Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Б.Ц,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2024000490036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Улсын иргэн, төрсөн, 58 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 охины хамт  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаартай, Т овогт Б.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.9744 м3 хэрэглээний нойтон мод болон 0.93 м3 түлээний нойтон мод бэлтгэж ойн санд 5.890.672 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 30 тооны босоо ургаа нойтон модыг тайрч бэлтгэсэн болох нь:

 

Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 27, 28-ны үед Их-Уул сумын төвд хадам дүү Б.Ц-тай

таарахад надад Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газарт малын хашаа барих зорилгоор хэдэн нойтон мод 2020 оны 04 дүгээр сард хийж бэлтгэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд надаас одоо гоожин авч болох уу? та нэг гоожин хөөцөлдөөд өгөөч гэж хэлж байсан юм. ...Сүүлд Ц ойгоос 30 орчим босоо нойтон модыг унагаж бэлтгэсэн талаар сонссон...” гэсэн /хх 37-39/ мэдүүлэг,

Гэрч М.Т-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 02, 03-ны үед адуунд явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газарт ойгоос нойтон мод бэлтгэсэн байхыг анх олж харсан юм. Тухайн үед 30 орчим тооны шинэс төрлийн босоо нойтон моднуудыг тайрч унагаад хаячихсан тууш урт чигээрээ байсан. Харин ганц нэг модыг 6 орчим метрийн уртаар тайрсан байсан. Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрийн үед Зарт багийн төв дээр багийн засаг дарга П.У-тэй таараад “Ар нүүр” гэх газарт босоо нойтон моднуудыг тайрч унагаад хаячихсан байна гэж хэлсэн...” гэсэн /хх 35-36/ мэдүүлэг,

Гэрч П.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Зарт багийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн нийтийн хурлаас Зарт багийн ойн сангаас хэрэглээний зориулалтаар ойн тусгаарлалт хийх, арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт хийхийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хориглосон 6 дугаартай тогтоолыг гаргасан. Тэгээд тогтоол гарсантай холбогдуулж 2019 оны 01 дүгээр сараас хойш багийн нутаг дэвсгэрээс иргэд болон ойн мэргэжлийн байгууллагуудад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгохгүй өдийг хүрч байгаа. Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газарт нойтон мод хууль бусаар бэлтгэсэн байна гэдгийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай багийн иргэн Т гэдэг залуу анх надад хэлсэн. Миний зүгээс тухайн үед байгаль хамгаалагч Б.С-д хэлж мэдэгдсэн...” гэсэн /хх 33-34/ мэдүүлэг,

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц нь 2020 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. Зарт багийн иргэдийн нийтийн хурлаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус багаас хэрэглээний мод бэлтгэхийг хориглосон тухай тогтоол гаргасан. Дээрх тогтоол гарсантай холбогдуулж Зарт багийн иргэдэд 2019 оны 01 сараас хойш хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхгүй байгаа. Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэж бодож байна. Би Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газарт нойтон моднууд бэлтгэсэн байна гэдгийг Зарт багийн засаг дарга П.У-с сонсоод 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр очиж үзсэн. Намайг очиж үзэхэд 30 орчим тооны нойтон моднуудыг тайрч унагасан байдалтай байсан. Харин тухайн моднуудаас 2-3 ширхэг модыг 6 метрийн уртаар тайрсан байдалтай үлдсэн моднууд нь тууш уртаараа байсан...” гэсэн /хх 31-32/ мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Б.Ц-ы зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Иргэн Б.Ц-ы Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нэхэмжлэхээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хх 28/ мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “...Б.Ц-ы

ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий мод, 2 метрийн урттай түлээний мод байна. Уг моднууд нь 4,9744 м3 хэрэглээний нойтон мод, 0,98 м3 түлээний нойтон мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газар нь ойн сан, ойн сангийн 1-р мужлал Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 570,216 төгрөг байна. Б.Ц-ы ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 04 дүгээр сард хийж бэлтгэсэн байж болох. Б.Ц-ы ойгоос хийж бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн тогтооход 1 дүгээр мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1.8-иар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,028,388 төгрөг, бэлтгэсэн 4,9744 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 5,108,337 төгрөг, түлээний модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1,4-иар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 798,302 төгрөг бэлтгэсэн 0,98 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 782,335 төгрөг нийт 5,890,672 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 43-45/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай “...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” Өртөнтийн Мухар” гэх газрууд нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагддаг нь үнэн болно...” гэсэн албан тоот, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 11-17/ тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц-ы “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Ар нүүр” гэх газрын ойгоос 30 орчим шинэс төрлийн босоо нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр тайрч бэлтгэсэн. Би тухайн моднуудыг ойгоос бэлтгээд 2-3 модыг 6 метрийн уртаар тайраад үлдсэн моднуудыг нь тууш урт чигээр нь байлгаж байсан юм. Би тухайн моднуудыг хөдөө Зарт багт байрлах “Намын хярын” өтөгтөө өвөлжөөний хашаа барих зориулалтаар хийж бэлтгэсэн. Би тухайн моднуудыг ойгоос хийж бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн хар алаг өнгөтэй цахилгаан хөрөөг ашигласан. Би моднуудыг ганцаараа унагаж бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 тооны нойтон мод тайрч унагаж бэлтгэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Б.Ц-ы дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 5,890,672 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “...Б.Ц-ы ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн тогтооход 1 дүгээр мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1.8-иар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,028,388 төгрөг, бэлтгэсэн 4,9744 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 5,108,337 төгрөг, түлээний модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1,4-р үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 798,302 төгрөг бэлтгэсэн 0,98 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 782,335 төгрөг нийт 5,890,672 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо зөрүүгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ц-ы Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 тооны босоо ургаа нойтон модыг тайрч унагаж бэлтгэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 55/ тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-ы 30 тооны ургаа нойтон шинэс мод тайрч, 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 4,9744 м3 мод, 2 метрийн урттай түлээний 0,98 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид учирсан нийт 5,890,672 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17,672,016 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 5,890,672 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба тэрээр 11,781,344 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, охины хамт амьдардаг, ганц бие эцэг зэрэг хувийн байдал болон ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай  этгээдийн  өмчлөлд  байсан  нь  тогтоогдсон  тохиолдолд түүнийг хураан

авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Б.Цы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн хар алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 4,9744 м3 мод, 2 метрийн урттай түлээний 0,98 м3 модыг тус тус улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цахилгаан хөрөө, 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 4,9744 м3 мод, 2 метрийн урттай түлээний 0,98 м3 модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-ы хувьд ногдох хөрөнгө буюу түүний өмчлөлийн хөрөнгөөс эр ямаа 10 ширхэг, эм хонь 8 ширхгийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 5,890,672 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц-с хохиролд 11,781,344 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тураг овогт Б.Ц-г зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн хар алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 4,9744 м3 нойтон мод, 2 метрийн урттай түлээний 0,98 м3 нойтон модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 5,890,672 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с хохиролд 11,781,344 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 6 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 4,9744 м3 нойтон мод, 2 метрийн урттай түлээний 0,98 м3 нойтон модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ц-ы хувьд ногдох хөрөнгө болох 10 ширхэг эр ямаа, 8 ширхэг эм хонийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/17 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ