Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1013

 

 

                          

 

                            

 

 

 

    2020         12          09                                   2020/ШЦТ/1013

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч  Т.Оюунжаргал

шүүгдэгч -Э.А, -Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... нарт холбогдох эрүүгийн 1905037890979 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын...-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой гэх, мэргэжил тодорхойгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:     / Б овогт Э.А.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх,  дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын -р баг,  дүгээр гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:     / Ч овогт Э.Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                           

-Э.А, -Э.Б  нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн урд хэсэгт хохирогч -Э.Б зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч -Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

          Шүүгдэгч -Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

        Хавтаст хэргээс: хохирогч -Э.Б мөрдөн байцаалтанд “2019 оны 9 дүгээр сарын 22-ны ...оройн 21 цагийн үед гэрээс гарч кино үзээд 01 цагийн үед ..Миланж пабад орж үйлчлүүлээд...03 цагийн үед пабаас гарахдаа 00 орсон суултуур дээр Айфоне маркийн утас байсан. Ингээд пабаас гарахдаа ...одоо эзэн нь залгах байхаа сая 00-с гарсан охины утас байх гэж хэлээд пабаас гараад Түмэн плаза дэлгүүрийн урд машины зогсоолд машин дээр очоод байж байтал уг утасны эзэн залгасан. Утсаа авъя гэж хэлсэн би Түмэн плаза дэлгүүрийн урдаас ирж ав гэж хэлсэн удалгүй 20-255 орчим насны 3 эмэгтэй ирсэн. Би утасныхаа кодыг тайлаад аваа би эзэнд нь өгмөөр байна гэж хэлсэн. Утасны кодыг буруу хийгээд блок хийсэн би та нарын хэн нь эзэн нь гэж мэдэхгүй байна гэхэд хэл амаар доромжлоод эхэлсэн. Үснээс зулгаагаад зодоон болсон. Намайг хэн нь яаж цохисон талаар мэдэхгүй байна. Доошоо тонгойсон зогсож байхад толгой руу нэг хатуу зүйлээр цохисон. Энэ үед би газар унасан гэтэл дээрээс өшиглөөд байсан, хажууд байсан нөхөр манай эхнэр жирэмсэн шүү гээд утсаа гаргаж ирээд зураг дарсан чинь утсыг нь нэг эрэгтэй хүн булаагаад авсан байсан. Ингээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн. Эрүүл мэндээрээ хохирсон, I phone x max512 маркийн утас алга болсон. Миний Самсунг Эс 9 Эджи маркийн утасны дэлгэц уян нь гэмтсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-25/

     

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11557 дугаартай “-Э.Бын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэсэн дүгнэлт /1хх-ийн 46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1530 дугаартай “Үзүүлэгч -Э.Б нь 2019.09.22-ноос 23-ны шөнө бусдад зодуулахдаа 5 долоо хоногтой жирэмсэн байжээ. Дээрх X/7-ны эмчийн тодорхойлолтонд -Э.Б нь 2019.10.03-ны өдөр ураг бүрэн зулбасан гэжээ. -Э.Бын ураг зулбасан нь гэмтлийн болон гэмтлийн биш шалтгаантайг тогтоох боломжгүй байна. -Э.Бын 2019.11.16-ны Лазермед-н толгойн КТГ-н шинжилгээнд зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэжээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус хуралттай хамт үүссэн байх боломжтой. -Э.Б нь 2019.9.23-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хамарт ямар нэгэн гэмтэлгүй байсан байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 64-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 628 дугаартай “Шинжээч Т.Номинцэцэгийн 2019.9.26-ны өдрийн 11557 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1530 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг нь 2019.12.06-ны өдрийн 1530 дугаартай дүгнэлтэндээ -Э.Б нь ...2019.09.23-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хамарт ямар нэгэн гэмтэлгүй байсан байна” гэх дүгнэлт гаргахдаа тухайн үед буюу 2019.09.23-нд үзлэгт гэмтэлгүй байсныг өөрийн бодит үзлэгийг үндэслэсэн тогтоосон байна. -Э.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 92-93/,

 

Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтанд: “Ураг зулбасан тохиолдолд умайд цэвэрлэгээ хийж тухайн цэвэрлэгээ хийх явцад арчдас авч эд эсийн шинжилгээ хийж зулбалтыг гэмтлийн шалтгаантай эсэхийг тогтоох боломжтой. -Э.Бын арчдас байхгүй тул эд эсийн шинжилгээ хийх боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...00:00:00-00:04:30 минутын бичлэг байх ба 00:00:00-00:00:20 секундын хооронд хэрэгт  ач холбогдолтой зүйл байх ба 00:00:20-00:00:53 секунтэд хар өнгийн подволк, хар саарал өнгийн өмд өмссөн 18-25 орчим насны тайрмал үстэй эмэгтэй Түмэн плаза худалдааны төвийн ертөнцийн зүгээс баруун талаас зүүн тийш чиглэсэн гүйж байна, мөн түүний хажууд хар өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн эмэгтэй мөн адил гүйж Түмэн плаза үүдний баганы араар орж байна. Хар өнгийн подволк, хар саарал өнгийн өмд өмссөн эрэгтэй, уг эмэгтэйг хорьсон байдалтай баганы араас түлхэж гарч ирж байна. Буцаад хоёул баганы араар орж байна, түүний дараа цагаан өнгийн подволк, хар өмд, цайвар гутал өмссөн эрэгтэй өмдний халаасанд хоёр гараа хийсэн байдалтай баганы араас гарч ирж байна. Үүний дараа хар өнгийн хагас хамцуйтай цамц өмссөн, цагаан өнгийн өмд өмссөн, урт шаргал задгай үстэй эмэгтэй эрэгтэй зууралдсан баганы араас гарч ирж байна.

00:00:00-00:00:53 секундэд цагаан өнгийн урт ноосон цамц, дотуураа цагаан цамц, цагаан өмд, хагас түрийтэй хагас гутал өмссөн хохирогч -Э.Б цагаан подволк, хар өмд, цагаан саарал гутал өмссөн -М.М хамтаар ертөнцийн зүгээс баруунаас зүүн тийш явж байна.  Хар өнгийн цамц, саарал өнгийн өмд өмссөн -Э.А газраас усны сав авч хөөж ирэн цохиж байна. /Хохирогч -Э.Б/ мөн өөдөөс нь дайран өшиглөж байна. Хар өнгийн малгайтай цамц өмссөн, саарал өнгийн өмд өмссөн үсээ задгай тавьсан эмэгтэй ирж мөн дайрч байна. Хар өнгийн малгай, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд өмссөн эрэгтэй хориод болиулж байна. Мөн саарал цамц, саарал өмд өмссөн эрэгтэй болиулж голоор нь орж салгаж байна. Мөн саарал малгай, хар цамц өмссөн, хажуудаа цүнх үүрсэн эрэгтэй мөн голоор зууралдаж дайрсан байдалтай, байх үед хохирогч -Э.Б нь хана налан унаж байна. Хохирогч -Э.Бын 3-н талаас дайрсан байдалтай бөөгнөрөл үүссэн байна. 00:01:42 минутад /хохирогч -Э.Б/ газар ухаан алдсан байдалтай хэвтэж байна. Харин хэрэг болсон газарт байгаа хар өнгийн подволк, хар өнгийн шорт өмссөн урт шаргал үстэй /Батзаяа/, хар өнгийн подволк, саарал өнгийн өмд өмссөн /Ариунзаяа/ нарт /хохирогч -Э.Б/ руу дайрсан байдалтай байна.

        00:02:12 минутад газарт ухаан алдсан мэт /хохирогч -Э.Б/ газар хэвтэж байна. Түүний ертөнцийн зүгээр зүүн талд шаргал өнгийн урт үстэй хар подволк , хар шорт өмссөн /Батзаяа/ газарт байсан усны сав авч хохирогч -Э.Б болон түүний нөхөр Мөнхжаргал руу дайрч байна. Ертөнцийн зүгээр баруун зүгт хар өнгийн гадуул хувцас өмссөн -Н газар сууж байгаа мэт үзэгдэж байна. Түүний хажууд хар өнгийн  гадуур хувцас түүний дотуур саарал өнгийн малгаатай цамц өмссөн, саарал өнгийн өмд, цагаан пүүз өмссөн эмэгтэй, түүний хажууд цагаан өнгийн өмд, цагаан өнгийн цамц, цагаан өнгийн өмд өмссөн, цагаан өнгийн гутал өмссөн 25-30 орчим насны эрэгтэй нь хамтаар зогсож байна. Ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хохирогч -Э.Б газар ухаан алдан унасан байдалтай байх ба түүнийг тойрон зогссон байна. Энэ үед Батзаяа гартаа усны сав барисан -М.М нүүрэн тус газарт 1 удаа цохиж байна. Цагаан саарал өнгийн хувцас өмссөн эрэгтэй Батзаяаг холдуулж салгаж байна. Ертөнцийн зүгээр, зүүн баруун талд хоёр хүн газарт ухаан алдсан байдалтай байна. Хохирогч -Э.Быг цагаан өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эрэгтэй зүүн сугандаа тэвэрсэн байдалтай ертөнцийн зүгээр гартаа хөндлөн тэвэрч авч явж байна. Түүний араас Мөнхжаргал алхаж явж байна. Үүний дараа бужигналдаж байсан хүмүүс тараад явж байна. Ертөнцийн зүгээр баруун буланд цагаан саарал өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эмэгтэй зогсож байна ” гэжээ. /хх-ийн 117-124/

             

       Хохирогч -Э.Баас Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан “-Э.Б миний бие 2020.6.19-ний өдөр яллагдагч , -Н,  нараас хохирлын төлбөр 4.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт хохирлоо барагдуулан авсан ба цаашид гомдол санал өөр нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн бичгийн хүсэлт /1хх-ийн 236/ болон

      шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор -Э.Бгийн ял шалгах хуудас /1хх-ийн 168 /, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 169 /, -Э.Агийн  ял шалгах хуудас /1хх-ийн 159 /, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 160 /  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                               

 Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар -Э.А, -Э.Б нар нь найз Б. Анударь, Номин, Халиунаа нарын хамтаар 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миланж” пабад үйлчлүүлж байхдаа тус пабын ариун цэврийн өрөөнд Анударь гар утсаа мартаж үлдээснийг мөн цаг хугацаанд уг пабад нөхөр -М.М хамтаар орж үйлчлүүлсэн -Э.Б авч гарсан байна.

Улмаар өөрийн дугаар бүхий гар утас руу залгахад утсыг үл таних эмэгтэй -Э.Б авч Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн үүдэнд уулзалдаж -Э.Б “Анударийг утасныхаа кодыг хийгээд ав” гэснээс хоорондоо үл ойлголцон маргалдаж -Э.А, -Э.Б нар А.-Э.Быг цохиж зодсон хэргийн үйл баримт нь камерын бичлэг болон  хохирогч -Э.Б, гэрч -М.М, Б.Номин нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогджээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон хохирогч -Э.Б бусдын эзэмшлийн айфоне маркийн гар утсыг авч гарсан түүний хууль бус хандлага, зүй бус харьцаа нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэдийгээр олон нийтийн газар гудамж талбайд үйлдэгдсэн байх боловч шалтгаан нөхцөл нь шүүгдэгч -Э.А, -Э.Б нар найз Б.Анударийн эзэмшлийн гар утсыг -Э.Баас авах гэсэн тодорхой сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

      Иймд  Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч -Э.А, -Э.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч -Э.А, -Э.Б нар бүлэглэж хохирогч -Э.Б цохиж зодсон үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлийн улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч -Э.А, -Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

       Шүүгдэгч -Э.А, -Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

       -Э.А, -Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 4.000.000 төгрөг төлж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

       Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хохирлын хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж байгаа хувийн байдал зэргийг нь 

харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

        Энэ хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Б.А, Г.-Н нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж, хяналтын прокурор 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдаж байна. /2хх-ийн 96/

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч -Э.А, -Э.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       2. Шүүгдэгч -Э.А, -Э.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

       3. Шүүгдэгч -Э.А, -Э.Б нар хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

       4. -Э.А, -Э.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

       5. Хэрэгт хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсаргасугай.

 

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Э.А, -Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

                       

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ