэдэн удаа үнэлгээгээ өөрчилсөн нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/619 дүгээр тушаал болон бусад баримтаас харагдаж байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг зөрчиж үнэлсэн байж болохоор байна” гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж тус тус заасан байна.
Дээрхээс үзэхэд миний үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулан бичсэн нь хууль бус, би үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй байхад миний албан тушаалыг бууруулсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/603 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул уг Б/603 дугаар тушаалд үндэслэж буюу тус тушаалтай шууд уялдаа холбоотой гарсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ю.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/36 тушаал мөн хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь “сахилгын шийтгэл ногдуулсныг болон үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэлгүй бууруулан бичсэнийг эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба уг гомдол шийдвэрлэгдээгүй, гомдлын хариугаа аваагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Б/55 дугаар тушаалаар намайг ажлаас халсан нь хууль бус” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 26 дугаар зүйлийн 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/603, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ю.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/36, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ю.Эийг ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Ю.Эийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Ю.Эт 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,160,024 (таван сая нэг зуун жаран мянга хорин дөрөв) төгрөгийг олгож, Ю.Эийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХУДЗДТГДд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ