Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 529

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00529

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2626209/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, 6 байр, 2-0 тоотод оршин суух, Боржигон морьтон овогт Баясгалангийн Билэгсайхан /РД:МЮ87082672/

Гэм хорын хохиролд 3.479.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар, хариуцагч Б.Билэгсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буянжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь УБУ 81-74 дугаартай Тоуоtа Ргius 20 маркийн автомашины өмчлөгч билээ. 2015 оны 12-р сарын 31-ний өглөө 08 цаг 40 минутын үед ТБУ 8174 дугаартай автомашиныг А.Бат-Оргил жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи ойл” ШТС-ын зүүн замаар хойноосоо урагш шглэлд 2 дугаар эгнээгээр зорчиж явах үед Nissan tiida маркийн УНЗ 93-24 улсын дугаартай автомашинаар тухайн автомашиныг жолоодон явсан Б.Билэгсайхан нь 1 дүгээр эгнээнээс зүүн гар тийш огцом буцаж эргэн УБУ 81-74 дугаартай автомашины урд хэсгийг мөргөж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Дээрх зам тээврийн осол харъяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн тасаг шалгаж Б.Билэгсайханы гэм буруутайг тогтоосон. Бидний зүгээс Б.Билэгсайханаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хохирол болох 3.248.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар Б.Билэгсайханаас гэм хорын хохирол 3.248.000 төгрөг, мөн хохирлын үнэлгээ хийлгэсэн 1.000 төгрөг, оношилгооны зардалд 30.000 төгрөг, 4-н удаагийн нотариатын зардал 11400 төгрөг, Б.Билэгсайханы хаяг тодорхойгүйгээс эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 3.479.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Билэгсайхан нь “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 3.479.600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд сарын бүрийн 14-ний өдөр 200.000 төгрөгөөр, үлдэх 279.600 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар тайлбарлаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч харилцан эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Билэгсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 3.479.600 төгрөгийг хариуцагч Б.Билэгсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэлх 16 сарын хугацаанд сарын бүрийн 14-ний өдөр 200.000 төгрөгөөр нийт 3.200.000 төгрөгийг төлж, үлдэх 279.600 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар тохиролцоо, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Б.Билэгсайханд холбогдуулан гэм хорын хохиролд 3.479.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Билэгсайхан нь нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 3.479.600 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэлх 16 сарын хугацаанд сарын бүрийн 14-ний өдөр 200.000 төгрөгөөр нийт 3.200.000 төгрөгийг төлж, үлдэх 279.600 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрч тайлбар гаргаж, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, Б.Билэгсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Билэгсайханаас 70624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Хариуцагч Б.Билэгсайхан нь нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 3.479.600 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэлх 16 сарын хугацаанд сарын бүрийн 14-ний өдөр 200.000 төгрөгөөр нийт 3.200.000 төгрөгийг төлж, үлдэх 279.600 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Билэгсайханаас 70624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч уг тогтоолыг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

 

 

                            

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.КУЛЬДАНА

 

                              ШҮҮГЧИД                                     Б.АЗБАЯР

 

                                                                                      А.САРАНТУЯА