Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00412

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00412

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Пийс тауэр, 10 давхар, 1004 тоот хаягт байрлах Астериск техноложис ХХК /РД: 5723116/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ажилчны гудамж, 131/4, өөрийн байранд байрлах, Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК /РД: 5440904/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103.032.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Астериск техноложис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Өнөржаргал гүйцэтгэгч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн Зам, дэд бүтцийн захирал Ч.Пүрэвжаргал буюу захиалагч талтай №150 Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан. Гүйцэтгэгч нь захиалагчийн шаардлагын дагуу программ хангамжийн шийдлүүдийг Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д иж бүрнээр боловсруулж, нийлүүлэх, мөн гэрээнд заасан ажлын хөлс төлөхөөр тохиролцон ажлыг хийж гүйцэтгэн гэрээг дүгнэсэн. Гэвч хариуцагч тал болох Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-ийн Зам, дэд бүтцийн захирал Ч.Пүрэвжаргал нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 85.860.000 төгрөгийг төлөлгүй 8 сар гаруй хугацаа өнгөрч байна. Иймд хариуцагчаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 85.860.000 төгрөг, гэрээний 3.12 дахь заалтын дагуу алданги 17.172.000 төгрөг, нийт 103.032.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 32.172.000 төгрөгөөр бууруулж, хариуцагч нь 70.860.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23.620.000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохирч эвлэрч байна гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаад,

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Астериск техноложис ХХК нь хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103.032.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 32.172.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 70.860.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23.620.000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 512.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Астериск техноложис ХХК-ийн нэхэмжлэлтэй Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103.032.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 32.172.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 70.860.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23.620.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23.620.000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673.110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 512.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Астериск техноложис ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ