Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0518/З |
Дугаар | 712 |
Огноо | 2018-11-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 712
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ВТ ХХК
Хариуцагч: НЗД
Гуравдагч этгээд: БХОМ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/4**дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Я.А, гуравдагч этгээд БХОМ музейн захирал Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вт*****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын хувьд, Нийслэлийн Засаг даргын А/4**захирамж нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг цуцалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаагаараа газар эзэмшигчийн эрхийг хөндөж байгаа юм. Энэ тохиолдолд НЗД А/4**захирамжийг батлан гаргах буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талыг оролцуулж эрхээ эдлэх, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж нэхэмжлэгчийг тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой байсан. Гэтэл энэ үйлдлийг хийгээгүй нь хууль бус юм.
Уг захирамжийн захирамжлах хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг баримталсан нь ямартай ч сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй боловч энэ захирамжийн тухайд шаардлагагүй гэсэн мэт харагдахаар байна. Бид Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсгол явуулахгүй байж болно” гэж заасан. Сонсох ажиллагаа явуулснаар нийтийн ашиг сонирхолд хэрхэн, ямар байдлаар сөргөөр нөлөөлнө гэж дүгнэж сонсох ажиллагаа явуулаагүй тухайгаа Засаг дарга тайлбарлаагүй бөгөөд зүй нь энэ тухайгаа өөрөө тайлбарлах үүрэгтэй. Энэ заалт бол газар эзэмших эрхийг цуцалснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тухай бус харин сонсох ажиллагаа явуулснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх үед үйлчлэх зохицуулалт юм.
Эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гаргах ажиллагаанд оролцохдоо хуульд зааснаар:
1. Мэдээлэл авах, баримт сэлт, нотлох баримт бүрдүүлж өгөх
2. Сонсох ажиллагааны дагуу тайлбар, санал өгөх байдлаар оролцоно. Газар эзэмшигч эдгээр үйлдлийг хийж шийдвэр гаргах ажиллагаанд оролцсоноор нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж байр сууриа илэрхийлж тайлбар, санал өгснөөр нийтийн ашиг сонирхолд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ? Ийм үндэслэлээр Засаг даргын шийдвэр гаргахдаа баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг энэ маргаанд субсумц (зүйлчлэл) хийхэд тохиромжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28,1.2 дахь заалтын хувьд, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан.
Гарцаагүй байдал гэдгийг Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд “тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслах, зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл...” гэж заасан. Гол нөхцөл нь аюултай нөхцөл байдал бодитойгоор бий болсон, аюул нүүрлэсэн, аюулыг нэн даруй зогсоох, сэргийлэх үйлдэл хийх шаардлага тулгарсан байхыг ойлгоно. Манай компанийн газар эзэмшиж түүнийгээ зориулалтын дагуу ашиглаж байгаа үйлдлийг аюул гэж үзэх үү, түүнийг ийм шийдвэрээр л таслан зогсоох нь гарцаагүй гэж үзэх үү, эдгээрийг хэрхэн үнэлж дүгнэснээ Засаг дарга шийдвэртээ тусгаж илэрхийлээгүй байна.
Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь тухайн үүссэн нөхцөл байдлын улмаас захиргааны шийдвэр нэн даруй гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учирч болзошгүй тохиолдлыг хэлнэ. Тухайлбал, газар хөдлөлтийн улмаас орон сууц нурах аюул нүүрэлсэн тохиолдолд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Онцгой байдлын газраас авсан гэж үзье. Орон сууц нурж хүний амь нас эрсдэл нөхцөл үүсчихээд байхад сонсох ажиллагаа хийх гээд байж байх нь боломжгүй үйлдэл юм. Харин бидний маргаж байгаа асуудлын тухайд хойшлуулшгүй ямар ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг шууд цуцалсан гэж үзэх вэ? Бид энэ газрыг нь олон жилийн турш эзэмшиж эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлж байсан, газар эзэмших гэрээний дагуу үүргээ зохих ёсоор, бүрэн, хугацаанд нь гүйцэтгэж ирсэнээ зориуд тэмдэглэн хэлж байна.
Ийнхүү, НЗД нь А/4**захирамж гаргахдаа нэхэмжлэгч талыг оролцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заажээ. Энэ үйл явдал болохоос хэдхэн сарын өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр НЗД захирамж гаргаж манай газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “... НЗД хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмшмих эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн... нийслэлийн газрын алба бүртгэнэ” гэж заасан. Эндээс үзэхэд НЗД нь газар эзэмшигч газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болохыг үйлдэл, эрх зүйн байдал энэ сунгалтаас хойш огт өөрчлөгдөөгүй болно.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт нь НЗД хийгээд Засгийн газраас соёлын өвийг хамгаалах талаар хэрэгжүүлэх эрх хэмжээний тухай заалт юм.
Харин 38, 45 дугаар зүйл нь нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл болсон зөрчлийн шинжтэй заалтууд бөгөөд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь бид төрөөс газар эзэмших эрх олгоогүй байхад газрыг дур зоргоороо эзэмшиж үйл ажиллагаа явуулаагүй. Хуулийн 45 дугаар зүйл нь уг газар хамгаалалтын бүсэд багтсан тохиолдолд л гагцхүү үйлчилнэ. Манай компанийн эзэмшил газар хамгаалалтын бүсэд багтаагүй тул 45 дугаар зүйлд заасан үүргийг бид хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Бид газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу олж авсан бөгөөд үүнийг эрх бүхий этгээд баталгаажуулж гэрчилгээ олгосон. Газар эзэмшигч нь гэрчилгээнд заасны дагуу газрыг үйлчилгээ, цэцэрлэгч хүрээлэнгийн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд ийнхүү эзэмших эрхтэй байна. Засгийн газраас манай эзэмшил газрыг хамгаалалтын бүс гэж тогтоогоогүй, газар эзэмших эрхийн гэрээнд Соёлын өвийн тухай хуулийн 38, 45 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон агуулга бүхий заалт ч байхгүй. Хуулийн 38, 45 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах бус харин Засаг дарга өөрийнхөө өмнө нь гаргасан шийдвэрийг өөрөө үгүйсгэж байгаа логик зөрчил бүхий үйлдэл юм.
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг нь маргаанд шууд хамааралгүй. Харин тогтоолын тухайд Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоожээ. Энэхүү 5.7 га газарт маргаан бүхий 1.6 га газар хамаарахгүй байна.
Дээрхээс үзэхэд, НЗД захирамж гаргахдаа газар эзэмшигч хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр бус харин Засгийн газрын тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүсэд манай эзэмшил газар байрласан гэж үзсэн байж болохоор байна. гэхдээ Засаг дарга нэг талаас газар эзэмшигч манай компанийг хууль зөрчсөн буруутай гэж үзэн цуцалсан нь үндэслэлгүй, энэ шийдвэрийг гаргахдаа эзэмшил газрыг Засгийн газрын тогтоолоор баталсан хамгаалалтын бүсэд хамаарна гэж дүгнэсэн нь буруу байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Вт*****” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/4**дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүллээ.
Монгол улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд заасны дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вт*****” ХХК-ний Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/4**дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн газрын алба нь газрын улсын бүртгэлд хүчингүй болгож тэмдэглэл үйлдсэн болно.
Дээрх маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжийг нэхэмжлэгч “Вт*****” ХХК-нд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-06/2385 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Нийслэлийн Газрын алба нь нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажилласан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мө******шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Вт*****” ХХК -ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох Нийслэл дэх захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “БХОМ музей”-н зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаар тогтоолоор “БХОМ музей” -н хамгаалалтын бүсийг 5,7 га газар байхаар тогтоосон байна. Гэвч “Вт*****” ХХК-д тус газрын хойд талд байрлах 1,6 га газрыг эзэмшүүлэхээр “газар эзэмших гэрээ” байгуулсан байна. Энэ нь Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаар тогтоолыг зөрчсөн.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор хуульчилсны дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь газар эзэмших гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч “Вт*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч “Вт*****” ХХК нь ““Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/4**дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 513 дугаар захирамжаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын алба нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Вт*****” ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгохоор тус тус зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд тус дүүргийн Засаг даргын 2008 оны 279 тоот захирамжаар 16,000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Вт*****” ХХК-д эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” дугаар А/492 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар захирамж, ... техникийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр БХОМ музейн хойно байрлах 1,6 га газрыг “Вт*****” ХХК-д цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилт хийх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар А/920 тоот захирамжаар “Вт*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/4**тоот захирамжаар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХОМ музейн хойд талд байрлах 16000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Вт*****” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх дугаар А/4**тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болон бусад хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно”, 38.1.1-д “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах”, 38.1.2-т “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох” гэж тус тус заасан байна.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 45.3.1-д “газар, түүний хэвлийг хөндөх”, 45.3.3-д “гэр, сууц, барилга, байгууламж барих”, 45.3.7-д “мод, элс, хайрга, чулуу авах” гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд заасан хориглосон үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул “Вт*****” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буюу газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 00**** тоот болон 005***** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө барьж, бий болгосон болох нь тодорхой нотлогдож байна.
Бодит байдалд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон болох нь нотлогдож байна.
НЗД нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар А/920 тоот захирамжаар “Вт*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан атлаа үүнээс хойш 5 сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаар А/4**тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий газарт бий болсон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэх, газрыг чөлөөлөх эсэх гэх мэт бодитой байгаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн асуудлуудыг шийдвэрлэлгүйгээр буюу бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, уг газарт бий болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэх талаар шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үүнтэй холбоотой асуудлуудыг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж заасан байна.
Дээрх Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтууд нь тус маргаанд хамааралгүй боловч уг зохицуулалтуудыг энэ маргаанд төсөөтэй байдлаар хэрэглэх нь Газрын тухай хуулийн үзэл баримтлалд харшлахгүй юм.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэхээр байна.
Үүнээс үзэхэд мөн маргаан бүхий газарт бий болсон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэхийг урьдчилан шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий 2018 оны дугаар А/4**тоот захирамжийг гаргахаасаа өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Вт*****” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгож, тайлбар саналыг нь авсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг гаргах ёстой байжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэх гэх мэт энэ талаарх нэхэмжлэгчийн санал, тайлбарыг авсны дараа маргаан бүхий захиргааны актыг гаргах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл бий болсон тул сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл нь сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй бөгөөд гарцаагүй байдлын улмаас хойшлуулшгүй ажиллагаа явуулах, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий болоогүй нь тодорхой байна.
Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүсийг 5,7 га хэмжээтэй байхаар тогтоосон байх ба уг тогтоолыг гаргахдаа Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэсэн байна.
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай 1994 оны хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “Эртний хот, суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь О,1-З км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно ...”, 23 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Дээрх Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль нь 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаар хүчингүй болсон ба тус 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хууль нь 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаар мөн хүчингүй болсон байна.
Соёлын өвийг хамгаалах тухай 2001 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоохоор, мөн 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоохоор тус тус хуульчилсан байна.
Соёлын өвийг хамгаалах харилцааг зохицуулсан хуулиуд дээрх байдлаар шинэчлэн батлагдсан боловч түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсийг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг шинэчлэн найруулсан хуулийн дагуу шинэчлэн батлаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Маргаан бүхий 2018 оны А/4**тоот захирамжид Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд ... хамгаалалтын бүсэд ... хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тул гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байна.
Тус шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь БХОМ музейн хамгаалалтын бүстэй давхацсан эсэхийг харуулсан нотлох баримт, зургийг ирүүлнэ үү гэсэн утга бүхий албан бичгийг явуулсан боловч манай чиг үүрэгт хамаарахгүй, нийслэлийн төр захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарна гэсэн агуулга бүхий албан бичгийг шүүхэд ирүүлсэн болно.
Мөн Нийслэлийн Газрын албаны тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 02-04/54***** тоот албан бичигт “2001 оноос Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын кадастр” төсөл хэрэгжиж эхэлсэн ба уг төслийн хүрээнд тоон кадастрын мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд БХОМ музейн эзэмшил газрыг 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 51699 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн байна” гэсэн байна.
Уг № 02-04/54***** тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь музейн эзэмшил газартай давхацсан эсхүл хамгаалалтын бүстэй давхацсан эсэх нь тодорхойгүй, газрын кадастрын мэдээллийн санд музейн хамгаалалтын бүсийн хил заагийг албан ёсоор оруулсан эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын болон Нийслэлийн Газрын албаны хоорондоо зөрүүтэй албан бичгүүд зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч нь БХОМ музейн хамгаалалтын бүсийн хил заагийг газрын кадастрын мэдээллийн санд зохих журмын дагуу албан ёсоор оруулсан нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь БХОМ музейн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан эсэх, эсхүл тодорхой хэсэг нь хэсэгчлэн давхацсан эсэхийг ойлгомжтой, тодорхой нотолсон баримтгүйгээр, уг нөхцөл байдлыг нарийвчлан судлан шалгалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Энд тэмдэглэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхгүй ба энэхүү шүүхийн шийдвэр нь музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль ёсны гэж дүгнэж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдвэр биш ба харин энэ шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа захиргааны шийдвэр гаргах хуульд заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, захиргааны байгууллага нягтлан шалгах, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдвэр болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Вт*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/4**тоот захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ