Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.С,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Б.Ц,

Гэрч И.Б,

Гэрчийн өмгөөлөгч М.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 2024000190047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:  улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  төрсөн, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, багт оршин суух, урьд Х, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПВ регистрийн дугаартай Боржигон овогт Б.Ц.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 6-7 дугаар сарын үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Талын худаг” гэх газраас Д.Д-н эзэмшлийн 23 тооны адууг хулгайлж, хохирогчид 20,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Талын худаг” гэх газраас хохирогч Д.Д-н 23 тооны адууг 2019 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр хулгайлсан үйл баримт нь:

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хамгийн сүүлд адуугаа 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Талын худаг” гэдэг газар байхыг нь би өөрөө харсан. Тэгээд 7 дугаар сарын 5-ны өдрөөс хойш хайгаад олоогүй. ...23 тооны алдсан хүрэн азаргатай адуунд бор морь 1, хээр үрээ 1, хээр гүү 3, бор гүү 3, хар гүү 1, хүрэн гүү 1, бор хязаалан байдас 1, бор хээр хязаалан байдас 1, хээр шүдлэн байдас 3, бор шүдлэн байдас 1, эр бор даага 2, охин бор даага 1, охин хүрэн унага 1, охин хээр унага 2 байсан. Соёолонгоос дооших нь зөв гуяндаа хүрээтэй нэмэх тэмдэг тамгатай, соёолонгоос дээших адуунууд бас зөв гуяндаа хүрээтэй жинстэй тамгатай. Азарганыхаа тамгыг сайн хэлж мэдэхгүй байна. Бүдэг тамгатай яг өөрийн адуу биш Сэлэнгэ аймгаас авсан. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.М гэдэг цагдаа миний Фейсбүүк хаяг руу 3 адууны зураг явуулсан байсан. Тэр зурагт миний алдсан бор морь, хээр шүдлэн үрээний зураг байсан. Тэр хоёр морины тамга нь дугуй дотор нэмэх тамгатай байгаа. Ц.М нь Ховд аймгийн Буянт гэдэг суманд байгаа юм шиг байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх 36-39/  

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манайд Ховд аймгийн цагдаа нар ирээд Ц-н адуу ойрхон байна уу. Туугаад ирээч гэхээр нь би тууж ирсэн. Бор морь дугуй дотор сараалж, халтар үрээ дугуй дотор сараалжтай хоёр морьтой өөрийнх нь унаган адуу болох шарга үрээ, хүрэн морь нийт дөрвөн адуу тууж ирсэн. Манайх Буянт сум Цагаан бургас багийн Зэгэстэй гэх газарт байж байхад 9 дүгээр сарын 10-ны үеэр Ц 4 адуу хөөж ирсэн. Тэр үед хаанаас авч ирж байгаа талаар хэлээгүй согтуу байсан. Бор морь, халтар үрээ хоёр нь манай эндэхийн тамгатай адуу биш байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 7 дугаар сард над руу Ц утсаар яриад дүү нь мал тууж явна, жаахан ядраад байна, хоол цай дөхүүлээд өгөөч гэж ярьсан. Тэгээд би хоол цай, тамхи аваад Ховд аймгийн Мянгат сумын гүүрэн дээр очиж уулзаад хоол цайгаа өгсөн. Адуу тууж явна Мянгатын постын цагдаа байна уу гэж асуусан өөр юм яриагүй. Намайг цагдаагийн постын тэнд зогсож байхад Ц өөрөө тууж явсан адуугаа гүүрээр гаргаж байхыг би харсан. Архангай аймгаас эхнэрийнхээ малыг тууж ирж байна гэж ярьсан. Яг хэдэн тооны адуу байсныг мэдээгүй, голын хөвөөн дээр хэдэн адуу харагдаж байсан. Би ойртоогүй болохоор им тамгыг нь мэдэхгүй байна. Ц бор морь унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 111-113/,

Гэрч И.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц нь Нарантуул захаас эмээл хазаарыг өөрийнхөө мөнгөөр авсан. Харин би эмээлийн даруулгыг 50,000 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд  Архангайд байдаг найз руугаа явлаа гэхээр нь унаанд суулгаж өгсөн. Архангайд очоод адуу ачих унаа хэрэгтэй байна. Б утсаа авахгүй байна. Утсаа ав гэж хэл гэхээр нь өглөө үүрээр Б-тай утсаар яриад Ц ярьж гэж байна гэж хэлсэн. Дараа нь Ц  над руу утсаар яриад мал тууж явж байна. Мал ч ядраад, би ч ядраад утас нэгжгүй, цэнэггүй боллоо намайг гол дээр гэлүү гүүрэн дээр ирж аваадах гэж Б-д хэл гэхээр нь би О.Б-той утсаар яриад Ц адуу туугаад очиж байгаа таныг тосоод ав гэж байна хэлсэн. Эхлээд би Ц-г хулгайн адуу тууж яваа гэж мэдээгүй сүүлд нь мэдсэн. Хүнийх нь хувьд өлсөж, ядарч байна гэхээр нь Баасандорж руу утсаар яриад хоол дөхүүлээд өгөөч гэж Ц-н гуйлтаар хэлсэн. Ц- над руу тарваганы махыг саванд хийгээд хичээл орсны дараа явуулсан. Уг махтай цуг мөнгө өгч явуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 57-64-р хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. 2019 онд Б.Ц шөнийн цагаар утсаар залгаад байхаар нь би унтаж байсан болохоор утсыг нь аваагүй. Тэгтэл Б утсаар залгаад Ц- чамайг утсаа аваад яриад орхиоч гээд байна. Ц адуу аваад туугаад явсан чинь ядарч эцээд байна гэнэ, чи завтай бол очоод аваадах гэсэн юм. Тэгэхээр нь би Ц руу утсаар ярьсан чинь хэдэн адуу худалдаж авсан чинь ганц нэг нь эцээд байна, чи хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би нуруу өвдөөд хол замд явж чадахгүй, бас миний машин өндөрлөгөө байхгүй мал ачиж болохгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 119-120/,

Гэрч М.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн Ар хөтөл ус гэдэг газар Батчулуун ах, тэдний хүү Ц-той гурван гэрээр зуссан. Ц 2019 оны 6 дугаар сард эхнэртэй боллоо гээд 2 хүүхэдтэй хүүхэн авч ирсэн. Тэгээд 2 хоноод буцаад Улаанбаатар явсан. Ц буцаж ирэхдээ 7 дугаар сарын 10-20-ны хооронд адуу тууж ирсэн. Тэгээд би юун адуу юм бэ гэсэн чинь миний эхнэрийн адуу байгаа юм. Энд маллаж мал хийнэ, тогтохгүй бол томчуудыг нь зарна гэж ярьж байсан. Хүрэн азаргатай бусад нь дугуй дотор нэмэх тамгатай бор морь, хөх бор гүү гээд эм голдуу адуу байсан. Би тэр адууг өөрөө харсан, их олон хоног туугдсан гэдсээ авсан адуунууд байсан. Би тэр дотроос охин бор даага байсныг авах гэж байгаад хулгайн адуу байж магадгүй гэж бодоод больсон. Тэгээд удаагүй бүгдийг нь зарсан байх. 2019 оны 8 дугаар сарын сүүлээр дугуй дотор нэмэх тамгатай нэг бор морь байсан. Сүүлд нь байхгүй болсон байна лээ. Бор морь, хөх бор гүү, хүрэн азаргатай адуу байсан. Азарга нь уядаг байрын их гоё азарга байсан...” гэсэн мэдүүлэг /хх 104-106/,   

Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нь 7 дугаар сарын 10-20-ны хооронд олон тооны адуу тууж ирлээ гэж ярьж байсан. Хотод нэг эхнэртэй болж байгаа тэрнийхээ адууг тууж ирлээ гэж өөрөө манайд согтуу ярьж байсан. Яг тоог нь хэлээгүй, Улаанбаатар хотоос тууж ирлээ гэж ярьж байсан. Тэр адуугаа Дуут сумаар зарсан байх манай сумаар зараагүй. Ц согтуу ярихдаа адуу ганцаараа тууж ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 107-108/,  

Гэрч Д.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны зун Буянт сумын хөтөл гэдэг газар Ц, Ц-н аав Б- гэдэг айлтай зуссан. Би яг тоог нь мэдэхгүй байна Ц 7 дугаар сарын дундуур 20 орчим тооны адуу тууж ирсэн. Ганцаараа тууж ирсэн. Манай эхнэрийн адуу гэж хэлж байсан. Би яг хажууд нь очиж хараагүй барааг нь харж байсан. Бор морьтой, хүрэн даагатай адуу л харагдаж байсан. Тэгээд удалгүй Дуут сум руу адууг тууж явсан сурагтай байсан. Буянт суманд адуу зарсан эсэхийг мэдэхгүй өөрөө нэг бор морь авч үлдсэн нь байсан. Тэр бор морь нь дугуй дотор нэмэх тамгатай байсан. Манай нөхөр хэлэхдээ бүгд адилхан дугуй дотор нэмэх тамгатай адуунууд байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 109-110/,  

Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын үед байхаа мэдээлэл шалгах ажлаар Ховд аймгийн Буянт, Мянгат сумын чиглэлд явж ажилласан. Тухайн үед Ховд аймгийн Буянт сумын иргэн Б-ны Ц гэх залуу Завхан аймгийн чиглэлээс зүс тамга буруу 20 гаруй тооны адуу тууж ирж Ховд аймгийн Дуут сумын нутгаар зарсан, зарсан адуунаас 2-3 тооны адууг гэртээ аавдаа үлдээсэн талаар мэдээлэл авч Б.Ц-н гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Тухайн үед нутгийн иргэдээс асууж байгаад Б.Ц-н авч ирээд аавдаа үлдээсэн морьд аль болохыг асуухад мэдэж байсан ба 3 тооны адууг хашаанд хашиж зургийг нь авахад бор, хээр, хүрэн зүсмийн 3 тооны адуу байсан. 2 тооны адууны зүүн гуя нь дээрээ дугуй дотор нэмэх тэмдэгтэй тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх 117-118/, морины гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр Тэлмэн сумын төвийн баруун зүгт өнгөрч бригадын төвийн орчимд бууж үлдсэн. Миний буусан газрын баруун талд уулын бэлд хадны ёроолд хэдэн адуу харагдсан. Би тэр адууг ойрхон байсан хашаа руу шахаж оруулаад бор морийг барьж авсан. Цааш тууж яваад Буянт сумандаа аваачсан. Тэндээ хэд хонож байгаад Мянгат сум руу уг адуунуудыг зарсан. Би  хохирогч  Д-н адууг хулгай хийж зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хохирогч Д.Д-н 23 тооны адууг хулгайлсан болохыг нотолж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Д-д 20,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Д.Д-н “...Би алдсан азарга адууны хохиролд 20,200,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ын эдийн засгийн үнэлгээний тогтоох комиссын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...1 хүрэн азарга 2,500,000 төгрөг, 1 жижиг сартай хүрэн гүү 1,200,000 төгрөг, 1 буурал духтай хээр гүү 1,200,000 төгрөг, 2 хээр гүү 2,400,000 төгрөг, 1 хар гүү 1,200,000 төгрөг, 1 бор гүү 1,200,000 төгрөг, 1 бор гүү 1,200,000 төгрөг, 1 бор гүү 1,200,000 төгрөг, 1 бор морь 1,000,000 төгрөг, 1 хээр эр шүдлэн 600,000 төгрөг, 1 бор шүдлэн 600,000 төгрөг, 1 хээр шүдлэн 600,000 төгрөг, 2 хээр шүдлэн байдас 1,200,000 төгрөг, 2 бор хязаалан байдас 1,400,000 төгрөг, 1 охин бор даага 400,000 төгрөг, 2 эр бор даага 800,000 төгрөг, 1 охин хүрэн унага 500,000 төгрөг, 2 охин хээр унага 1,000,000 төгрөг нийт үнэлгээ 20,200,000 төгрөг..” гэсэн дүгнэлт /хх 130/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо зөрүүгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Олон тооны мал гэж 2 бод түүнээс дээш тооны малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ц-н хохирогч Д.Д бэлчээрт байсан 23 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр тууж явж худалдан борлуулсан үйлдэл нь олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Олон тооны мал хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байсан хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Ц-н 2019 оны 06 дугаар сараас 07 дугаар сард хохирогч Д.Д 23 тооны адууг хулгайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үндэслэлтэй байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ц-г олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан өөрийгөө илчилсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн шүүх хуралдаанд “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Адилхан малчин хүн байж малыг хулгайлсныг уучлаарай. Хохирол төлбөрийг төлнө...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 154 хоног буюу 5 сар 4 хоногийг эдэлж, эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 10 жил 6 сар 26 хоногоор тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Д-д хохирол төлбөр төлөөгүй болох нь хохирогчийн “...Хохиролд 20,200,000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс хохирол 20,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгож, хохирогч Д.Д-н “...алдсан адуугаа эрж хайсны зардал 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Ц-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-н хувьд ногдох хөрөнгө буюу түүний өмчлөлийн хөрөнгөөс 5 ханатай гэрийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан мөн түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Ц-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 154 хоног буюу 5 сар 4 хоногийг эдэлж, эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 10 жил 6 сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 26 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ц-н хувьд ногдох хөрөнгөөс 5 ханатай гэрийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-с хохиролд 20,200,000 /хорин сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д алдсан адуугаа хайсан зардал 3,000,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Ц-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ӨЛЗИЙХИШИГ