Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/00458

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/00458

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 62 тоот хаягт оршин суух, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЧП62011715, Гомбо тойн овогт Рэнцэнсүрэнгийн Батчулууны нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рэнцэнсүрэн овогтой Батчулуун миний бие 1978 онд ажилд орж хөдөлмөрийн дэвтэр нээлгэхэд миний овгийг Ринчинсүрэн гэж буруу бичсэн байна. Тэтгэвэрт гарах гэсэн чинь хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрсөн гээд Нийгмийн даатгалаас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн гэдгээ шүүхээр тогтоолго гэсэн учраас шүүхэд хандаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Батчулуун нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэснээр нэхэмжлэгч Р.Батчулуун нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдлоо.

Р.Батчулуун жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Барилгын Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт уг дэвтрийн эзэмшигчийн овог Ринчинсүрэн, нэр Батчулуун, төрсөн он 1962 он гэж бичигдсэн байх бөгөөд уг дэвтэрт тухайн үеийн гэрэл зураг наагдсан, Барилгын Текник Мэргэжлийн Сургуулийн тэмдэг дарагдсан байна.

Р.Батчулууны 0257387 Г-59/5 330 тоот төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримт бичигт Рэнцэнсүрэнгийн Батчулуун гэж бичигдсэн байна.

Гэрч Л.Дуламхүүгийн Би 1982 онд Орос улсад сургууль төгсч ирээд Нийгэм ахуйн барилга трестийн Ус сувгийн конторт слесариар ажилд орсон. Р.Батчулуун нь цэргээс 1984 онд халагдаж ирээд гагнуурчнаар ажилд орсон. Р.Батчулуун нь ээжээрээ овоглодог бөгөөд овог нь Рэнцэнсүрэн юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь залуугийнх нь зураг мөн байна гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Баяраагийн Би 1984 онд Нийгэм ахуйн барилга трестэд слесариар ажилд орсон. Р.Батчулуун нь цэргээс халагдаж ирээд Хадхүү даргын бригадад гагнуурчнаар ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь Рэнцэнсүрэн гэдгийг Ринчинсүрэн гэж бичсэн байсан. Р.Батчулуун нь Рэнцэнсүрэнгийн Батчулуун мөн. Хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь залуугийнх нь зураг мөн байна гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Р.Батчулууны дээрх иргэний баримт бичгүүдэд түүний нэр нь адилхан бичигдсэн, мөн төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй байна.

  Иймд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Барилгын Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Рэнцэнсүрэнгийн Батчулуун мөн гэж үзэн түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэсгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Барилгын Техник Мэргэжлийн Сургуулийн захиргаанаас 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гомбо тойн овогт Рэнцэнсүрэнгийн Батчулуун /РД: ЧП62011715/ мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХЦЭЦЭГ