| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1174/Э |
| Дугаар | 1202 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Э.Халиун,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Халиунаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Г.Т, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00464 0303 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт суух,
урьд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.
Х овогт Бийн Т /рд: /,
2. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
М овогт Гын Т /рд: /,
3. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл эх, дүү, эмэг эх нарын хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Г овогт Бийн Б /рд: /.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн агуулгаар/
Шүүгдэгч Б.Т, Б.Б, Г.Т нар нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Ботилон гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 814.5775 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
шүүгдэгч Б.Т нь уг бодисоос 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шавар болгон бэлтгэж, биедээ 8.8780 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 103 дугаар байрны 9 тоот гэртээ 419.87 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг,
шүүгдэгч Г.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн 10 дугаар байрны орчим 48-30 ОРХ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа биедээ 373 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг,
шүүгдэгч Б.Б нь уг бодисоос 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 0.8632 грамм жинтэй шавар болгон бэлтгэж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжны 11 тоотод 12.8295 грамм жинтэй ургамал, мэт мөн 0.8632 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Г.Мад баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэвэр 2 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судалсан бол,
Өмгөөлөгч Н.Намжилцогт: гэрч Э.Үнгийн мэдүүлэг /1хх57/, гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг /1хх60/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх92/, шүүгдэгч Б.Тгийн сургуулийн тодорхойлолт, хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх112-120, 2хх8/,
Өмгөөлөгч Д.Мөнх-Очир: шүүгдэгч Г.Тын урьд ял шийтгэлгүй талаарх хуудас, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх96/,
Өмгөөлөгч Ч.Отгонбаатар: шүүгдэгч Б.Бийн урьд ял шийтгэлгүй талаарх хуудас, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх222-233/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх218/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Шүүгдэгч Б.Т, Г.Т нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх19-24, 16-17/,
2. Б.Тгийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх25, 18/,
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх9-12/,
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх4-8/,
5. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаартай прокурорын тогтоол /1хх27-28/,
6. Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх29-32/,
7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх33-34/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5015 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Т ЖЮ99050553, 2020/9/10”, “Б.Т ЖЮ99011036, 2020/9/09” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх76-80/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5016 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Vita” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга бүрээс дельта-9 тетрагидроканнабинолы /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. Ягаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 326 гр, “Vita” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 85 гр байсан ба ургамал мэт зүйлүүдээс 0.1 гр шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт /1хх80-83/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5017 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Г.Тын хар өнгийн цүнхэнд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл 2 ширхэг “Тгээс хураан авсан өвс мэт зүйл” гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд тусад нь гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, хажуу хэсэгтээ бор өнгийн шавар мэт зүйл наалдсан цэнхэр өнгийн асаагуур болон ногоон өнгийн виза карт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинолы /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинолы /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. “Г.Тын хар өнгийн цүнхэнд байсан “ногоон өнгийн ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл /2 ширхэг/-ийн цэвэр жин нь 102 гр, 271 гр, “Тгээс хураан авсан өвс мэт зүйл” гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд тусад нь гялгар уутанд боосон ургамал мэт зүйл цэвэр жин нь 8.8780 гр байсан ба шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 85-90/,
11. Шүүгдэгч Б.Бий биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх186-190/,
12. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 199 дугаартай прокурорын тогтоол /1хх 192/,
13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх181-185/,
14. Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх193-194/,
15. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх195/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5146 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УШ95072936” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УШ95072936” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх206-208/,
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5109 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Эрээн өнгийн даавуунд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Б.Бэс хураасан 1 дугаартай хаягтай цагаан өнгийн цаасанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл, “Б.Бэс хураан авсан 20 төгрөг 2 дугаартай 2020.09.16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АН3017447 гэсэн серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Б.Б 3 дугаартай 2020.09.16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “Чук Гек” гэсэн бичиглэлтэй цаас, мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Эрээн өнгийн даавуунд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн даавуунд боодолтой үеийн жин нь 28.0833 гр, цэвэр жин нь 12.8295 гр, “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Б.Бэс хураасан 1 дугаартай” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн цаасанд наалдсан бор ногоон өнгийн шавар мэт зүйлийн жин нь 0.8636 гр байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх210-214/,
18. Г.Т, Б.Т, Б.Б нар нь 2020.09.01-2020.09.02-нд Улаанбаатараас Дархан өртөө хүртэл галт тэргээр зорчих УБТЗ-ын зорчигч тээврийн төвөөс тасалбар худалдаж авсан тухай баримтууд /1хх132, 231/,
19. Шүүгдэгч Б.Бийн гэрчээр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цаг 20 минутын Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн вагоноор найз Т, Т нарын хамт Каннабис өвс түүхээр явсан. Дархан-Уул аймагт каннабис өвч ургадаг гэдгийг манай найз Т мэддэг юм билээ. Тэгээд хамт явж каннабис өвс түүхээр болоод явсан. Дархан-Уул аймагт шөнийн 01 цагийн үед очоод такси бариад Дархан-Уул аймгийн гэр хорооллын зах руу нь гараад таксинаас буугаад таксигаа явуулчхаад 2-3 километр гэр хорооллын гадуур цементэн жалга дагаж алхаад каннабис өвсөө бид нар түүж аваад өглөө нь 09 цагийн вагоноор Улаанбаатар хотод ирсэн... 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очиж 500 грамм орчмыг жижиг цаасан хайрцагт хийж авсан. Тгийн гэрээс очиж өвс авах үед Т гэртээ байгаагүй Т байсан. Тгийн гэрээс авсан өвсийг өөрийнхөө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байх гэрт аваачаад ганцаараа байхдаа шавар гаргаж авсан... Би мансууруулах төрлийн өвс нэртэй бодисыг 1 удаа Ттай хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх196-198/,
20. Шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /2хх5-6/,
21. Шүүгдэгч Г.Тын гэрчээр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын сүүлээр найз Тгийн хамт Дархан-Уул аймаг руу вагоноор явж очоод цементэн далантай зэлүүд талаас хогийн хар уутаар 4 уутыг түүж аваад маргааш өглөө нь буцаад вагоноор Улаанбаатар хотод ирсэн. Түүж ирсэн өвсөө Тгийн гэрт хадгалсан... Сансарын И-Мартын урд талын балгасанд орж Т, М бид 3 өвсөө сорж хэрэглэсэн. Ингээд 19 дүгээр үйлчилгээний төвийн зогсоол дээр байж байгаад цагдаад баригдсан... Би мансууруулах төрлийн өвс нэршилтэй бодисыг 5-6 удаа Тэмүүлээтэй хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх43-45/,
22. Шүүгдэгч Г.Тын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /2хх 3-4/,
23. Шүүгдэгч Б.Тгийн гэрчээр өгсөн “...Өвс түүнэ гэдгийг бид нар хоорондоо ярьж тохироод явсан. Дархан-Уул аймагт очоод Т, Б бид гурав гурвуулаа өвс түүсэн... Машинд байсан өвс бол Тын өвс юм. Дархан-Уул аймаг руу явж түүж ирсэн өвсийг миний түрээсийн байранд хадгалж байгаад 5-6 хоногийн дараа Т өөрөө ирж өвсөө авсан. Б болохоор намайг гэртээ байхгүй байхад Тын хамт ирээд авсан юм шиг байсан...Найз охин дээрээ очихоос өмнө нь надад байсан өвсийг М, Т нарын хамт Сансарын И-Мартын урд байрлах 2 давхар нурсан балгасанд орж бонго хийж байгаад сорж хэрэглэсэн... Дархан-Уул аймгаас түүж ирсэн өвсийг би өөрөө байрныхаа блокон дээр шавар болгож авсан... Т арвын гялгар уутны талаар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манайхаас ирж авсан. Тт өвсөө өгөхдөө ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл аваагүй. Манай гэрт Дарханаас түүж ирсэн өвснөөс үлдсэн хэсэг нь миний жижиг цэнхэр цүнхэнд ягаан өнгийн гялгар уутанд боосон байгаа...” гэх мэдүүлэг /1хх35-37, 38-39, 40-42/,
24. Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ, нэмж болон залруулж ярих зүйл байхгүй. Би өөрөө сонирхоод хэрэглэх зорилгоор Дархан-Уул аймгаас түүсэн... Би өвсийг шавар болгох аргыг интернэт орчноос харж мэдэж авсан. Түүж ирсэн өвсөө өөрийнхөө гэрт хадгалсан... Би Ттай нэг удаа л өвсийг татаж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх 168-171/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нар нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нар нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлд галт тэргээр зорчин 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний эд болох ургамал түүсэн, улмаар тухайн ургамлаа оршин суугаа газраа хадгалах, мөн “шавар” болгон бэлтгэх болон биедээ, цүнхэндээ авч явсан үйл баримт нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 103 дугаар байрны 9 тоот гэртээ байсан 419.87 грамм жинтэй ургамал мэт бодис, шүүгдэгч Г.Т нь өөрийн цүнхэндээ байсан 373 грамм жинтэй ургамал мэт бодисыг, шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжны 11 тоот гэртээ байсан 12.8295 грамм жинтэй ургамал, мэт мөн 0.8632 грамм жинтэй шавар мэт бодис болон мөн шүүгдэгч нар нь өөртөө байсан ургамал, шавар зэргийг тус тус сайн дураараа гаргаж өгсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нараас хураан авсан ургамал, шавар мэт зүйлс, мөн тэднээс хураан авсан виза карт, мөнгөн дэвсгэрт, асаагуур зэргээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бодис илэрсэн нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5016, 5017, 5109 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нарын шээсний шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь дээр дурдсан шинжээчийн 5015, 5146 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсонг дурдах нь зүйтэй.
“Бэлтгэх” гэж сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж авах бүх үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд цэвэрлэх болон сэтгэцэд нөлөөлөх нэг бодисыг сэтгэцэд нөлөөлөх нөгөө бодис руу шилжүүлэн хувиргах ажиллагаа багтана. Уг нэр томьёонд эмийн санд жороор найруулснаас бусад бэлдмэлийг бэлтгэх ажиллагаа мөн багтахаар Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод заасан.
Шүүгдэгч нарын сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний эдийг түүж бэлтгэж, улмаар хадгалсан үйлдэлд прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг бүлэглэн түүж бэлтгэн, мөн шавар болгон бэлтгэсэн, хадгалсан байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг хамтран оролцсон, хүн тус бүр гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэжээ.
Мөн шүүгдэгч Б.Т, Г.Т нартай цагдаагийн албан хаагч нарт саатуулагдсан Г.М нь хэрэгт авагдсан баримтаар сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг бэлтгэсэн, шүүгдэгч нартай хамт явсан, өөрт хадгалсан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй байна.
Харин түүний тухай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2309 дугаар шийтгэврээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Ботилон гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 814.5775 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шавар болгон бэлтгэж, биедээ 8.8780 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 103 дугаар байрны 9 тоот гэртээ дээрх бодисоос нийт 419.87 гр жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим 48-30 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа биедээ 373 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжны 11 тоотод нийт 12.8295 грамм жинтэй ургамал мэт, шавар болгон бэлтгэж 0.8632 грамм жинтэй шавар мэт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 1 жил 6 сар, шүүгдэгч Г.Т, Б.Б нарт тус бүр 1 жил 3 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд сайн дураар дэмжлэг үзүүлэн, өөртөө болон гэртээ хадгалж байсан бодисыг гаргаж өгсөн, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр мансуурах дон, хамаарал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж, гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрийн үйлдлийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зөв байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг.
Тиймээс өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг тэнсэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, өөрсдийн хадгалж байсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг сайн дураар гаргаж өгсөн, хураагдсан бодисын хэмжээ, шүүгдэгч нарын хувь энэ төрлийн бодисоос хамааралтай шинж байдалгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 814.5775 грамм ургамал мэт, 0.8632 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримт болох Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 814.5775 грамм ургамал мэт, 0.8632 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т, Г.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР