Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00411

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00411

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Эрэл 45 дугаар байр хаягт байрлах, Шоутек ХХК /РД: 5825806/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Монголиан Бийт Энтертайнмент ХХК-ийн захирал н.Анхбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Анхбаяр нь манай байгууллагаас 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ16/02 тоот зээлийн гэрээ, БГ16/02 тоот фидуцийн гэрээ байгуулан Тоёота приус маркийн 11-62 УБӨ дугаартай, 2004 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн суудлын автомашин барьцаалан 3.700.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч М.Анхбаяр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон шалтгаанаар манай байгууллага Сонгонихайрхайн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад М.Анхбаярын хаяг тодорхойгүй шалтгаанаар манай нэхэмжлэлийг буцаасан. Иймд иргэн М.Анхбаярыг эрэн сурвалжлан, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: М.Анхбаярыг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хатан суудал инвест ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих М.Анхбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06805 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Хатан суудал инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Анхбаярт холбогдох 5.046.171 төгрөг 78 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд М.Анхбаяр нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 10 дугаар гудамж, 17 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Мөнхжаргалын Анхбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 10 дугаар гудамж, 17 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Мөнхжаргалын Анхбаярыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан М.Анхбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч Хатан суудал инвест ББСБ ХХК /утас:99115355, 367645/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ