Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1024

 

                      

 

 

 

                             

 

  

   2020         12          14                                   2020/ШЦТ/1024

 

  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг  /улсын өмгөөлөгч/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн -Б.Дт холбогдох эрүүгийн 1905040701642 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын  -нд  Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  эх, 02-18 насны 5 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Задгайн  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД: Их догшин овогт -Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” зочид буудалд байрлах явцдаа иргэн -Ч.Б хаан банкны виза карт, самсунг эс 6, самсунг эс 3 загварын гар утаснуудыг хулгайлан 170.000 төгрөгний, хаан банкны картнаас 570.000 төгрөгийг ав, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

        Шүүх хуралдаанд шүүгдэгч -Б.Д “ Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэх зүйлгүй. Би согтууруулах ундаа уухаараа ийм муухай зан гаргаад байгаа юм. Хохирогчийн хохирлыг би өнөөдөр төлнө.  Дахин ийм зүйл хийхгүй. Би 02-18 насны 5 хүүхэдтэй. Миний амьдралын байдлыг харгалзаж хөнгөн шийтгэж өгнө үү.” гэв.  

 

        Xавтаст хэргээс хохирогч -Ч.Б мөрдөн байцаалтанд “2019 оны 10 сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн Хангай захын эсрэг талын караокед ганцаараа орж суусан. Тэгээд 2 шил пиво ууж дуусгаад гартал эсрэг ширээнд сууж байсан эмэгтэй араас цуг гарч ирээд надаас яриа өдөж буудал орж ганц шил архи хувааж уух талаар ярьсан. Тэгээд бид хоёр тохироод хамтдаа такси бариад онгорхой буудал хайж явсан. Ойролцоох буудлууд архи зарахгүй гэсэн тул бид хоёр зурагтын эцсийн Ийгл нэртэй буудал архи зарна гэхээр нь тэнд 2019 оны 10 сарын 03-ны шөнийн 02 цагт нэг өрөө авч орсон.  Бид хоёр буудлын өрөөнд ороод нэг шил 0,5 литрийн хараа архийг хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Тэгээд би 12 цагийн үед сэрэхэд нөгөө танилцсан эмэгтэй маань байхгүй болчихсон байсан. Мөн миний 2 ширхэг гар утас, хаан банкны виза карт байхгүй болсон байсан. Би төд удалгүй хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгая гээд үлдэгдэл шалгуулахад дансанд 4000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Уг нь миний дансанд 640.000 төгрөг байсан юм...Ногоон өнгийн дэлгэц нь цуурсан самсунг эс 6 эджи, хар хөх өнгийн самсунг эс 3 маркийн гар утас хаан банкны 5062133545 дугаарын карт болон 640.000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

        "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар“...2019 оны 8 сард худалдан авсан самсунг эс 6 эджи 110.000 төгрөг, 2018 оны 7 сард худалдан авсан самсунг эс 3 60.000 төгрөг нийт 170.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 33-34/,

        Хохирогч -Ч.Б дипозит дансны “...2020 оны 10 сарын 03-ны өдөр 574.687.59 төгрөгийн...” хуулга /хх-ийн 46/,

 Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Баянгол дүүргийн 11-р хорооны гандангийн хойд талын автобусны буудлын абсолют дэлгүүр доторх АТМ-ын ерөнхий байдлыг харуулав...0014 секундэд гаднаас цэнхэр өнгийн куртик, цэнхэр нимгэн цамц, хар өмд, хар гуталтай, хар урт үстэй, махлагдуу эмэгтэй орж ирж байгааг гэрэл зургаар харуулав. 0016 секундэд уг эмэгтэй нь ногоон хаан банкны карт АТМ-д уншуулж байгаа байдлыг гэрэл зурганд буулгав. 01:24 секундэд бичлэг дээрх эмэгтэй нь картны нууц үгийг хийж АТМ-ээс бэлэн мөнгө авч байгаа байдлыг харуулав. 01:33 секундэд АТМ-ээс авсан бэлэн мөнгөө хар өнгий цүнхэнд хийж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. 01:43 секундэд бичлэг дээрх эмэгтэй хар цүнхнээсээ дахин нэг ногоон өнгийн хаан банкны виза карт гаргаж иргэн АТМ-д хийж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. 01:49 секундэд гар утсаар ярьж байгаа байдлыг харуулав...” гэжээ. /хх-ийн 48-53/,

       Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч -Ч.Б нь: Эдгээр хүмүүсийн зурагнаас миний эд зүйлсийг хулгайлсан гэх эмэгтэй нь 3 гэсэн дугаартай зурган дээрх эмэгтэй байна гэж шүүгдэгч -Б.Дийн зургыг заасан байна.  Харин 1, 2, 3 дугаарын зурган дээрх хүмүүсийг өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-57/,

-Б.Д мөрдөн байцаалтанд: “Он сарыг нь сайн санахгүй байна. Болсон асуудлын талаар ч сайн санаж өгөхгүй байгаа тул өөрийн мэдэж байгаа зүйлээ ярина. Миний бие 2019 оны 10 сард байх Сонгинохайрхан дүүргийн Хангай захын эсрэг талд байрлах караокед ороод архи, согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэж байсан юм. Тэгсэн үл таних нэг залуутай караоке дотор танилцаад тэндээс цугтаа гараад хамт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэхээр болсон. Бид хоёр гараад такси бариад буудал хайж байгаад замаараа Баянхошууны хөтлийн буудлын ойролцоо байрлах хүнсний дэлгүүрээс архи болон ундаа, тамхи зэрэг эд зүйл авсан. Тухайн дэлгүүрээс юм авахад карт уншихгүй гэхээр нь хажуу талд байрлах АТМ-ээс нөгөө үл таних залуу бэлэн мөнгө авсан. Тухайн үед нь би виза картынх нь нууц үгийг харсан байх гэж бодож байна. Тэгээд буудал хайж байгаад Баянгол дүүрэг 23-р хороо зурагтын эцэст байрлах Ийгл нэртэй дэн буудалд орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод нөгөө үл таних залуутай архи согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэж байгаад 2 цаг гаран болоод байж байтал нөгөө залуу унтаад өгсөн юм. Тэгэхээр нь би нөгөө залуугийн 2 ширхэг гар утас болон виза картыг нууцаар аваад гарсан. Нэг утас нь виза картны хамт ширээн дээр байж байсан. Харин нэг утсыг нь хаанаас авснаа сайн санахгүй байна. Би тухайн буудлаас гараад хаанаас авснаа сайн санахгүй байна. Ямартай ч АТМ ороод нөгөө залуугийн виза картнаас нь бэлэн мөнгө авсан. Хэдэн төгрөг авсанаа одоо санахгүй байна...Би уг үйлдлийг ганцаараа хийж байсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг ойлгож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх  ял шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

       Шүүгдэгч -Б.Д 2019 оны 10 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” зочид буудлын өрөөнд -Ч.Б хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж -Ч.Быг унтсан байхад нь  түүний самсунг эс 6, самсунг эс 3 загварын гар утаснуудыг авч 170.000 төгрөгийн, хаан банкны виза картнаас нь 570.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч бусдад нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч -Ч.Б“...би тасраад унтаад өгсөн. 12 цагийн үед сэрэхэд нөгөө танилцсан эмэгтэй маань байхгүй болчихсон байсан. Мөн миний 2 ширхэг гар утас, хаан банкны виза карт байхгүй болсон байсан. Би төд удалгүй хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгая гээд үлдэгдэл шалгуулахад дансанд 4000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Уг нь миний дансанд 640.000 төгрөг байсан юм... Ногоон өнгийн дэлгэц нь цуурсан самсунг эс 6 эджи, хар хөх өнгийн самсунг эс 3 маркийн гар утас хаан банкны 5062133545 дугаарын карт болон 640.000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,  -Ч.Б дипозит дансны “...2020 оны 10 сарын 03-ны өдөр 574.687.59 төгрөгийн зарлагын...” хуулга /хх-ийн 46/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн -Б.Дийн “...нөгөө залуу унтаад өгсөн юм. Тэгэхээр нь би нөгөө залуугийн 2 ширхэг гар утас болон виза картыг нууцаар аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         Шүүгдэгч -Б.Д хохирогч -Ч.Б самсунг эс 6 эджи, самсунг эс 3 зэрэг гар утас, хаан банкны виза карт зэргийг хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

        -Б.Дийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

         Иймд шүүгдэгч -Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

         Шүүхээс хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон -Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

         Шүүх хуралдаан дээр шүүгдэгч -Б.Д  гэмт хэргийн улмаас хохирогч -Ч.Бт учруулсан нийт 740.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлж байна.

Шүүгдэгч -Б.Д хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

        Иймд шүүгдэгч -Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

        Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч -Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”  “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”  “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэв.

 

        Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Их догшин овогт -Б.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч -Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

         3. -Б.Дийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”  “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”  “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг -Б.Дт анхааруулж мэдэгдсүгэй.

 

         5. -Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

     

         6. -Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

     

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар -Б.Дээс нийт 740.000 төгрөг гаргуулж хохирогч -Ч.Бт олгосугай.

 

         8. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ