Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 966

 

                             

 

 

 

 

 

 

 

2020             11           09                                     2020/ШЦТ/966

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч  Г.Билгүүжин

шүүгдэгч М.Ганжаргал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2005020421384 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 27-нд Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Экспресс трейд ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Хувьсгалчдын Х1-09 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн /РД:ЖН98012716/ Бодонгууд овогт Мөнхжаргалын Ганжаргал.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр: 

М.Ганжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зеро” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Г.Ариунбилэгийн эзэмшлийн Самсунг эс 8 плас загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 01- 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зеро нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Г.Ариунбилэгийн эзэмшлийн Самсунг эс 8 плас загварын гар утсыг дээрэмдэж авах явцдаа гараараа нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуя, нуруунд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ганжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсанаа бол зөвшөөрч байна. Харин дээрэмдэх гэмт хэрэг бол үйлдээгүй. Хохирогчид 1.700.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч Г.Ариунбилэг мөрдөн байцаалтанд “2020.06.01-нээс 02-нд шилжих шөнө миний бие найз Цэнгэлмаагийн хамт өөрийн эзэмшлийн автомашинтай таксинд бензины мөнгө олох гэж явж байгаад модны хоёрын дунд замаас хоёр эрэгтэй хүн гараа өргөхөөр нь тухайн хоёр эрэгтэй хүнийг автал хорооллын Өргөө кинотеатр орчихоод Модны хоёр орно гэж хэлсэн.Тухайн хоёр эрэгтэй хүн замдаа явж байхдаа манай найз бид хоёртой танилцъя, хамт буудал орж хөзөр тоглоё гээд байсан.Би тэр хоёр залуугийн хэлсэн газраар нь яваад модны хоёрын дунд замд байрлах “Зеро” нэртэй буудлын гадаа очоод зогстол тухайн хоёр эрэгтэй хүн машинаас буугаад тухайн буудал руу орчихоод буцаж гарч ирээд Цэнгэлмаа бид хоёрыг хамт оръё гээд гуйгаад явуулахгүй байхаар нь зөвшөөрөөд бид дөрөв хамт тухайн буудлын 302 номерын өрөө рүү ороод хөзөр тоглонгоо 2 литр 500 граммын савлагаатай нэг том пиво ууж дуусгаад би машиндаа хөдөө хүнд өгч явуулна гээд нэг шил 750 граммын савлагаатай хар чингис нэртэй архи аваад тавьчихсан байсан юм. Тэрийгээ машинаасаа оруулж ирээд бид дөрөв хамт уусан. Тэгээд байж байтал тухайн хоёр эрэгтэй хүний нэг нь надад хандаж “би гар утсаа таксины мөнгөний барьцаанд тавьчихсан байгаа.Чи мөнгийг нь төлөөд аваад өгөөч. Би өглөө банк онгойхоор мөнгийг чинь эргүүлээд аваад өгье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн таксиг байгаа буудлынхаа гадаа дуудаад ирэхээр нь би өөрөө гараад тухайн таксинаас нь гар утсыг нь 115.000 төгрөгөөр авчихаад эргээд буудлынхаа өрөөнд ороод байж байтал надаар гар утсаа авахуулсан залуу “дахиад архи ундаа авъя” гэхээр нь би “ одоо эртхэн явцгаая, гэр орондоо очно” гэсэн чинь нөгөө залуу “тэгвэл чи миний гар утсыг өг” гэсэн.  Тэр залуу “гар утсаа тавиад ууя” гэхээр нь би “нэмж архи уухгүй” гэсэн чинь тэр утасны эзэн надаас утсаа булааж аваад миний дээрээс дэвсээд гараараа цохиж зодсон. Би өөрийн өгсөн мөнгө болон эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

Гэрч О.Отгонбат мөрдөн байцаалтанд “...тэгээд бид дөрөв буудлынхаа өрөөнд байж байсан чинь нөгөө хоёр эмэгтэй явлаа гэхэд Ганжаргал чи өглөө банк онгойтол буудлын өрөөнд хамт байж байл даа гээд явуулахгүй гэж байгаад гар утсаа тухайн эмэгтэйгээс авах гээд тэр хоёр ноцолдож байтал Ганжаргал тухайн эмэгтэй хүний нүүр рүү гараараа цохисон. Тухайн эмэгтэй газар унахад Ганжаргал хамт давхралдаад унасан. Тэгэхэд нь би Ганжаргалыг тэр эмэгтэйгээс салгасан. Тэгтэл Ганжаргалд цохиулсан эмэгтэй буудлаас гараад явахад араас нь Ганжаргал, би, тэр эмэгтэйн найз эмэгтэй бид гурав гарсан чинь Ганжаргал зам руу гүйгээд яваад өгсөн...Тухайн эмэгтэй Ганжаргалын гар утсыг таксины жолоочоос мөнгийг нь төлж аваад буудлын өрөөнд орж ирээд бид нарыг байж байтал явлаа гэхээр нь Ганжаргал “өглөө банк онгойхоор мөнгийг чинь эргүүлж өгье хамт байж бай” гээд гаргахгүй байтал тэр хоёрын дунд маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Б.Цэнгэлмаа мөрдөн байцаалтанд “...тэр хоёр эрэгтэй бид хоёрыг буудлын өрөө рүү хамт ороод хөзөр тоглоё гээд гуйгаад байхаар нь Ариунбилэг бид хоёр хамт орсон юм...ямар нэгэн дарамт шахалт гэх зүйл байгаагүй. Тэр залуу Ариунбилэгээс “эгчээ би гар утсаа барьцаанд тавьчихсан юм.  Та мөнгийг нь төлөөд аваад өгөөч би маргааш өглөө ломбарданд тавиад эргүүлээд таны мөнгийг өгье” гэхээр нь Ариунбилэг авч өгсөн юм...тэр залуу Ариунбилэгээр өөрийнхөө гар утсыг барьцаанаас авахуулчихаад Ариунбилэгээс гар утсаа аваад зугатаах гэж түүнийг зодсон байх гэж би бодож байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6504 дугаартай “Г.Ариунбилэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуя, нуруунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/

 

      Хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 12-13/

      Ашид билгүүн ХХК-ийн “хэрэглэж байсан гар утас Samsung S8 plus 280.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33/

 

      шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, ял шалгах хуудас /хх-ийн 61/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-65/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-ийн 66/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  М.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

      

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2020 оны 6 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө М.Ганжаргал өөрийн найз О.Отгонбатын хамтаар явж байхдаа тухайн үед таксины үйлчилгээнд өөрийн найз Б.Цэнгэлмаагийн хамт явж байсан үл таних  Г.Ариунбилэгийн автомашинд сууж танилцан улмаар М.Ганжаргал, О.Отгонбат, Г.Ариунбилэг, Б.Цэнгэлмаа нар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зеро” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд орж согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байна.  

Улмаар М.Ганжаргал өөрийнхөө эзэмшлийн Самсунг эс 8 плас загварын гар утсыг таксины барьцаанд тавьсан талаараа  Г.Ариунбилэгт хэлж барьцаанаас авч өгөхийг хүссэн санал тавихад Г.Ариунбилэг зөвшөөрч өөрөөсөө 115.000 төгрөг төлж бусдын барьцаанаас түүний гар утсыг авсан байна.

М.Ганжаргал “өөрийн гар утсаа барьцаалж архи ууя, өглөө болтол хамт  байгаа ч, мөнгийг чинь банк, ломбард онгойхоор өгье” гэх зэргээр хэлэхэд  Г.Ариунбилэг татгалзаж явлаа гэхэд нь М.Ганжаргал уурлаж Г.Ариунбилэгийг зодож гар утсаа авч, бие махбодид нь  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуя, нуруунд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

 Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдаг.

Хэргээс үзэхэд М.Ганжаргал бусдын барьцаанаас өөрийн гар утсаа Г.Ариунбилэгтэй харилцан тохиролцож  чөлөөлүүлсэн нь  Г.Ариунбилэгийг тухайн гар утасны хууль ёсны өмчлөгч гэж үзэхээргүй байна.

       Иймд шүүгдэгч М.Ганжаргал  хохирогч Г.Ариунбилэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул М.Ганжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

        Харин М.Ганжаргал буудлын өрөөнд “хамт байя, барьцаанаас авахуулсан гар утасныхаа мөнгийг нь өглөө өгье” гэхэд татгалзсан Г.Ариунбилэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тэдгээрийн хоорондын үл ойлголцлоос үүдэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Ганжаргал хохирогч Г.Ариунбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Г.Ариунбилэг, гэрч О.Отгонбат, Б.Цэнгэлмаа нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хохиролын баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч М.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        М.Ганжаргалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

       Шүүхэд ирүүлсэн хохирогч Г.Ариунбилэгийн “хохиролд 1.700.000 төгрөг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн бичгийн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Ганжаргалыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

                         

 

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ганжаргалд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Бодонгууд овогт Мөнхжаргалын Ганжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        3. Шүүгдэгч М.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

        5. М.Ганжаргал цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ