Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 955

 

 

 

                              

 

 

 

 

2020           11          04                                      2020/ШЦТ/955

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Далайхүү, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбат

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/

хохирогч -Г.Б

шүүгдэгч -Б.А- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт -Б.А- холбогдох эрүүгийн 2005000001240 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1970 оны 4 дүгээр сарын 19-нд өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянтэс нүүрсний уурхайд хамгаалагч ажилтай, ам бүл ганцаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дугаар баг, Гавшгайд оршин суудаг,  урьд нь

1990 оны 8 дугаар сарын 22-нд Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239  дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

1998 оны 4 дүгээр сарын 23-нд Баянгол дүүргийн 270 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,

1998 оны 10 дугаар сарын 01-нд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 217 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял дээр  өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 25 хоногийг ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

2004 оны 3 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

 2008 оны 8 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 38 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,

    2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын  3 дугаар шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай /РД:/ Х овогт Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

-Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны далангийн гүүрний урд талд хохирогч -Г.Бийг зэвсэг буюу хутгаар хутгалж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хуавэй пи 9 загварын гар утас, спикер зэргийг дээрэмдэж 240.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ -Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны далангийн гүүрний урд талд хохирогч -Г.Бийг нүүрэн тус газар цохиж, өшиглөн зодож зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж түүний биед цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт, доод уруулд язарсан шарх, духанд зулгаралт, баруун чихний дэлбэнд хатгагдсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                            

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч -Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би хохирогчтой хамт архи уусан нь үнэн. Харин би гэмт хэрэг бол үйлдээгүй тул яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.   

       Хохирогч -Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа буугаад “Даргон” төв дээр ирээд энэ хүнтэй таарсан. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Шүүгдэгч надтай таараад ганц юм уух уу гэж асуусан. Би мөнгө байхгүй гэхэд надад байгаа гэсэн. Бид хоёр Даргоны тэнд архи уусан. Би архинаас нэг татсан. Нилээн гашуун архи байсан болохоор дахиад өгөхөөр нь болно гэж хэлээд явлаа гэхэд сүртэй юм хамт архи ууя гэсэн. Тэгээд нэг мэдэхэд бид хоёр замын урд талд гарсан байсан. Шүүгдэгч намайг цохиод байсан. Миний гар утсыг дээрэмдсэн. Надад өөр юм байхгүй гэж хэлээд би гартаа байсан спикрээ шидэж өгсөн. Би эхнэрийнхээ ажил дээр очихоор явсан. Машин дээрээ ирээд байж байтал эхнэр ирсэн. Тэгээд эмнэлэгт очсон. Эмнэлэгт уруулаа үзүүлээд цээжний зураг авхуулаад хэвтсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 531000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч -Г.Б мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас ажлаасаа бууж том автобусаар Улаанба-Б.А хотод 14 цагийн үед ирсэн. Манай автобус баруун 4 зам дээр хамгийн сүүлд намайг буулгасан. Ажлаасаа бууж ирж байгаа болохоор замдаа ажлынхаа хүмүүстэй 2 шил соёрхол нэртэй 0.5 литрийн архи авч дөрвүүлээ нийлж уусан учир би халамцуу байсан. Тэгээд автобуснаас буугаад Драгон орж тээшинд хадгалуулсан спикерээ аваад Хархорин орж эхнэр -Г дээр очно гэж бодон 5 шарын автобусанд 4 замаас суугаад Драгон дээр удахгүй ирсэн. Драгон дотор ороод гар тээшнээс өөрийн спикерээ аваад гараад зүүн тийш алхаж байсан тэгтэл Сонгинохайрхан дүүргийн нэг цонхны үйлчилгээ гэсэн барилгын дэргэд явж байхад нэг ах гэнэт хажуугаас хоёулаа ганц юм уух уу гэхээр нь ах надад мөнгө байхгүй гэхэд тэр ах, ахад нь мөнгө байна. Ганц юм уучихъя гэхээр нь за за гээд дагаад явсан. Ах дагуулаад Москва хорооллын зүүн талд байсан нэг дэлгүүр орсон дэлгүүрээс ах 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авсан. Кассан дээр тэр ах тооцоо хийхдээ 20.000 төгрөг гаргаж ирээд тооцоо хийгээд архиа надад бариулаад өөрөө мөнгөний хариултаа аваад дэлгүүрээс гараад явсан. Би тэр үед цэвэр ус бас барьж явсан. Ах намайг утсаар яриад явж байхад араас дагаад явж байсан юм шиг байсан. Дэлгүүрээс гараад ах бид хоёр Москва хорооллын зүүн талын гражын үзүүрт очиж суугаад ах архиа надаас аваад өөрөө задлаад нэг удаагийн аяганд хийгээд надад өгсөн. Би тэр өгсөн архийг нь уусан тэгсэн маш хатуу байсан учир ах дүү нь болсон дахиж ууж чадахгүй юм шиг байна. Хөдөөнөөс ирэхдээ жаахан уусан дахиад уувал согтох гээд байна. Дүү нь өчигдөр шөнө ажилдаа гараад буугаад нойр муутай явж байгаа тасрах гээд байх шиг байна уухгүй шүү гэхэд ах сүртэй юм бэ дахиад нэг татчихаач гээд хэлсэн. Би тэгэхээр нь өгснийг нь бас уусан ах өөрөө ууж байгааг хараагүй. Ах бид хоёр гражын үзүүрт сууж байгаад юм яриад манай гэр хуучин энэ 32 дугаар байранд байсан юм гэж зааж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь далангийн гүүрний урд модны ёроолд очсон байсан. Ах намайг уугаач чи яасан сүртэй юм гээд уурлангуй байсан. Би яагаад уурласныг нь мэдэхгүй байна. Ахаа дүү нь явлаа гэхэд уурлаад надад архи хийж өгөөд шахаад байсан. Шахаж байснаа гэнэт миний уруул, нүүр рүү гурван удаа гараараа цохисон би амаа нүүрээ дараад атиралдаад хэвтээд ах аа болиоч ээ гэхэд чамайг алчихна шүү гээд толгой руу өшиглөж дэвсэж байснаа баруун халаасанд байсан миний Хуайвай Пи-9 маркийн гар утсыг аваад өшөө чамд юу байна гээд өшиглөж дэвсээд байхаар нь миний баруун гарт оосроор нь бугуйндаа зүүсэн байсан спикерээ гарнаасаа мултлаад ах аа энийг ав надад өөр юм байхгүй гэж хэлсэн. Нэг мэдсэн ухаан алдсан байх сэрээд хартал Хархорин захын хашаагаар ганцаараа орж байсан. Тэгээд шууд машин зогсоол дундуур яваад эхнэрийн унаж байсан саарал өнгийн приус-20 маркийн машины зүүн хойд талын хаалганы харалдаа налаад сууж байсан чинь эхнэр -Г нь гарч ирээд яачихваа юу болсон бэ? гэж байснаа манай төрсөн дүү -Пг дуудсан боловч -П машин байхгүй манай гэрт хүрээд ирээч гэхээр нь манай эхнэр машинаа намайг суулгаад дүү -Пгийн гэрт очоод болсон асуудлыг яриад гадуур хувцсаа тайлаад цус болсон хувцсаа сольж байхад дүү далны доод талд чинь хутгалсан юм шиг байна. Хумсны толионы чинээ ухаад авсан мэт маш их цус гарсан байна гэж хэлээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь доод уруул дотор талдаа сэтрээд язарсан 5 оёдол тавиулсан. Харин далны доод талын шархыг үзэж зураг аваад наад чинь цээж рүү нэвтэрсэн шарх байна. Дотор талдаа цус хурж алдсан байна. Шууд  эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Эмнэлэгт шууд хэвтээд уушги сэргээх эмчилгээ хийлгэж гуурс тавиулсан энэ хооронд манай эхнэр -Г гэмтлийн цагдаад мэдэгдсэн байна цагдаа нар ирсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-56/,

 

Гэрч -Г.П мөрдөн байцаалтанд “2020 оны 8 дугаар сарын 4-ний орой 20 цагийн үед миний төрсөн ах болох -Г.П эхнэр -Г над руу утсаар залгаад ах чинь хүнд зодуулчихсан байна хүрээд ирээ Хархорины хашаан дотор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машингүй байгаа та манайд аваад ирээч гэж хэлсэн, удалгүй 21 цагийн үед -Г.П ах -Г манайд ирсэн тэгээд би юу болсон талаар нь асуусан чинь Драгон төвөөс Хархорин руу эгч рүү чинь явж байсан чинь нэг үл таних надаас ахимаг насны хүн надад нэг шил архи авч өгөөд бид 2 хамт уусан гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө үл таних хүн намайг зодоод гар утас, спикер хоёрыг аваад явсан гэж хэлсэн. -Г.П ахын хувцсыг тайлаад харсан чинь нурууны хойд хэсэгт чигчий хурууны хумсны хэмжээтэй махыг нь зүсээд авчихсан юм шиг хонхойсон байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь шилээр зүссэн байх гэж надад хэлсэн...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ахтайгаа уулзахаар Гэмтлийн эмнэлэг дээр явж байх үед -Б.А надтай тааралдаад би чамайг ална муу бууны нохой гээд байсан. Энэ үгийг надад хэлэхдээ Тасганы овоон дээр хоолойг чинь хэрчинэ гээд орилоод байсан. Тухайн үед би анх удаа ийм үг сонсоод их айсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/,

 

       Гэрч -Б.П мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сард яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би шинэ Драгон төвийн харуул хамгаалалтын албыг хариуцан ажиллуулдаг юм. Манай хамгаалалтын албаны нэр нь Онцгой нэртэй тэр үед шинэ Драгон төвийн гадаа хоёр ч удаа зодоон хийсэн нөхөр байгаа юм. Би арга ядаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр дуудлага өгч байсан. Миний дуудлага өгч байсан утас 88519990 гэсэн дугаар байгаа. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс дээр -Э-О гэх байцаагч дээр -Б.А- гэх залуу шалгагдаж байсан юм. Сүүлд 2020 оны 8 дугаар сарын эхээр гэсэн байх би яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Барс хоёр захын хажууд гүүрний урд талд хүн дээрэмдсэн гэж сонссон би тэр үед нь хөдөө ажилтай явж байсан.  Цагдаа нар дайчлан баривчлахад манай хамгаалагч нар тусалж барилцсан гэж байсан. Манай хамгаалагч -Б , -Л хоёр байсан гэсэн. -Б.А байнга Драгон төвөөр сэлгүүцэж хүнтэй маргалдаж зодоон цохион хийгээд яваад байдаг болохоор нь таньдаг болсон юм. -Б.А байнга хүн өдөж хоргоож зодоон цохион хийх гэдэг шоронгийн атаман халхын шоронгийн бавгар хар -Б.Ааа байна гэж орилж явдаг нөхөр юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

 

       Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ажилтай Б.-Э-О гэрчээр мөрдөн байцаалтанд “...Би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр -Б.А-ыг дуудаагүй, дуудах шаардлага ч байхгүй байсан. Тухайн үед -Б.А- нь утасны дугаар ч байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

        Гэрч А.-Г мөрдөн байцаалтанд “ Манай нөхөр -Г.П Дорноговь аймгийн Айраг сум байх Говийн Шилмэл зам ХХК-д бутлуурын оператор ажил хийдэг. 20 хоног хөдөө ажлаад 10 хоног Улаанба-Б.А хотод ирж гэртээ амардаг юм. 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ажлаасаа буугаад ирж байсан. Над руу замдаа байнга ярьж байсан. Тэгээд өдөр Улаанба-Б.А хотод орж ирлээ. Драгон төв орж тээшинд хадгалуулсан спикер аваад ажил дээр чинь очлоо гэж ярьсан. Манай нөхрийн ажлын машин баруун дөрвөн зам дээр буудаг. Нэг мэдсэн чинь 17 цаг өнгөрч байсан. Нөхөр -Г.П ирнэ гэж хэлчихээд яачив гэж бодоод утас руу нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байхаар нь гайхаад утасны цэнэг нь дууссан юм байлгүй гэж бодоод ирчих байх гэж бодоод ажлаа хийгээд орой 20 цагт ажил тарсан тэгээд гарч ирээд зогсоол дээр байх машин дээрээ ирэхэд нөхөр -Г.П нь машины арын дугуйны хажууд газар сууж байсан. Тэгэхээр нь би хөөе юу хийж байгаа юм гэхэд нөхөр -Г.П над руу харсан. Тэгтэл нүүр ам нь нилэнхүйдээ цус болсон шороо болсон хувцас нь урагдсан аймар байдалтай сууж байсан. Яачихваа юу болсон бэ, машинд суу гэхэд нөхөр -Г.П нь арай гэж машинд суусан. Тэгээд яахаа мэдэхгүй байж байгаад нөхөр -Г.Пийн төрсөн дүү -П рүү утсаар яриад ах чинь хүнд зодуулаад нүүр ам хувцас хунар нь аймаар болсон байна гэхэд -П нь та манай гэрт хүрээд ирээ дүү нь машингүй байна гэхээр нь шууд Цайз-16 орж дүүгийнд нь ороод хувцсыг нь тайлуулаад үзсэн чинь нурууны ард хэсэгт хатгуулсан гэмээр ангайсан шархтай нуруу хэсэг хувцас нь цус болсон зарим хэсгээр хатсан байсан. Тэгээд бас уруул нь сэтэрч хавдсан, чихний ар тал нь бас язарсан толгой нь хагарсан байхаар нь шууд гэмтлийн эмнэлэгт аваачиж нуруунд нь оёдол тавиулж, гэрэлд харуулахад цээжний хөндийн нэвтэрсэн, уушгинд цус хурж ус гүйсэн байна гээд  шууд эмнэлэгт хэвтсэн. Чихний ард оёдол тавиулж 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Би нөхөр -Г.Пээс хэнд зодуулсан бэ юу болсон бэ гэж асуухад нөхөр -Г.П би Драгон төвөөс спикерээ авчхаад замын хойд талаар алхаж явахад нэг ах таараад тэр ахтай юм ярьж байгаад тэр ах надад архи авч өгөхөөр болоод Москва  хорооллын зүүн урд талд байх дэлгүүрээс архи авч өгөөд гүүрний хажууд болон гүүрэн доор орж нөгөө ахтай архи уусан. Тэгсэн чинь тэр ах гар утас болон спикерийг минь дээрэмдсэн бас миний картыг булааж авах гэхээр нь базсан чинь карт голоор нугаларсан байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь нөгөө ахыгаа таних уу гэж асуухад нэрийг нь сайн мэдэхгүй ер нь бол хараад танина. Би алуулах гэж байсан гэж байсан намайг зодоод нүдээд дэвсээд байсан арай гэж тас спикерээ өгөөд зугтсан гэж надад хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 9186 дугаартай -Г.Бийн биед цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хий хуралт, доод уруулд язарсан шарх, духанд зулгаралт, баруун чихний дэлбэнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, баруун чихний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун чихний дэлбэнгийн хатгагдсан шарх, доод уруулын язарсан шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82/,

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 3494 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хантааз дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ халзралтууд, урагдалтууд , хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлтүүд, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан хуучин зулгаралтууд байна. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох арга аргачлал байхгүй тул цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 88-90/

шинжээчийн 3494 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-95/,

 

      Шинжээч С.Чулуунсүх мөрдөн байцаалтанд“...-Г.Бийн биед тогтоогдсон цээжний хөндийн нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий цус хуралт доод уруулын язарсан шарх, духны зулгаралт, баруун чихний дэлбээнд хатгагдсан шарх гэмтэлд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108/,

 

       -Б.А- өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн “цагаан өнгийн төмөр эвхэгддэг бариул нь шаргал, ажлын хэсэг нь 7 см бариул хэсэг нь 9 см нийт урт нь 16 см эвхэгддэг хутга...” хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 44-45/,

 

       2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... хуавэй пи9 загварын гар утас 200.000 төгрөг, чанга яригч- спикер 40.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 84-86/,

 

       хохирогч -Г.Бийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 166-176/

“...цээжний хөндийд гуурс тавих мэс заслын зардалд 410.000 төгрөг” /хх-ийн 177/

        хохирогч -Г.Бээс шүүх хуралдаан дээр гаргасан хохиролтой холбоотой 100.000 төгрөгийн баримт,

 

         камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22/,

 

         Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133/, ял шийтгэгдэж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 112/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 114-132/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

         2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн орчим -Б.А- үл таних -Г.Бийг “хоёулаа ганц юм ууя” гэж  хэлж дэлгүүр дагуулан орж  15 цаг 57 минут 59 секундэд Хараа нэртэй архи худалдан авсан нь камерийн бичлэг болон хохирогчийн мэдүүлэгт  авагдсан байна.  

        Улмаар хэргийн үйл баримтын талаар хохирогч -Г.Б мөрдөн байцаалтанд “...дэлгүүрээс гараад ах бид хоёр Москва хорооллын зүүн талын гражын үзүүрт очиж суугаад ах архиа надаас аваад өөрөө задлаад нэг удаагийн аяганд хийгээд надад өгсөн...дүү нь болсон дахиж ууж чадахгүй...тасрах гээд байх шиг байна уухгүй шүү гэхэд ах сүртэй юм бэ дахиад нэг татчихаач гээд хэлсэн. Би тэгэхээр нь өгснийг нь бас уусан ах өөрөө ууж байгааг хараагүй...нэг мэдсэн чинь далангийн гүүрний урд модны ёроолд очсон байсан...Ахаа дүү нь явлаа гэхэд уурлаад надад архи хийж өгөөд шахаад байсан. Шахаж байснаа гэнэт миний уруул, нүүр рүү гурван удаа гараараа цохисон би амаа нүүрээ дараад атиралдаад хэвтээд ах аа болиоч ээ гэхэд чамайг алчихна шүү гээд толгой руу өшиглөж дэвсэж байснаа баруун халаасанд байсан миний Хуавай Пи-9 маркийн гар утсыг аваад өшөө чамд юу байна гээд өшиглөж дэвсээд байхаар нь миний баруун гарт оосроор нь бугуйндаа зүүсэн байсан спикерээ гарнаасаа мултлаад ах аа энийг ав надад өөр юм байхгүй гэж хэлсэн...нэг мэдсэн ухаан алдсан байх сэрээд хартал Хархорин захын хашаагаар ганцаараа орж байсан...” /хх-ийн 52-56/ гэж  мэдүүлсэн нь; 

         гэрч А.-Гы “...нөхөр -Г.П нь машины арын дугуйны хажууд газар сууж байсан...нүүр ам нь нийлэхүйдээ цус болсон шороо болсон хувцас нь урагдсан аймаар байдалтай сууж байсан...нөхөр -Г.Пийн төрсөн дүү -П рүү утсаар яриад ах чинь хүн зодуулаад нүүр ам хувцас хунар нь аймаар болсон байна гэж хэлсэн... дүүгийнд нь ороод хувцсыг нь тайлуулаад үзсэн чинь нурууны ард хэсэгт хатгуулсан гэмээр ангайсан шархтай нуруу хэсэг хувцас нь цус болсон зарим хэсгээр хатсан байсан. Тэгээд бас уруул нь сэтэрч хавдсан, чихний ар тал нь бас язарсан толгой нь хагарсан байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг аваачиж нуруунд оёдол тавиулахад зураг авч үзэхэд цээжний хөндийн нэвтэрсэн, уушгинд цус хурж ус гүйсэн байна. Шууд эмнэлэгт хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/,  гэрч -Г.Пгийн “2020 оны 8 дугаар сарын 4-ний орой 20 цагийн үед миний төрсөн ах болох -Г.П эхнэр -Г над руу утсаар залгаад ах чинь хүнд зодуулчихсан байна хүрээд ирээ Хархорины хашаан дотор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машингүй байгаа та манайд аваад ирээч гэж хэлсэн. Удалгүй 21 цагийн үед -Г.П ах -Г манайд ирсэн. Тэгээд би юу болсон талаар нь асуусан чинь Драгон төвөөс Хархорин руу эгч рүү чинь явж байсан чинь нэг үл таних надаас ахимаг насны хүн надад нэг шил архи авч өгөөд бид 2 хамт уусан гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө үл таних хүн намайг зодоод гар утас, спикер хоёрыг аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/, шинжээчийн 9186 дугаартай  дүгнэлт /хх-ийн 81-82/, шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх-ийн 108/, хохирогч -Г.Бийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 166-176/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

        Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч -Б.А- үл таних хохирогч -Г.Бт хамт архи уух санал гаргаж өөрөө архи худалдан авч түүнийг  архиар шахаж согтоон, улмаар эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн зодож, хутгаар хутгалж  “...цээжний хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт” бүхий  амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

        Өөрөөр хэлбэл -Б.А-ын дээрх үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт,  мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

         

        Иймд шүүгдэгч -Б.А-ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, мөн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

        Гэм буруугийн талаар шүүгдэгч -Б.А- “би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч -Г.Б хэргийн үйл баримтын дэс дарааллыг тодорхой мэдүүлсэн  байх ба  мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан төдийгүй, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа эхнэр А.-Гы ажлын газрын гадаа автомашиныг нь налаад сууж байсан талаар гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байдаг. Энэ байдлаас үзэхэд хохирогч -Г.Б нь болсон үйл явдлыг  мэдэх бүрэн боломжтой байсан байна .

       Хэрэгт шүүгдэгч -Б.А- энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх ямар нэгэн эргэлзээ төрөхүйц байдал тогтоогдоогүй болно.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч -Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

        -Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ /хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж гар утас, спикер дээрэмдэн авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан,  улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан/ зэргийг харгалзаж  шүүгдэгч -Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр  мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

        Шүүгдэгч -Б.А- нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хүнд төрлийн хоёр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдлыг нь харгалзаж эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

     

        Хохирлын хувьд хохирогч -Г.Бт дээрмийн гэмт хэргийн улмаас учирсан гар утасны 200.000 төгрөг, спикерийн 40000 төгрөг нийт 240.000 төгрөгийн хохирол, эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсны улмаас учирсан мэс заслын зардлын 431.000 төгрөг дээр шүүх хуралдаан дээр гаргасан 100.000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж нийлээд 531.000 төгрөг буюу эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохиролд нийт 771.000 төгрөгийг шүүгдэгч -Б.А-аас гаргуулж хохирогч -Г.Бт олгохоор шийдвэрлэлээ.  

 

         Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

        1.Х овогт -Б.Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн”

         “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч -Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр  мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

        3. -Б.А-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

        4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар -Б.А-аас нийт 771.000 төгрөг гаргуулж хохирогч -Г.Бт олгосугай.

 

        5. -Б.А-ын цагдан хоригдсон 89 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    

        6. Хэрэгт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

                             ШҮҮГЧИД                                    М.ДАЛАЙХҮҮ

 

                                                                                   Г.ЗОЛБОО