Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Э.Б-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн 2024000000057 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,* төрсөн, 43 настай, эрэгтэй, *. * боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай У.Б /*.

Шүүгдэгч У.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Н-той өвөлжөөний бууцны асуудлаас маргалдаж, улмаар түүний биед нь халдаж баруун дээд 1 дүгээр шүдийг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Н-той өвөлжөөний бууцны асуудлаас маргалдаж, улмаар түүний биед нь халдаж баруун дээд 1 дүгээр шүдийг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт У.Б орж ирсэн. Тэгээд У.Б надад хандаад “Рашаант багийн Бага цохио гэдэг газар хашаа барина” гэсэн. Тэгэхээр нь би “Тусгай хамгаалалттай газар хашаа барих газар өгөхгүй” гэсэн чинь “Би хашаа барина, миний эзэмших гэрчилгээ 20 жил болж байгаа” гээд манай гэрээс маргалдаад гараад явсан. Би гэрээс гараад зам дээр очоод машины гоожин шалгаад зогсож байтал У.Б мориор давхиж ирээд “Чи одоо хүний муу үзэж байдаг” гээд миний нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад үүдэн дээд шүднээс 1 шүд унасан. Тэгтэл жолооч Г ирж салгасан. Тэгээд Б мотоциклоор У.Бийг аваад явсан. Тухайн үед У.Б морио сул тавьсан байсан. Би гэртээ очоод байж байтал У.Б хойноос ирээд миний шилэн хүзүү хэсэгт 1 удаа өшиглөөд авсан. Тэгээд “Хэлдэг газар нь хэл” гээд байсан. Тэгэхэд М салгаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/,

-Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би мотоциклоо асаан нөгөө хоёрын байгаа газар руу очихоос өмнө У.Бийн сул тавьсан морийг барьж өгөх гэснээ болиод шууд нөгөө хоёр руу очиход машины жолооч Г нь Н ах, Б нарыг салгачихсан зогсоцгоож байсан ба Н ах, Б нарын хоёулангийнх нь ам хамраас цус гарсан байдалтай зогсож байсан. ...Тэгээд би мотоциклтойгоо гэрийн гаднаа очиж мотоциклоо тавьчхаад Н ахын гэр рүү алхаж явтал миний урдаас Б ах Б дагуулан гараад ирсэн. Тэгээд би Б-г морин дээр нь мордуулаад “Гэртээ харьж үз” гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би хэсэгхэн зуур гэртээ орчхоод гараад иртэл Б, Н нар хоорондоо барилцаад авсан байсан ба машины жолооч тэр хоёрыг салгаж харагдсан. ...Удалгүй Н мотоциклтойгоо гэрийн гаднаа ирээд гэртээ орж байсан. Би түүний араас гэрт нь яваад ороход Нийн хамраас цус гарсан байдалтай байхаар нь түүнээс “Яагаав? Юу болсон бэ?” гэж асуухад Н “Модны машины гоожин шалгаад байж байхад Б миний араас хүрч ирснээ надтай барьцалдан аваад, нүүрэн тус газар гараараа цохиод, шүд хугалаад хаячихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Б морьтойгоо манай хотонд ирээд Н-ийн гэрт ороод ирсэн. Орж ирснээ гэрийн зүүн талд сууж байсан Н руу дөхөж очоод түүнийг хальт өшиглөөд авахаар нь би Б-ийг Ноос салган, гэрийн баруун талын орон дээр суулгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

-Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд байж байтал хөдөө талаас нэг морьтой хүн биднийг чиглээд ирсэн нь Рашаант багийн иргэн Б байсан. Мориноосоо бууснаа байгаль хамгаалагч Нид хандан хэлж байгаа бололтой “Чи бас л хүний муу үзээд зогсож байна уу” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгснээ Нийн хувцаснаас зууралдан ноцолдоод эхэлсэн. ...Тэгээд би Н, Б нарыг салгахад тэр хоёрын хамран тус газраас цус гарсан харагдсан. ... Хөдөө талаас бас нэг мотоциклтой хүн хүрч ирсэн нь нутгийн танил Б байсан. Тэгээд Бийг шууд загнаад л мотоциклийн араар суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас,

-Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг хүний үүдэн 1 буюу төвийн үүдэн шүд цөгцөн хэсгээр шинээр хугарсан хугаралтай, ёзоор хэсэг нь үлдсэн, тогшиход өвдөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас,

-Яллагдагч У.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд Ц.Н-той өвөлжөө бууцны үл ойлголцлоос болж гэрт нь жаахан маргалдсан. Н надтай маргалдаж байснаа тугалаа хураана гээд гэрээсээ гарахаар нь би түүний араас гараад иртэл мотоциклоо асаагаад хөдөө тал руу давхиад өгсөн. Тэгснээ хөдөө замаар явж байснаа модны машины зүг явж байгаа харагдсан. Би Нтой маргалдаж муудалцсаныгаа бодоод, түүний араас мориндоо мордоод давхиад очсон. Тэгтэл Н Зил-131 маркийн модны машины жолоочийн бичиг баримтыг шалгаад зогсож байсан нь нутгийн танил Гансүх жолооч байсан. Миний уур хүрч явсан болохоор Нид хандан “Чи бас л хүний муу үзээд зогсож байна уу” гэж хэлээд мориноосоо буусан. Н ч үгний хариуд “Би ажлаа хийж байна, чамд хамаа байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй маргалдаж муудалцсан шарандаа түүнийг бариад автал Н мөн миний хувцасны энгэрээс зуурч авсан. Н бид 2 хоорондоо зууралдаж ноцолдож байхдаа газарт давхарлалдаад унасан. Тэгээд дээр доороо ороод ноцолдож байх үедээ би түүнтэй мөргөлдчихсөн. Энэ үеэр Н ч миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод авсан. Би ч түүний хувцасны энгэрээс зуурсан чигтээ байсан. Тэр миний хувцасны энгэрээс зуурч авсан байхад бидний хажууд ойрхон байсан Г гэгч залуу бид хоёрыг салгаад газраас босгосон. Миний хамраас цус гарсан байсан. Нийн хамраас ч бас цус гарсан байсан. Гансүх намайг Ноос холдуулан морины зүг дагуулан явсан. ...Би Нтой барьцалдан авч түүнтэй зууралдан ноцолдож байх үед давхарлалдаад газарт унацгаасан. Тэгээд бид 2 дээр доороо ороод ноцолдож байх үед би түүнтэй мөргөлдчихсөн юм. Тэгтэл Н миний зүүн нүд дамналдуулан нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн -37-39 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-н 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000000309 дугаартай: “...Ц.Нийн биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Ц.Нийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.Нийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2020.10.06-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ц.Нийн биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. Ц.Нийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2.-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

-Шүүгдэгч У.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Нийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд У.Бийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.Бд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул У.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Бд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  У.Бийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН