Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Д.Г,

Нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн 2024000460040 дугаартай хэргийг ердийн  журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн,  төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЗ регистрийн дугаартай, Аовогт Д.Г

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г  нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалтай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн мухар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 5.467 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хуурай” гэх газар луу “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 2,458,936 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн мухар” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 48 тооны босоо модыг тайрч унаган бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хуурай” гэх газар луу “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:

Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өвөлжөө Зарт багийн нутаг “Хуурай” гэх газарт байдаг бөгөөд муудсан учраас нөхөр Д.Г нь өвөлжөөгөө засах сэлбэх зорилгоор мод бэлтгэсэн. Яг хэдэн мод бэлтгэснийг нь сайн мэдэхгүй байна. Бэлтгэсэн модныхоо хагасыг нь өвөлжөөн дээрээ буулгасан байсан. Би нөхөртөө мод бэлтгэх зөвшөөрөл авъя гэж хэлсэн. Гэвч миний үгийг сонсоогүй. Модыг цахилгаан хөрөөгөөр тайрч унагасан. Олс ашиглаж уулнаас чирч буулгасан байх. Модыг өөрийн эзэмшлийн “Prontier” маркийн тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа зөөсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам ах Д.Г-н өвөлжөө олон жилийн өмнө баригдсан бөгөөд нэлээд хуучирч муудсан. Д.Г ах өөрийгөө өвөлжөөг засаж сэлбэхээр “Өртөнтийн мухар” гэх газраас мод бэлтгэж өөрийн эзэмшлийн өвөлжөө рүү зөөж байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хэд хэдэн өдөр “Мухар” гэх тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэж байсан. Би мод бэлтгэхэд нь хамт яваагүй. Асуухад нэлээн хэдэн тооны босоо хуурай мод бэлтгэсэн гэж ярьсан. Гэхдээ нойтон мод унагаагүй, харин хуурай мод унагаж бэлтгэсэн гэж ярьсан. Би мод бэлтгэж байгаа газрыг тусгай хамгаалалттай газар гэж нэг удаа хэлж байсан. Модыг цахилгаан хөрөөгөөр тайрч унагаж, олс ашиглаж уулнаас чирч буулгаж, өөрийн эзэмшлийн “Prontier” маркийн тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа зөөсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх 40-41/

Гэрч П.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өртөнтийн мухар гэх газар нь Тарвагатай нурууны байгалийн цогцолбор, төрийн хамгаалалттай газарт хамаардаг. Тухайн газраас хэрэглээний болон цэвэрлэгээний журмаар огт мод бэлтгэж болохгүй. Тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай Зарт багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор тухайн газраас хэрэглээний тусгаарлалт хийх болон арчилгаа цэвэрлэгээний журмаар огтлолт хийхийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хориглосон байгаа. Тиймээс тухайн газарт байгаль орчин хариуцсан алба хаагч нараас мод бэлтгэх эрхийн бичиг олгох ёсгүй...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,

Гэрч Б.-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Г-г Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн мухар” гэх газрын ойгоос мод бэлтгэсэн болохыг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд мэдсэн. Тухайн газар нь Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газар гээд төрийн хамгаалалттай газарт хамаарагддаг. Тухайн газраас хэрэглээний болон цэвэрлэгээний журмаар огт бэлтгэж болохгүй гэсэн Зарт багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан. Тийм учраас Зарт багийн нутагт хэрэглээний тусгаарлалт огт хийгдээгүй. Мөн арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт хийхийг хориглосон байдаг. Г нь өвөлжөөгөө засах зориулалтаар хэрэглээний мод бэлтгэсэн байсан. Мөн босоо модонд огтлолт хийсэн байсан. Гомбодорж нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Г нь 48 тооны 4 метрийн урт, хуурай шинэс мод бэлтгэсэн байсан. Ойролцоогоор 5-6 метр куб байх...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,

Иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Г-н зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Д.Г-н Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...3 гэсэн мэдүүлэг /хх 34-35/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай “...Д.Г-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 3.9-10 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий мод байна. Уг моднууд нь 5,467 м3 хэрэглээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Зарт багийн нутаг “Мухар” гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 1-р мужлалд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 249,877 төгрөг байна. Д.Г-н ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 5 дугаар сард ойгоос хийж бэлтгэсэн байж болох. Д.Г-н ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 249,877 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 449,778 төгрөг бэлтгэсэн 5,467 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,458,936 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх-55-57/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай “...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар нүүр” Өртөнтийн Мухар” гэх газрууд нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагддаг нь үнэн болно...” гэсэн албан тоот, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-22/ тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г-н “...Би Их-Уул сумын Зарт багийн Хуурай гэх газарт өөрийн эзэмшлийн өвөлжөөгөө засаж янзлахаар тус багийн “Мухар” гэх газраас 48 тооны босоо модыг хөрөөдөж унагаж бэлтгэсэн. Эдгээр мод нь 4 метрээс 10 метр хүртэл урттай хуурай моднууд байсан. Би эдгээр модыг бэлтгэхдээ байгаль хамгаалагчид хандаж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно. Би уулнаас 48 тооны мод бэлтгэсний хагасыг буюу 28 тооны модыг “Хуурай” гэх газарт байх өөрийн өвөлжөөндөө буулгасан байсан. Харин 20 тооны модыг нь тус сумын Зарт баг “Өртөнтийн Мухар” гэх газарт байх уулнаас өөрийн биеэр цагаалж буулган модны хаяанд хураасан байсан. Би өөрийн эзэмшлийн 32-07 ЗАА улсын дугаартай “Prontier” маркийн тээврийн хэрэгслээр бэлтгэсэн модоо зөөвөрлөсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн мухар” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 48 тооны босоо модыг тайрч бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хуурай” гэх газар луу “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Д.Г-н дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 2,458,936 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай “...Д.Г-н ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 249,877 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 449,778 төгрөг бэлтгэсэн 5,467 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,458,936 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо зөрүүгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г-н Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн мухар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 48 тооны ургаа босоо хуурай модыг тайрч унагаж бэлтгэн, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хуурай” гэх газар луу тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 67/ тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-н 48 тооны ургаа хуурай шинэс мод тайрч, 5,467 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид учирсан нийт 2,458,936 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,376,808 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 2,458,936 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба тэрээр 4,917,872 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-07 ЗАА улсын дугаартай “Prontier” маркийн тээврийн хэрэгсэл, Хятад улсын үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, 6 метрийн урттай олс /уяа/ нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаартай 32-07 ЗАА, марк “Prontier”, өмчлөгч Д.Г...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч Р.Б, Д.Б нарын “...Модыг өөрийн эзэмшлийн “Prontier” маркийн тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа зөөсөн...” гэсэн, шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-07 ЗАА улсын дугаартай “Prontier” маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, олс /уяа/ миний өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсын үйлдвэрлэсэн улаан өнгөтэй цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 48 тооны хэрэглээний 5,467 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улаан өнгөтэй цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, 48 тооны хэрэглээний 5,467 м3 модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6 метрийн урттай цагаан өнгийн олс /уяа/-г устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-н хувьд ногдох хөрөнгө буюу түүний өмчлөлийн хөрөнгөөс нас гүйцсэн адуу 5 ширхэг, нас гүйцсэн үхэр 5 ширхэгийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 2,458,936 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-с хохиролд 4,917,872 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аовогт Д.Г-г зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Г-д хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 48 тооны хэрэглээний бөөрөнхий 5,467 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож, 6 метрийн урттай цагаан өнгийн олс /уяа/-г устгасугай.

7. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 2,458,936 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с хохиролд 4,917,872 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Prontier” маркийн 32-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгөтэй цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, 48 тооны хэрэглээний 5,467 м3 модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 5 ширхэг нас гүйцсэн адуу, 5 ширхэг нас гүйцсэн үхрийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/19, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/13 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ