Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00333

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00333

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

Нэхэмжлэгч: “Голомтбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, Голомт банкны төв байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001014, регистрийн дугаар 2075377/

 

            Хариуцагч: Боржигон овогтой, Түгжийн Даваасүрэнд холбогдох

/Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Ногооны 4 дүгээр гудамж, 39 тоотод оршин суух, регистрийн дугаар НЬ87092769/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.566.698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-ийн төлөөлөгч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Даваасүрэн нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ1105091717 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 2.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, улмаар зээлийн гэрээгээр удаа дараа зөрчиж байх тул Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлдэгч Т.Даваасүрэнгээс ЗГ1105091717 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1.201.736 төгрөг, үндсэн хүү 364.961 төгрөг, нийт 1.566.698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Даваасүрэн миний бие 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Голомт банкнаас 2.500.000 төгрөгийн зээл авсан. Миний бие ажлаасаа гарч зээлээ төлж чадахгүй болсон тул одоо Голомт банкнаас нэхэмжилсэн 1.566.698 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Голомтбанк”  ХХК-ийн төлөөлөгч Т.Нямсүрэн “...зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1.201.736 төгрөг, үндсэн хүү 364.961 төгрөг, нийт 1.566.698 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Даваасүрэн хүлээн зөвшөөрч “...Голомт банкнаас нэхэмжилсэн 1.566.698 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Т.Даваасүрэн нь “Голомтбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.566.698 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Голомтбанк ”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Даваасүрэнд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.566.698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 40.017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Т.Даваасүрэнгээс 20.008 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 20.009 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД