Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/MA2022/0548

 

“С Л М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2321000075 дугаар актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 469

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.М

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0131/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С Л М” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2321000075 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 болон 4 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.4, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудын 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Л М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2321000075 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийг 58 583 382 5 /тавин найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Хариуцагч буюу татварын улсын байцаагч нар нь НА-2321000075 дугаар Нөхөн ногдуулалтын акт гаргаж алдангийг тооцохдоо 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх/ 11.19 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэсэн байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх талаар тодорхой зохицуулсан байдаг.

Аливаа хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил мөн эсэхийг зөвхөн Зөрчлийн тухай хуулиар тодорхойлж буцаан хэрэглэх асуудлыг тус хуульд заасныг баримтлан шийдвэрлэдэг. Хариуцагчийн гаргасан нөхөн ногдуулалтын актын эрх зүйн үндэслэл буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөн найруулсан бөгөөд нөхөн ногдуулалтын актад дурдсан заалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд байхгүй.

Гэтэл хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх зүйл заалтуудыг буцаан хэрэглэж Зөрчлийн тухай хуульд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн байхад шүүх түүнийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.2. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

3.2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй тухайд: Хариуцагч нь манай компанийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэн алданги, торгууль ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5.7-д “Хяналт шалгалтын ажлын явцад болон үр дүнгээр Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас үйлдэнэ” гэж тус тус заасан. Гэвч хариуцагч нөхөн ногдуулалтын акт гаргахдаа тус заалтуудыг баримтлаагүй. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээгүй, холбогдогч, хохирогчийг тоогоогүй, хууль зүйн туслалцаа авах, ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргуулах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхийг хангаагүй. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар огт дүгнэлт өгөөгүй.

3.2.2. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан.

Хариуцагч нөхөн ногдуулалтын акт гаргахдаа аль хэсгийг нь Татварын ерөнхий хууль, аль хэсгийг нь Зөрчлийн тухай хуулийг баримталж төлбөр ногдуулсан, татварын улсын байцаагчийн хувьд Татварын ерөнхий хуулиар акт гаргасан, эсхүл эрх бүхий албан тушаалтны хувьд шийтгэл оногдуулаад байгаа нь ойлгомжгүй, мөн торгууль, алдангийн хэмжээг тогтоохдоо түүнийг ямар аргаар, яаж бодож гаргасан нь тодорхойгүй байдаг. Гэтэл шүүх мөн энэ талаар огт дүгнэлт өгөөгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг хэрэглээгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

Хариуцагч нөхөн ногдуулалтын акт гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл хөтлөөгүй, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, манай компанийн санал, хүсэлтийг сонсоогүй. Тиймээс хариуцагчийг сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй. Энэ талаар шүүхийн дүгнэлт хууль тогтоомжид нийцээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 469 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэрт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийг хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын хуульд заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн нөхөн төлбөрийн алданги торгуулийг чөлөөлөх байсан талаар дурдаж улсын төсөвт төвлөрөх байсан 58 583 382 5 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн.

4.2. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлнө” гэж заасан.

4.3. Энэхүү заалт нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгч татвараа өөрөө тайлагнасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ.

Иймд нэхэмжлэгчийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийн 16 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “С Л М” ХХК нь төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.

2.2. Толгой компани болох “С Л М” ХХК-тай байгуулсан “Тээвэрлэлтийн гэрээ”-ний дагуу тээврийн үйлчилгээг явуулдаг байх ба “С Л М” ХХК нь хилийн гаднах тээврийн үйлчилгээг явуулж, тээврийн нийт орлогыг хүлээн авдаг бөгөөд нэхэмжлэгч “С Л М” ХХК нь улс дотор тээврийн үйлчилгээг хийж гүйцэтгэдэг байна. Энэ талаар нэхэмжлэгч компаниас маргаагүй бөгөөд хяналт шалгалтын явцад “зөвхөн улс доторх тээвэр зууч хийдэг” талаараа хүлээн зөвшөөрсөн нь ярилцлагын тэмдэглэлд тусгагджээ..

2.3. Ингэхдээ тээвэрлэлтийн төлбөрийг гэрээнд тохиролцсоноор “С Л М” ХХК руу төлбөрийн нэхэмжлэх явуулж, уг компаниас тээврийн хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлдэг үйл баримт тогтоогдож байна.

2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”, 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” 12.4-д “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж тус тус зохицуулжээ.

2.5. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувиар оногдуулах дээрх хуулийн зохицуулалт нь олон улсын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдэд хамаарахаар байна.

2.6. “С Л М” ХХК болон “С Л М” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний 17/01 дүгээр “Тээвэрлэлтийн гэрээ”-ний 3.1-д “Үйлчлүүлэгч талын зуучлуулж тээвэрлүүлж буй ачаа нь БНСУ-ын Инчеон, Бусан болон гуравдагч улсаас БНХАУ-аар дамжин Монгол улсад ирж буй олон улсын тээвэр учраас ачаа тээврийн зуучлагч тал нь Монгол Улсын Замын-Үүд болон хүртэлх тээврийг бүрэн хариуцах ба талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний төлбөрийг америк доллараар төлөхөөр”, 3.2-т “Ачааг Улаанбаатар хотод ирэхээс өмнө зуучлагч тал тухайн ачаа тээвэрлэлтийн төлбөрийг тооцож үйлчлүүлэгч тал руу төлбөрийн нэхэмжлэх явуулах бөгөөд ачааг Улаанбаатар хотод ирсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор 4.1.1-т заасан дансны дагуу үйлчлүүлэгч нь нэхэмжлэлд заасан төлбөрийг зуучлагчид бүрэн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

2.7. Дээрх гэрээнд зааснаас үзэхэд, нэхэмжлэгч компани олон улсын ачаа тээврийн зөвхөн Монгол улс дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр байна.

2.8. Гэтэл нэхэмжлэгчээс 2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудын экспортолсон үйлчилгээний борлуулалтын орлого хэсэгт орлогоо тусгаж тайлагнаагүй, 2018 оны 12 дугаар сарын тайланд 67 866 740 төгрөгийн, 2019 оны 03-12 дугаар сарын тайлангуудад нийт 206 203 933 1 төгрөгийн, 2020 оны 02, 04, 10 дугаар сарын тайлангуудад 63 241 206 8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх үйлчилгээ үзүүлсний орлого тайлагнасан нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ.

2.9. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нарыг “С Л М” ХХК-ийг “...татвар ногдох орлогоо нуусан, ... нуун дарагдуулсан, ... татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, ... татварын тайланд багасгаж тусгасан” зөрчлүүдийг үйлдсэн гэж дүгнэн нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

2.10. Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020/-ийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2321000075 дугаар актаар тогтоосон төлбөрөөс 58 583 382 5 төгрөгийг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.11. Зүй нь татвар төлөгч 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд татвараа өөрөө тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр байна.

2.12. Нэхэмжлэгч компанийн хувьд дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй төдийгүй татвар ногдох орлогоо тайланд тусгахгүй орхигдуулсан нь татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд дээрх хуульд заасныг баримтлан нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 469 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Татварын ерөнхий хууль /2019/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Л М” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А, Ш.О нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2321000075 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН