Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2017/00045

 

 

Ш.Б ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух Ж овогт Ш Б ийн нэхэмжлэлтэй, тус сумын * дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Шарабаны Б миний бие Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт амьдардаг. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 611 тоот шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу үйлчлэгчийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч ажиллуулаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Хариуцагч Б.Б чамайг ажилд буцаан авахаар болж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм. Одоо чамайг ажилд эгүүлэн аваагүй бол шүүхэд дахин гомдлоо гаргах ёстой хэмээн хариу өгсөн юм. Шүүхээс намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажлыг хаалгахын тулд намайг ажилд эгүүлэн авахаар тохиролцсон дүр эсгэж гүйцэтгэх ажиллагааг хаалгасан боловч бодит байдалд намайг ажилд аваагүй юм. Надад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан талаарх тушаал, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй, ажлын байрандаа ойртуулахгүй байна. Эрхлэгч Б.Б нь бидэнд хандаж хэлэхдээ ажилд авна гэсэн ойлголт байхгүй, шүүхийн шийдвэр надад хамаагүй, би та нарт нэг сарын хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан та нар зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээний хугацааг заагаагүй тул би нэг сараар юм уу нэг хоногоор юм уу хэдий хугацааны гэрээ байгуулахыг өөрөө мэднэ гэж хэлдэг юм. Шүүхээс намайг ажилдаа эгүүлэн тогтоохдоо ажил олгогчийн хугацаатай гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэмээн намайг ажлаас халсан тушаалыг хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой хэмээн үзэж гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Гэвч эрхлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бидэнтэй заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан тул үүнийг зөвшөөрөөгүй тул биднийг ажлаас халагдсан хэмээн хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй юм. Намайг ажилд томилсон болж дүр эсгэсэн боловч бодит байдлаараа ажлаас дахин чөлөөлсөн тушаал гаргасан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Шарабан овогтой Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б ийг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны 611 дүгээр шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр эгүүлэн тогтоосны дагуу би 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 63 дугаар тушаал гарган гэрээт үйлчлэгчээр ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Би Ш.Б ийг чөлөөлөх тушаал гаргаагүй. Урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Ш.Б нь 2016 оны 03 дугаар сард тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орж, 3 сар ажиллаад чөлөөлөгдсөнийг түүний гомдлоор анхан шатны шүүх хянаж үзээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 611 дүгээр шийдвэр гаргаж, тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Бид шүүхийн шийдвэрийг үндэслэн Ш.Б ийг тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл тэрээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба анхан шатны шүүхийн шийдвэр хангагдсан байна гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан. Ш.Б нь шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзвэл дээд шатны шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах ёстой атал анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан бөгөөд түүнийг гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114-р шийдвэр гаргаж 2 дахь удаагаа ажилд эргүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Ш.Б ийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гараагүй бөгөөд шүүх түүнийг гомдлыг хүлээн авсан нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул Ш.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн давж заалдах гомдолтой танилцлаа. Тэдний гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Шүүхээс эгүүлэн тогтоогдсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж болзол тавьж, тухайн болзол бүхий хөдөлмөрийн гэрээг нь зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж 3 хоног ажиллуулчхад ажлаас халж байгаа явдал нь хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажиллагааг ажил олгогч өөрөө хаалгаж байсан юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа дүр үзүүлэн тушаал гаргаж ажилтныг авч ажиллуулсан байна /3 хоног/ Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Ажилтан Ш.Б нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар тушаал, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дүгээр шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар тогтоол, Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн хамт олны 2016 оны 11 дүгээр сарын 16, 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг бичмэл баримтуудыг харьцуулан судалбал, ажилтан Ш.Б ийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон ба ажил олгогчоос уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилтныг ажилд томилсон тухай шийдвэр гаргасан боловч түүнд ажлыг нь хүлээлгэж өгөөгүй буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дүгээр шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй байна.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн үндэслэл, бодит шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байхад түүнтэй хөдөлмөрийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулахаар санал тавьж, шаардсан ба ажилтанд ажил үүргээ гүйцэтгүүлээгүй учраас Ш.Б нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Ажил олгогчийн уг үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлд нийцээгүй гэж үзнэ. Гэрээт үйлчлэгчийн ажил, үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх гэсэн томьёолол нь ажил олгогч ажилтантай байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг илэрхийлэхгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-т зааснаар хугацаагүй байна.

Гэрээт үйлчлэгчийн ажилд томилох, үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх гэсэн томьёолол доор ажил олгогчоос ажилтантай хугацаатай гэрээ байгуулж болохгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаас бусад тохиолдолд ажилтантай хугацаатай гэрээ байгуулах боломжгүй юм. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т ажилтан, ажил олгогчийн тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага байвал хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг хуульчилжээ.

Иймээс анхан шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Ж ы А ын төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Ш.Б нь гурав хүртэл насны хүүхэдтэй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т зааснаар түүнийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, улмаар ажилд томилох тухай ажил олгогчийн шийдвэр гарсан боловч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилтанд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул түүнийг ажлаас чөлөөлөгдсөнтэй адилтгаж үзэж, Ш.Б ийн анхан шатны шүүхэд хуульд заасан журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нийцсэн байна. Тиймээс хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК