| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00257/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 500
| 2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/00500 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, Ариг банк ХХК /РД:2111683/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 71 байр, 154 тоотод оршин суух, Боржигон овогт Авирмэдийн Ууганбаяр /РД:УС80081919/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 71 байр, 154 тоотод оршин суух, Авирмэдийн Баярмагнай
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 11.624.935,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ариг банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ариг банк нь иргэн А.Ууганбаяр, А.Баярмагнай нартай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15/36 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгний зээлийг олгосон. Гэвч А.Ууганбаяр, А.Баярмагнай нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөрийн хугацаа хэтэрч, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 8.494.130,11 төгрөг, зээлийн хүү 3.016.017,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114788,01 төгрөг, нийт 11.624.935,73 төгрөгийн өртэй болоод байна. Иймд А.Ууганбаяр, А.Баярмагнай нараас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 11.624.935,73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Ууганбаяр, А.Баярмагнай нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч А.Баярмагнайд холбогдох шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч А.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 11.624.935,73 төгрөгийг хуваарь гаргасан төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Ууганбаяр миний бие Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.624.935,73 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 2017 оны 02 дугаар сард багтаан 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард багтаан 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаанд сар бүрийн 30-ны дотор 1.000.000 төгрөгийг, үлдэх 1.624.935,73 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сард багтаан тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч А.Ууганбаяр, А.Баярмагнай нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 11.624.935,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариуцагч А.Баярмагнайд холбогдох шаардлагаас татгалзаж, 11.624.935,73 төгрөгийг А.Ууганбаяраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ууганбаяр нь Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.624.935,73 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтаан төлөх, 2017 оны 03 дугаар сард багтаан 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаанд сар бүрийн 30-ны дотор 1.000.000 төгрөгийг төлөх, үлдэх 1.624.935,73 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сард багтаан тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч А.Ууганбаярын зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч нь хариуцагч А.Баярмагнайд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурьдаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч А.Ууганбаяраас 100474,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Ууганбаяр нь Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.624.935,73 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтаан төлөх, 2017 оны 03 дугаар сард багтаан 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаанд сар бүрийн 30-ны дотор 1.000.000 төгрөгийг төлөх, үлдэх 1.624.935,73 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сард багтаан тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Баярмагнайд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 200949 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 100474,5 төгрөг, хариуцагч А.Ууганбаяраас 100474,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА