Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 40-с байр, 50 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 31 настай, Худай овогт Мөнхбатын Мягмарханд /РД:ЧТ86120969/

     Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид  Б-12 гудамж, 345 тоотод оршин суух бүртгэлтэй /одоо Төв аймаг Батсүмбэр сум 2 дугаар баг 284 дүгээр точик замчдын 2 дугаар байр 2 тоотод оршин суудаг/ 1986 онд төрсөн 31 настай, Төгс овогт Батнасангийн Долгормаа /РД:АЮ86061378/

Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Мягмарханд, хариуцагч Б.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мягмарханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж 2008 оноос хамт амьдарсан. Охин М.Анхцэцэг 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2014 оны 06 дугаар сараас хойш хамт амьдраагүй. Цаашид хамт амьдрахгүй. Энэ үеэс охин маань миний асрамжид өсч байна. Иймд охин М.Анхцэцэгийн эцэг Б.Долгормаа мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Охинтойгоо хүссэн үедээ уулзаж болно. Надад охины овгийг солих ажлыг хөөцөлдөх зав байхгүй. Өөрөө хөөцөлдөөд овгийг солиход татгалзахгүй гэв.

 

Хариуцагч Б.Долгормаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 оноос хойш хамт амьдарсан. Охин М.Анхцэцэг 2009 онд төрсөн. Миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид 2014 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. М.Мягмарханд намайг охинтой минь уулзуулдаггүй. Шүүхийн шийдвэрт намайг охинтой уулзахад энэ хүний зүгээс саад болохгүй байхыг даалгаж өгнө үү. Охиноо өөрийн нэрээр овоглоно гэв.

  

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

            Нэхэмжлэгч М.Мягмарханд хариуцагч Б.Долгормаад холбогдуулан эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

М.Мягмарханд, Б.Долгормаа нар 2005 онд танилцаж, 2008 оноос хамтран амьдарч, 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин М.Анхцэцэгийг төрүүлсэн, хамтын амьдралын хугацаанд хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2014 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч гэр бүлийн харьцаагүй болсон, шүүхийн хэлэлцүүлгээр гэрлэгчид цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарласан, охин М.Анхцэцэгийн эцэг нь Б.Долгормаа болох нь нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, №0256367-23 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.      

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, охин М.Анхцэцэгийн эцэг нь Б.Долгормаа болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, тэд охиныг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон тул 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.Анхцэцэгийн эцгээр Б.Долгормааг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Хэдийгээр хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг Б.Долгормаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд энэ үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь эх М.Мягмархандын зүгээс саад болохгүй байхыг түүнд даалгах нь зүйтэй.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

              

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

                                                                                                                                               

ТОГТООХ нь:

         

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.Анхцэцэгийн эцэг нь Төгс овогт Батнасангийн Долгормаа болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.Анхцэцэгийг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Долгормаагаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мягмархандад олгосугай.

 

         5. Эцэг Б.Долгормаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд энэ эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзах, түүнтэй хамт байх зэрэгт эх М.Мягмархандын зүгээс саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                  

                              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА