Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2017/00556/И |
Дугаар | 001/ХТ2018/01588 |
Огноо | 2018-11-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/01588
А.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00528 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалтай,
А.А-ын нэхэмжлэлтэй,
“Х” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийхийг даалгах тухай үндсэн,
957.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч А.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 1 сарын туршилт болон 3 жилийн хугацаатай, 500.000 төгрөгийн цалинтай, менежерийн албан тушаалд ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд компанийн ахлах менежер Т.Буянхишиг дуудаж менежерийн орон тоо байхгүй, туршилтын хугацаа дууссан чи оператороор ажиллах уу гэсэн санал тавьж улмаар цаашид гэрээг үргэлжлүүлэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гээд ажиллуулаагүй. Үүний дараа хүний нөөцийн мэргэжилтэн чамайг компанийн эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэсэн ч бас л тушаал өгөөгүй. Би ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшаагүй, оршин суугчдын төлбөрийг анхнаасаа бэлэн мөнгөөр хүлээн авч кассын орлогын баримт олгон сар бүр тооцоо хийж хүлээлгэн өгч ажилласан. Сүүлд тушаал нөхөн гаргахдаа өөр үндэслэлээр гаргасан. Иймд намайг тус компанийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Амартүвшин хотхоны менежерээр ажилласан. Гэтэл энэ хугацаанд айлуудаас төлбөрийг бэлнээр хүлээн авдаг буюу нийт 1.005.441 төгрөгийн 6 айлд холбогдох дутагдал гаргасан. Мөн Элизабет хотхонд ажиллаж байхдаа 80.000 төгрөг дутааснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цалингаас нь суутгах гэхэд хүрэлцээгүй тул ажил хаяж явсан 1 өдрийг ажилласнаар авч одоо 17.000 төгрөгийн өглөгтэй. 2017 оны 01 дүгээр сарын 5, 6-нд Амартүвшин хотхоны айл өрхийн 11 дүгээр сарын байрны төлбөр болох 400.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн, нуун дарагдуулсан зөрчил гаргасан тул А.А-ыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр чөлөөлсөн бөгөөд тушаалаа авах гээд ирэхэд нь захирал байхгүй байснаас тодорхой хугацаагаар хойшилсон. Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад манай байгууллагад 1.085.441 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож прокурорт шилжсэн. А.А- нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр захиралтай уулзан уучлалт хүсч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцаан авахыг хүсч өргөдөл гаргасан тул бид эвлэрлийн гэрээ байгуулж, А.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, гэмт хэргийн хор уршгаа арилгасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч А.А-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, мөн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дугаар тогтоолоор байгууллагад 957.500 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул энэ мөнгийг А.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.А- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага намайг шүүхэд нэхэмжлэл гарган, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийн байгууллагад хандсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс айл өрхүүдээс авсан мөнгийг нягтлан шалгаагүй. Хариуцагч чи 975.500 төгрөг дутаасан гэж бич, тэгвэл өргөдлөө буцааж авна гэж сүрдүүлж, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг барьцаалж энэ шийдвэрээс татгалз гэсэн. Нотариатаар орохоос өөр аргагүй болж 560.000 төгрөг төлөхөөр болсон. Хожим гаргасан баримтаар өмнө гаргасан тушаалын үндэслэлийг нотлохгүй, мөн дээрх төлбөрүүд Х ХХК Амартүвшин хотхоныг хариуцахаа больсон үед гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00528 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ыг Х ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6.867.041 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч Х ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн А.А-аас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогч байгууллагад учруулсан хохиролд 957.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 124.935 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.530 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2601025961 тоот данснаас гаргуулан хариуцагч Х ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00528 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 1328 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч А.А- нь “Хайсдийд групп” ХХК-д ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заасан зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Эрүүгийн журмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.А-д холбогдох хэргийг шалгаж шийдвэрлэхдээ мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан эд хөрөнгийн дутагдал гаргасан гэсэн үндэслэлээр 2017 оны 05 сарын 02-ны өдөр хэргийг прокурор хаасан. Энэ нь 2017 оны 01 сарын 07-ны өдрийн ажлаас халах тушаал түүний үндэслэлд хамааралгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар гомдол бусад гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно. Мөн 2017 оны 01 сарын 07-ны өдөр гарсан тушаалд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж маргаж шүүхэд хандсан хугацаа бол 2017 оны 01 сарын 23-ны өдөр байдаг бөгөөд 2017 оны 03 сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр тушаалын үндэслэл болох ноцтой зөрчил тогтоогдсон баримт байхгүй, мөн тушаалын үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь буруу гэж А.А-ыг ажилд нь оруулахаар болсон. Гэвч хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 04 сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст А.А-д холбогдуулж гомдол гаргаж, эвлэрлийн гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал, эрүүгийн хэргийн гэм хорын асуудлыг хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн харилцаатай холбон шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буй хэрэг юм. Иймд 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2018/00528 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 1328 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 957.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 03 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “...Элизабет хотхоны 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн орлого болох 80.000 төгрөг, Амартүвшин хотхоны айл өрхийн 11 сарын байрны төлбөр 400.000 төгрөгийг хувьдаа хэрэглэж, нуун дарагдуулан байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчил гаргасан гэжээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримтлан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан үйл баримт тогтоогджээ. Тодруулбал, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг тушаалд заасан зөрчил гаргасан талаар дурдаж, зохигчид энэ талаар мэтгэлцсэн байна.
Түүнчлэн, зохигчийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 2-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд А.А- нь менежерээр ажиллаж байхдаа нийт 5 оршин суугчдын хэрэглээний мөнгө 957.000 төгрөгийг байгууллагын дансанд тушаалгүй хувьдаа авч ашигласан талаар дурдаад төлбөрийг графикийн дагуу 2 хувааж төлөхөөр тохирчээ /хэргийн 95 дугаар тал/.
Ажилтан хариуцуулан өгсөн мөнгөн болон биет хөрөнгийг өөртөө ашиглан захиран зарцуулсан бол ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээний 6.4-т заасан, нэхэмжлэгч оршин суугчдаас авсан мөнгийг хувьдаа хэрэглэснээ үгүйсгээгүй, энэ тохиолдолд ажил олгогч түүнийг ажлаас халсныг буруутгах боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ