Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Б-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2024000230019 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *төрсөн, 41 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, урьд * шийтгүүлж байсан, ИЦ регистрийн дугаартай, Г.О.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.О нь:

-2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 12-1221 тоот хашаанд байрлах Г.Гн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг онгойлгон нэвтрэн орж, Сони /Sony/ маркийн 32 инчийн зурагт хулгайлж, Б.Д-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16-18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 13-1338 тоот хашаанд байрлах Д.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг онгойлгон нэвтрэн орж, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө хулгайлж, Д.Ц-д 80,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 11-1106 тоот хашаанд байрлах Ц.М-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи, мөн зуны байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, автомашины хайлшин обуд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Мд 413,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 15-1501 тоот хашаанд байрлах Х.О-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Дидиш картын хамт, модон эрх, номин ногоон хув эрх, арслангийн дүрс бүхий польсин цутгамал баримал 2 ширхэг, эмэгтэй хүний польсон бүс 1 ширхэг, хар талсттай ээмэг 1 хос, гоёлын ээмэг 1 хос, гоёлын гинжин зүүлт 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Х.О-т 471,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 305 тоот хашаанд байрлах Д.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, ВSВ маркийн 43 инчийн LCD өнгөт зурагт, TCL маркийн 12 инчийн зурагт, ясан хяртай эмээлийн мод, эмэгтэй хүний цааны арьсан гутал, эрэгтэй хүний хромон гутал, автомашины хайлшин обуд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Д.Г-т 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

1. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 12-1221 тоот хашаанд байрлах Г.Гн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг онгойлгон нэвтрэн орж, Сони /Sony/ маркийн 32 инчийн зурагт хулгайлж, Б.Д-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Дн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ очиход манай нөхөр Г, О /Г.О/-той хамт архи уучихсан сууж байсан. Тэгээд яагаад архи дарс уугаад байгаа юм, энэ чинь та нарын архины орон юмуу  гэтэл манай нөхөр миний урдаас орилж чарлаад ална чамайг гээд байхаар нь би цагдаа дуудсан, удаа ч үгүй О манайхаас гараад явчихсан. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг авахдаа та хамт яваарай гээд намайг хамт цагдаа дээр авчирсан. Тэгээд би цагдаагаас гараад аавындаа очиж хоноод ажилдаа явчихаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн зүүлгээтэй байж байсан, гэрт ороод харахад манай хойморын өрөөнд байдаг 32 инчийн Сони маркийн өнгөт зурагт алга болчихсон байсан. Тухайн үед цагдаа дуудалгүй нөхрийгөө архинд тавиад уучихсан юм байх гэж бодоод гэрийнхээ хажуу талын дэлгүүрт орсон чинь архинд тавиагүй байна гэхлээр нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Би уг зурагтаа өнгөрсөн намар 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай зурагт алдагдсанаас хойш О /Г.О/ манайхаар ирэхгүй байсан юм. Тэгсэн саяхан манай нөхөртэй хамт архи уучихсан явж байхаар нь та хоёр нийлж битгий архи уугаад бай гээд загнасан чинь би одоо дахиж танайхаас хэзээ ч хулгай хийхгүй ээ, зурагтыг чинь удахгүй олж өгнө гэж хэлсэн. Тэгэхлээр нь чи манай зурагтыг хулгайлсан юм уу гээд асуусан чинь тийм ээ би аваад Ж-н дэлгүүрт тавиад архи аваад уучихсан гэж хэлсэн. О-тай эрүүл үед нь таараад зурагтаа асуухлаар би удахгүй зурагтыг чинь олж өгнө гээд байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 26-29 дүгээр хуудас/,  

-Гэрч Г.Гн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр  шөнөө Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэж хоносон. Тэгээд маргааш орой 18 цагийн үед гэрээс зурагт алдагдсан талаар мэдсэн. ...Би гэртээ О-тай хамт архи ууж байгаад эрүүлжүүлэгдсэн. ...Манай эхнэрийг гэртээ ирэхэд болон намайг цагдаа нар ирээд эрүүлжүүлэх гээд аваад явахад манай зурагт гэрт байсан. ...Би сүүлийн хэд хоног Г.Отай хамт архи уусан ба бид хоёр мөнгөгүй болоод архи яаж авах талаар ярьж байсан чинь хулгай хийх үү гэхлээр нь би юу яриад байгаа юм баригдвал шоронд орно ш дээ гэсэн чинь цагдаа мэдсэн ч зүгээр, чи намайг хар л даа би танай зурагтыг хулгайлсан гэдгээ цагдаад хэлсэн, цагдаа намайг яах ч үгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Мөн түүнээс хойш эрүүл таараад чи манай зурагтыг аваад өгөөч гээд хэлэхээр боломжгүй байна, Ж дээр очоод нөгөө зурагтаа авъя гэхлээр байхгүй чиний өгсөн зурагт гээд бүүр жижиг зурагт гаргаж ирээд байх юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 37, 40 дүгээр хуудас/,  

-Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Үд өнгөрөөд ахынх руу явж байхад сайрын хонхорыг даваад орж ирэхэд Г.О, Г тэр хоёр хашааны үзүүрт зурагтны талаар ярьж зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 47 дугаар хуудас/,  

- Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н 12-1221 тоот хашаанд байрлах Г.Гн гэрт очтол гэрэл нь асаалттай гэрт нь хүнгүй байсан. Би тухайн өдөр Гтай хамт гэрт нь очиход Г гэрийнхээ хаалганы цоожийг гараараа татаж онгойлгож байсан юм. Тэгээд Гын гэрийн хаалганы цоожийг гараараа татаж онгойлгоод дотогш орж гэрийн хоймор байсан Сони загварын хар өнгийн хүрээтэй зурагтыг авч гарсан. Тэгээд Гын гэрээс авсан зурагтаа О гэх хүний гэрт аваачиж өгөөд дэлгүүрээс нь архи, пиво, ундаа авсан. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг асуудлын талаар үнэн зөв тодорхой ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 6-7 дугаар хуудас/,   

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 000000022 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй, 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2 гэж дугаарласан гарын мөр Г.Оын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт /ХХ1-ийн 53-56 дугаар хуудас/,  

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ1-ийн 12-15 дугаар хуудас/,  

-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16-18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 13-1338 тоот хашаанд байрлах Д.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг онгойлгон нэвтрэн орж, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө хулгайлж, Д.Цад 80,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхад 13 цагийн орчимд манай гэрээр О, Г нар жоохон архи уусан халамцуу гэмээр орж ирсэн, тэгээд гараад явсан. 16 цаг 20 минутын орчимд гэрээсээ гараад айлд очоод 14 суваг гардаг станц аваад гэртээ 18 цагийн орчимд орж ирэхэд үүдний таамбарт байсан хөрөө алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээс өмнө Ж гэх манай гудамжинд дэлгүүр ажиллуулдаг хүн манай хөрөөг авчирч өгсөн. ...Би гэрээсээ гараад явахдаа гудамжны эхэнд байдаг Ж-н дэлгүүр ороод урагшаа төв дэлгүүр орж нэгж авах гэж явна гэтэл Ж надад нэг захисан. Тэгээд төв дэлгүүр орж Жгийн захисан нэгжийг авчихаад өгөх гээд дэлгүүр дээр нь буцаад очиход Жй “би сая нэг хямдхан хөрөө авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хэдэн төгрөгөөр, хэнээс авав гэж асуусан чинь 50,000 төгрөгөөр танихгүй хүнээс авчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ буцаж очилгүй айл руу явчихсан болохоор өөрийнхөө хөрөө алга болсон талаар мэдээгүй.м Тэгээд гэртээ буцаж ирээд хөрөөгөө алга болсныг мэдээд цагдаа дуудсан. ...Би хөрөө байхгүй болчихсон байхлаар нь хүүхэд рүүгээ залгаад манай хөрөө алга болчихсон байна. Ж түрүүн нэг хөрөө худалдаж авсан гэж байсан чи Жруу залгаад асуугаадхаач гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд Жу руу яриад манай хөрөө байна, та гэрт аваачаад өгөөч гэж хэлсэн гэсэн. Тэгээд л Ж манайд хөрөөг авчирч өгсөн. Би энэ хөрөөг О буюу О-с авсан гэж хэлээд авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 88-89 дүгээр хуудас/,  

-Гэрч Г.Гн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би айлд ажил хийж дуусаад  пиво уучихаад гэртээ хариад гэрийн түлхүүр байхгүй байхаар нь хашааныхаа үүдэнд зогсож байтал О манай гудамжаар явж байгаад намайг дуудсан. Тэгэхлээр нь би очиж уулзаад бид хоёр Ц эгчийнд ороод 10,000 төгрөг аваад О-тай гарч яваад дэлгүүрээс 1 шил архи аваад тахиан толгойн ард очиж уугаад буцахдаа Ц эгчийн хашаанд очсон. Тэгээд О хашаанд байсан машинаас нь гэрийнх нь түлхүүрийг гаргаж ирээд хаалгыг нь онгойлгоод үүдний таамбараас нь дружба хөрөө гаргаж ирэхээр нь чи яах гээд байгаа юм бэ гэхэд би өөрийнхөө юмыг авч байна, хамаагүй юм яривал ална шүү гэж хэлээд гэрийнх нь хаалгыг буцааж түгжээд түлхүүрийг нь байсан газар нь хийсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 91 дүгээр хуудас/,  

-Гэрч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд би Ж ахынд хоол авчирч өгчихөөд дэлгүүрийн гадаа машин дотор тамхи татаж байхад О нэг дружба хөрөө бариад хүрээд ирсэн. Тэгээд Ж-г хөрөө авчих гэсэн, тэгэхээр нь Жунай бид 2 наадах чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд О хулгайн юм биш ээ манай найзын хөрөө байгаа юм маргааш өдөр авчихъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 93 дугаар хуудас/,  

-Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд би Тэгш дэлгүүрт байж байхад М хоол авчирч өгсөн. Тэгээд хоолоо идчихээд гадаа дэлгүүрийн үүдэнд машин дотор тамхи татаад байж байхад О нэг дружба хөрөө бариад хүрээд ирсэн. Тэгээд хөрөө авчих гэсэн, тэгэхээр нь би наадахыг чинь авахгүй  хулгайн юм байвал надад гай болно гэсэн. Тэгсэн чинь хулгайн юм биш ээ манай найзын хөрөө байгаа юм маргааш өдөр гэхэд авчихна гэсэн. ...Ц эгчийн хүүхэд нь над руу залгаад миний хөрөө алга болсон байна, та хүнээс хөрөө авсан уу гэхээр нь би хүнээс хөрөө авсан, цагаан алаг, хар өнгийн маниултай хөрөө байна гэхэд манай хөрөө байна гээд би хөрөөг нь Ц эгчид аваачиж өгөхөд Ц эгч мөн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 83-84 дүгээр хуудас/,

-Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Ц-н хашаанд байсан байшингийн үүдний модон амбаар дотроос цахилгаан хөрөөг хулгайлсан. Тухайн өдөр би Гтай хамт явж байсан. Би Гад би өөрийнхөө хөрөөг авч байна гэж хэлээд уг хөрөөг амбаараас нь авсан. Өмнө нь намайг Ц гуайн хашааг янзалж өгч байхад тэднийд цахилгаан хөрөө байсан ба уг хөрөөгөө үүдний амбаартаа хадгалдаг гэдгийг мэдсэн. Мөн гэрийнхээ түлхүүрийг байшингийнхаа урд талд байдаг машин дотор хадгалдаг гэдгийг мэдсэн байсан. Тэгээд би тэр өдөр Гад өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг итгэл төрүүлж шууд машины кабин дотроос байшингийн түлхүүрийг авч үүдний амбаарын хаалгыг онгойлгон дотогш орж, цахилгаан хөрөөг авсан. Хулгайлсан хөрөөгөө О-н дэлгүүрт аваачиж өгөн 1 шил архи, 1 ширхэг ундаа, 1 шил огурцы авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ гаргасан мөрдөгчийн магадлагаа /ХХ1-ийн 96-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 11-1106 тоот хашаанд байрлах Ц.М-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи, мөн зуны байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, автомашины хайлшин обуд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Мд 413,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу ээлжийн амралтаа аваад явсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 21-нд гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдэж байшин дотроос 2 ширхэг мөнгөн аяга, бурхан дээр байсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архи алга болсон байсан. Мөн зуны байшингийн хаалганы цоожйг эвдэж байшин дотроос автомашины хайлшин обуд зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Алдагдсан 2 ширхэг мөнгөн аяга, машины обуд зэрэг эд зүйлээ олж авсан...” гэсэн мэдүүлэг /XX2-ын 30-31 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны үдээс өмнө 11 цагийн үед Хайрхан багийн сүмийн хорооны хойно гудамжинд шороо асгаж байхад О буюу Г.О, Б нар ирсэн. Тэгээд О манай эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтэж байгаа энэ мөнгөн аягыг зармаар байна гээд том, жижиг 2 ширхэг мөнгөн аяга бариад явж байсан. Тэгээд том аягаа 70,000 төгрөгөөр зарна гэхээр нь би авахгүй гэсэн чинь 50,000 төгрөгөөр авчих би буцааж авна гэж хэлэхээр нь би 50,000 төгрөг өгөөд том аягыг нь авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 33 дугаар хуудас/,

-Гэрч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нэг том мөнгөн аяган дээр “Аавдаа дурсгав. Том хүүгийн гэр бүлээс 2018 оны 2 сарын” гэсэн бичигтэй. Жижиг мөнгөн аяга “2015 оны байгууллагын аварга туслах багш Ц.Мд дурсгав. 1 дүгээр цэцэрлэгийн захиргаа 2015.10.03” гэсэн бичигтэй аяга байсан ба мөн бурхан дээр байсан Ерөөл нэртэй архи алга болсон. Зуны байшин дотроос пажеро маркийн автомашины 1 ширхэг хайлшин обуд зэрэг эд зүйл алга болсон..." гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 36-37 дугаар хуудас/,

-Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны үед намайг таксинд явж байхад нэг хүн утсаар яриад Т-н колонкийн хажууд хүрээд ир гэсэн. Тэгээд намайг яваад очиход Г.О, Б, Б нар байсан. Тэгээд машинд суусан хойноо О нь нэг жижиг мөнгөн аяга үзүүлээд энэ аягийг 50,000 төгрөгөөр авчих гэсэн, тэгэхлээр нь би авахгүй гэсэн, хулгайн эд зүйл байна, та гурвыг цагдаад өгнө гэсэн чинь хулгайн зүйл биш гэсэн.. ..Би тухайн аягыг нь авч үзэхэд манай эгчийн нэртэй аяга байхаар нь би тэр аягыг нь аваад маргааш аягаа аваарай гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 40-41 дүгээр хуудас/,

-Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны үед намайг өөрийн 13-19 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй төв гудамжинд Хүрэн тал зоогийн газрын хажууд явж байхад Г.О нь зам дээр гараа өргөж намайг зогсоосон. Тэгээд яах гэж байгаа юм гэсэн чинь энэ машины обудыг зарна гэхээр нь хэдээр зарах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь нэг шил архи аваад өгчих гэхээр нь 0,3 литрийн хараа нэртэй архи авч өгөөд авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 42 дугаар хуудас/,

-Гэрч Д.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг айлд сууж байхад гаднаас О буюу О ганцаараа орж ирээд намайг хамт гаръя гээд бид хоёр айлаас гараад Б-д очсон. Тэгээд Б гэх ангийнхаа залууг нэг мөнгөн аяга авчихаач гээд гуйгаад байсан. Харин нөгөө Б нь хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуугаад О яалаа гэж дээ гэж хэлээд манай эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтэж байгаа мөнгөний хэрэгтэй байна гээд Б-д 50,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээсээ такси дуудаад явж байгаад бас нэг мөнгөн аяга гаргаж ирээд нөгөө таксины жолооч А-т нөгөө аягаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 44 дүгээр хуудас/,

-Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 11-1106 тоотод байрлах иргэн Ц.М-н байшинд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 шил архи, 1 хайлшин обуд авсан. Хайлшин обудыг Б-т 5,000 төгрөгөөр, 1 ширхэг мөнгөн аягыг нь Б-д 50,000 төгрөгөөр зарж, харин нөгөө аягыг нь А авсан, би түүнээс мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 6-7 дугаар хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-ын 12- 15 дугаар хуудас/,

-Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ2-ын 21-26 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ гаргасан мөрдөгчийн магадлагаа /ХХ2-ын 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 15-1501 тоот хашаанд байрлах Х.О-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Дидиш картын хамт, модон эрх, номин ногоон хув эрх, арслангийн дүрс бүхий польсин цутгамал баримал 2 ширхэг, эмэгтэй хүний польсон бүс 1 ширхэг, хар талсттай ээмэг 1 хос, гоёлын ээмэг 1 хос, гоёлын гинжин зүүлт 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Х.О-т 471,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд манай нөхөр М.Он бид хоёр хөдөөнөөс гэртээ иртэл манай гэрийн таамбарын хаалга онгорхой, цаад талын хаалга нь мөн хагас онгорхой байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь хойморын өрөөнд байх Дидиш плашийн хамт, мөн Махгал нэртэй бурхан, модон эрх, номин ногоон хув эрх, арслангийн дүрс бүхий польсин цутгамал баримал 2 ширхэг, эмэгтэй хүний польсон бүс 1 ширхэг, хар талсттай ээмэг 1 хос, гоёлын ээмэг 1 хос, гоёлын гинжин зүүлт 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ынн 72-73 дугаар хуудас,

-Иргэний нэхэмжлэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр Өвөгдий дэлгүүрийн урд талд зогсож байтал О ирээд нүүрэн дээрээ DDS-6260\/R, HD HDMI Nagra гэсэн бичигтэй Дидишийг анх 80,000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд надад 30,000 төгрөг л байна гэж хэлэхэд надад 30,000 төгрөгөөр зарсан. О-с 30,000 төгрөгөө буцааж авмаар байна ...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 75 дугаар хуудас/,

-Гэрч М.О-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд эхнэрийн хамт хөдөөнөөс гэртээ иртэл манай гэрийн таамбарын хаалга онгорхой, дотор талын хаалга мөн онгорхой байдалтай байсан. Гэртээ ороод харсан чинь хойморын өрөөнд байх Дидиш плашийн хамт мөн Махгал нэртэй бурхан, модон эрх, номин ногоон хув эрх, арслангийн дүрс бүхий польсин цутгамал баримал 2 ширхэг, эмэгтэй хүний польсон бүс 1 ширхэг, хар талсттай ээмэг 1 хос, гоёлын ээмэг 1 хос, гоёлын гинжин зүүлт 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 79 дүгээр хуудас/,

-Гэрч М.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай дүү М.О-х Томын ногооны талбай дээр ажиллаад гэр бүлээрээ хөдөө байдаг юм. Саяхан 6 сарын сүүлээр хөдөөнөөс сумын төв дээр байрлах гэртээ ирсэн чинь гэрт нь хулгай орж эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 82 дугаар хуудас/,

-Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хөдөөнөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 орчимд Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг ХАА-н хороо 15-1501 тоотод байрлах дүү М.О-ы гэрт очиж хөлдөөгчинд нь өрөм зөөхий хийчихээд буцаад явсан. Тэгээд маргааш нь буюу 6 дугаар сарын 29-ний өдөр М.О эхнэрийнхээ хамт сумын төвд байх гэртээ ирэхэд гэрт нь хулгай орж эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 87 дугаар хуудас/,

-Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...6 дугаар сарын сүүлээр Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 15-1501 тоотод байрлах М.О-ы байшингийн цонхоор орж хойморын өрөөний зурагтын тавиур дээр байрлах бурханы урдаас шар өнгийн төмөр гуутай, зурмал жижиг бурхан 1 ширхэгийг, мөн эмэгтэй хүний ээмэг, бөгж, зүүлт зэрэг зүйл жижигхэн хайрцагтай байсныг, хар өнгөтэй Дидишийн хүлээн авагч, сим карт болон плашны хамт, арслангийн дүрс бүхий жижигхэн цутгамал 2 ширхэг, 1 ширхэг гар утас зэргийг авсан. Дидишийн хүлээн авагч, сим карт, плашийг Б-д 30,000 төгрөгөөр зарсан. Харин эмэгтэй хүний ээмэг бөгж, зүүлт зэргийг Өвөгдий супермаркетын гадна талын хогийн саванд хийсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 7 дугаар хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-ын 63- 64 дүгээр хуудас/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ2-ын 69 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ гаргасан мөрдөгчийн магадлагаа /ХХ2-ын 89-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 305 тоот хашаанд байрлах Д.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, ВSВ маркийн 43 инчийн LCD өнгөт зурагт, TCL маркийн 12 инчийн зурагт, ясан хяртай эмээлийн мод, эмэгтэй хүний цааны арьсан гутал, эрэгтэй хүний хромон гутал, автомашины хайлшин обуд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Д.Г-т 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хөдөө байх гэрээсээ төв дээр байх гэртээ ирсэн чинь манай гэрээс 43 инчийн зурагт, TGL маркийн зурагт, ясан хяртай эмээлийн мод, цааны арьсан эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний хромон гутал, автомашины хайлшин обуд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 128-130 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байж байсан гаднаас О эмээлийн мод барьчихсан орж ирээд та энийг надаас худалдаад авчихаач гээд гуйхлаар нь хулгай хийсэн байх гэж бодоод би наад эмээлийн модыг чинь авахгүй гэсэн чинь 20,000 төгрөгөөр л зарна гэхлээр нь ийм хямдхан эмээлийн мод гэж юу байдаг юм чи хулгай хийсэн биз гэсэн чинь үгүй би гэрээсээ авсан юм, авчихаач гээд гуйгаад байхлаар нь түүнээс эмээлийн модыг нь 20,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 131-132 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр намайг Сэлбэгийн дэлгүүр дээрээ байж байхад Ггийн залуу нэг обуд барьж орж ирээд авчихаач, будаа элсэн чихэр, мах авах гэсэн мөнгөгүй болчихлоо гээд гуйгаад байхлаар нь би хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуугаад , үгүй минийх байгаа юм гээд байхлаар нь нөгөө обудыг 8,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ынн 134-135 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад гаднаас Г.О годон буюу цааны арьсан гутал хар торонд хийчихсэн орж ирээд эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг гараад байна, энэ гутлыг аваад 20,000 төгрөг өгчих, миний дүүгийн гутал байгаа юм би дараа боломжтой болохоороо авна гэж хэлэхээр нь 20,000 төгрөг бэлнээр өгөөд нөгөө гутлыг нь авч үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 137-139 дүгээр хуудас/,

-Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тосонцэнгэл сумын Хайрхан баг ХАА-н хороо 3-305 тоот хашаанд байх Д.Г-н байшингийн таамбарын цонхоор нэвтэрч тэдний байшин дотроос 42 инчийн 1 ширхэг зурагт, 14 инчийн 1 ширхэг зурагт, эмээлийн мод 1 ширхэг, цааны арьсан гутал 1 хос, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, хайлшин обуд 1 ширхэгийг авсан. Тэгээд эмээлийн модыг Ц гуайд 20,000 төгрөгөөр, Мөндөөхэйн дүү М-д хайлшин обудыг 8,000 төгрөгөөр, цааны арьсан гутлыг Ц.Н-д 10,000 төгрөгөөр өгч, хромон гутлыг Д гэдэг залуутай яалуу гутлаар сольж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 6-7 дугаар хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-ын 107-109 дүгээр хуудас/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ2-ын 119, 122, 125 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ гаргасан мөрдөгчийн магадлагаа /ХХ2-ын 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм.

Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаарна.

Энэ шинжээр авч үзвэл Г.Оын бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлсан нь нэг төрлийн гэмт хэргийн давталт болно.

Иймд Г.Оын дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.От ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг үйлдлийнх нь хэр хэмжээнд нийцүүлэн оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Г.О нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.От оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хорих ялын биелэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шүүгдэгч Г.Оаас энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.У