Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнаасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Б-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Э.М-ны өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Г.Ц,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 2024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, * төрсөн, 35 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг,* хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Ц, регистрийн дугаар *

Монгол улсын иргэн, * төрсөн, 45 настай, эрэгтэй, *боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.М, регистрийн дугаар *

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл мод гэх газрын ойгоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5,88 м3 түлээний унанги мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний цагаан хясаа гэх газар руу Портер маркийн 33-92 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дээрх модыг иргэн Э.М-д худалдаж, ойн санд 951,924 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний цагаан хясаа гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 5,88 м3 түлээний унанги модыг иргэн Г.Цоос худалдан авч ойн санд 951,924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл гэх газрын ойгоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5,88 м3 түлээний унанги мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний цагаан хясаа гэх газар руу Портер маркийн 33-92 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дээрх модыг иргэн Э.М-д худалдсан,

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 5,88 м3 түлээний унанги модыг иргэн Г.Цоос худалдан авсан үйл баримтууд нь:

-2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр экологийн ахлах мөрдөгч М.А-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байна. 2 метрийн урттай 63 ширхэг бөөрөнхий нойтон модыг Г.Ц бэлтгэсэн байна” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 13 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл мод гэх газрын ойгоос 2 метрийн урттай нойтон моднуудыг ганцаараа хийж бэлтгэсэн юм. Тэгээд тухайн хийж бэлтгэсэн моднуудаа Түргэний цагаан хясаа гэх газарт байдаг өөрийн өвөлжөөндөө өөрийн эзэмшилийн Портер маркийн 33-92 ЗАН улсын дугаартай автомашинаар бага багаар нь ганцаараа ачиж буулгаж байсан юм. Би тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авалгүй хийж бэлтгэсэн юм. Миний хийж бэлтгэсэн моднууд нь 2 метрийн урттай, шинэс төрлийн 63 ширхэг нойтон моднууд байгаа юм. Би тухайн моднуудыг шуурганд унасан байсан 12 ширхэг модноос 2 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. ...Тухайн моднуудаа 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Тосонцэнгэл сумын хөрөө рам ажиллуулдаг Э.М гэдэг хүнд өөрт нь 1 ширхэгийг нь 7000 төгрөгөөр бодож үнэ тохирч худалдсан юм. Харин М надаас худалдан авсан дээрх 63 ширхэг модыг 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийнхөө Маяти маркийн 77-64 ХӨА улсын дугаартай автомашинд ачаад сумын төв рүү тээвэрлэж байсан юм. ...М-г надаас мод худалдаж авахаар ирэх үед нь эрхийн бичиг байхгүй ойгоос бэлтгэсэн моднууд байгаа юм гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 4-6 дугаар хуудас/,  

-Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Ц 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл мод гэх газрын ойгоос 2 метрийн урттай нойтон моднуудыг ганцаараа хийж бэлтгэсэн байсан юм. Тэгээд тухайн моднуудаа Түргэний цагаан хясаа гэх газарт байдаг өөрийн өвөлжөөндөө өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн Портер маркийн автомашинаар ачиж буулгасан байсан. Ц уг моднуудыг ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авалгүй бэлтгэсэн. ...Ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудаа 1 ширхэгийг нь 7000 төгрөгөнд бодоод 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Тосонцэнгэл суманд хөрөө рам ажиллуулдаг М гэх хүнд худалдахаар болоод М гэдэг хүн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хөдөө манай өвөлжөөнд Маяти маркийн автомашинаар очоод тухайн моднуудыг ачаад Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,  

-Гэрч П.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Тосонцэнгэл сумын төвд хүнээс Түргэнд Ц-г 2 метрийн урттай мод хийчихсэн зарна гэх сургийг сонссон.  Манай найз М сумын төвд өөрөө зүсвэрийн хөрөө рам ажиллуулдаг ба надад өмнө нь 2 метрийн зүсвэрийн мод зарах хүн байвал та мэдэж байгаарай гэж захисан байсан юм. Тэгээд Ц-г зүсвэрийн мод зарна гэж сонсоод М-д хэлсэн. ...Тэр үед М та яриад өгөөч гээд гуйхаар нь би Ц-той утсаар яриад мод асуутал 2 метрийн 40 гаруй мод байгаа дээр нь нэмээд 10 гаран мод байгаа ойролцоогоор 50 гаран мод байгаа гэсэн. ...Тухайн үед би наад моднууд чинь гоожин эрхийн бичиг байгаа юм уу гээд асуутал надад Ц мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэсэн юм. Тэгээд би М-д Ц-д зарах мод уг нь байна гэхдээ эрхийн бичиг гоожин байхгүй юм байна чи өөрөө л мэдэхгүй юу гээд хэлсэн. Тэгсэн М гоожин бичүүлээд авчихаж болох байх тэр моднуудыг нь худалдаж авъя гэсэн ....Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 6-ны шөнө М-н Маяти маркийн 77-44 ХӨА улсын дугаартай автомашинаар дээрх моднуудыг тээвэрлэж яваад сумын төвд орох замд цагдаатай таарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48 дугаар хуудас/,  

-Шүүгдэгч Э.М-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Д гэх хүнээс Түргэнд Ц гэдэг залуу зүсвэрийн 2 метрийн урттай мод зарна гэсэн сургийг анх сонссон юм. ...Тухайн моднууд нь 2 метрийн урттай, 63 ширхэг шинэс төрлийн нойтон моднууд байсан юм. Тухайн үед би Г.Цоос чиний энэ моднууд чинь нойтон моднууд байна, чамд гоожин эрхийн бичиг байна уу гээд асуусан юм. Харин тэр үед Ц надад хэлэхдээ би шуурганд унасан байсан нойтон модноос тайрч бэлтгэсэн юм. Гэхдээ надад эрхийн бичиг гоожин байхгүй гэсэн юм. ...Би тэр үед Ц-с 1 ширхэг бөөрөнхий модыг 7000 төгрөгөнд бодож худалдаж авахаа тохиролцож дээрх моднуудыг өөрийн Маяти маркийн 77-64 ХӨА улсын дугаартай автомашинд ачиж Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэж явсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/

-Гэрч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2016 оноос хойш Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Би 2020 онд Улаантолгой багийг хариуцан ажиллаж байгаа юм. Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Г.Ц 2020 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,  

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай: “...Г.Ц-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 2м-ийн урттай түлээний бөөрөнхий мод байна. Уг моднууд 5,88 м3 түлээний унанги /байгалийн гамшигт үзэгдэл хүчтэй салхинд байгалийн аясаараа унасан/ мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Улаантолгой багийн нутаг Түргэний Бэл мод гэх газар нь сумын ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 161 892 төгрөг байна. Б.Ц-н ойгоос бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 6 дугаар сард ойгоос хийж бэлтгэсэн байж болно. Г.Ц-н ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 161 892 төгрөг, итгэлцүүр болох 1-ээр үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 161 892 төгрөг, бэлтгэсэн 5,88 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 951 924 төгрөг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/,

-Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг моднууд нь байгалийн хүчтэй салхинд үндсээрээ булгарч унасан, эргэж ургах боломжгүй болсон моднууд байсан. Тухайн моднуудыг 2 метрээр тайрч бэлтгэсэн байсан. ...Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойд байгаа босоо мод, унанги мод, гишүү мөчир зэргийг бэлтгэсэн л бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 64 дүгээр  хуудас/,  

-Иргэний нэхэмжлэгч Л.Б-н: “...Иргэн Г.Ц-н Ойн санд учруулсан хохирол болох шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/,  

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-17 дугаар хуудас/,  

-2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 5.88 м.куб модыг Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /Хх-ийн 30 дугаар хуудас/,

-2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Цоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, 3.4 метрийн урттай цагаан өнгийн уяа зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.Ц нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний цагаан хясаа гэх газар руу тээвэрлэж, Э.М-д худалдсан, шүүгдэгч Э.М нь Г.Ц-н зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн моднуудыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний цагаан хясаа гэх газарт худалдан авч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн тул гарал үүслийн гэрчилгээний асуудал хөндөгдөхгүй юм.

Харин шүүгдэгч Г.Ц нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Түргэний бэл гэх газрын ойгоос мод бэлтгэж тээвэрлэхдээ сумын эрх бүхий албан тушаалтнаас эрхийн бичиг аваагүй, шүүгдэгч Э.М нь Г.Цийг эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэдгийг мэдсэн мөртлөө мөн эрхийн бичиггүйгээр Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн  байна.

Шүүгдэгч нарын аль алиных нь дээрх үйлдлүүд мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх үйлдэлд хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Цийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэж, шүүгдэгч Э.М-г зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн боловч хэргийг шийдвэрлэхэд зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөхөөргүй, шүүгдэгч нарт оногдуулж болох хариуцлагын хувьд хүндрэхээргүй  байх тул шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Г.Ц, Э.М нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч Г.Ц, Э.М нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Г.Ц, Э.М нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын зарим хэсгийг төлж, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Шүүгдэгч Г.Ц нь хувиараа мал малладаг, шүүгдэгч Э.М нь хувиараа хөрөө рам ажиллуулдаг, аль аль нь төлбөрийн чадвартай нөхцөл байдал хэргийн материалд авагдсан байх тул прокурорын санал болгосон торгох ялыг шүүгдэгч нарын үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ц, Э.М нарын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 5.88 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 951,924 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 2,855,772 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б-н 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Г.Ц, Э.М нарын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Г.Ц, Э.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 951,924 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр төлж барагдуулсан байх тул үлдэх 1,903,848 төгрөгийг шүүгдэгч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ц-н мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх, 3.40 метрийн урттай цагаан өнгийн уяа зэргийг эд мөрийн баримтаар хурааж, мод тээвэрлэсэн пронтер маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашин, майти маркийн 77-44 ХӨА улсын дугаартай автомашин, 5.88 м.куб шинэс мод болон шүүгдэгч Г.Ц-н хувьд оногдох эд хөрөнгө болох 3 тооны үнээ, шүүгдэгч Э.М-ны хувьд оногдох эд хөрөнгө болох 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл Г.Ц, Э.М нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай, 5.88 м.куб хэмжээтэй, 63 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашин, “Майти” маркийн 77-44 ХӨА улсын дугаартай автомашин, цагаан өнгийн  цахилгаан хөрөө, модон иштэй сүх, 3.40 метрийн урттай цагаан өнгийн уяа зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай, 5.88 м.куб хэмжээтэй, 63 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашин, “Майти” маркийн 77-44 ХӨА улсын дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх зэргийг худалдан борлуулж  хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, 3.40 метрийн урттай цагаан өнгийн уяаг устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хүрэлцэхгүй тохиолдолд шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахаар шүүх шийдвэрлэж буй учир шүүгдэгч Г.Ц-н хувьд оногдох эд хөрөнгө болох 2,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 үнээ, шүүгдэгч Э.М-ны хувьд оногдох эд хөрөнгө болох 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц, Э.М нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч Э.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц, Э.М нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц, Э.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Ц, Э.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цоос 951,924 /есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг, шүүгдэгч Э.М-с 951,924 есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус  гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай, 5.88 м.куб хэмжээтэй, 63 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашин, “Майти” маркийн 77-44 ХӨА улсын дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх зэргийг худалдан борлуулж  хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Ц-н хувьд оногдох эд хөрөнгө болох 2,400,000төгрөгийн үнэ бүхий 3 үнээ, шүүгдэгч Э.М-ны хувьд оногдох эд хөрөнгө болох 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.40 метрийн урттай цагаан өнгийн уяаг устгасугай.

9. Шүүгдэгч Г.Ц, Э.М нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН