Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 000019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Д, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                           Хэргийн индекс 142/2017/0104/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

               Шүүх хуралдаанд: 

                           Прокурор                                          Б.Жавхлантуяа

                           Шүүгдэгч                                           Ө.Д

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ю.Ганбат

                           Хохирогч                                           С.Алтанцэцэг

                           Нарийн бичгийн дарга                 Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Ө.Д нарт холбогдох, 201614000468 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Ө.Д-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмээ, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Х овгийн Ө-ийн Д.

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ын Б.

 

Шүүгдэгч Ө.Д, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы “Samsung tab4” маркийн гар утас /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан,

 

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэр 4-26 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүгдэгч Ө.Д нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гражид нэвтэрч 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ө.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Спортын ордны урд талд насанд хүрээгүй Т.Тулуйгийн “Галакси эс-3” гар утас, Э.Сүхбатын “Галакси поп” маркын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 болгон тус тус өөрчилж,

 

Шүүгдэгч Х овогт Ө-ийн Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, агуулах саванд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт Б-ын Б-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ө.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дүгээр зүйлийн 57.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлтэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 307 хоног, өсвөр насны шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 69 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Д-гээс 9 493 128 төгрөг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт оршин суух С.А-д 9 363 128 төгрөгийг, хохирогч Т.Тулуйд 130 000 төгрөгийг тус тус олгох,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг төрсөн эх М.Ариунбилэг, ах А.Баасанжаргал нарт хариуцуулах,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ө.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Ө.Д-гийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох,

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ө.Д давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь 19 настай. Миний анхны гэмт хэрэг бол 2016.07.27-оос 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр хулгай хийсэн. Би өөрийн хулгай хийгээд 3 гахай сурагч цүнх, 2 чемодан, 45 ширхэг сул сурагч цүнх л авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Намайг 796 ширхэг цүнх, 2 чемодан авсан гэж хохирогч хэлсэн. 1 гахай цүнхэнд 200 ширхэг цүнх, 196 сул цүнх нь нийт 796 цүнх алга болсон гэж хэлсэн.

 

Анхан шатны шүүхээр 796 цүнхнээс 180 ширхэг цүнхийг хэрэгсэхгүй болгож, 616 ширхэг цүнхээр тооцож 19 293 128 төгрөгний хохиролтой үлдэж гэрч Нарангарав 407 ширхэг цүнхийг буцааж өгч 9 363 128 төгрөгний хохирол буюу 209 ширхэг цүнхний төлбөртэй үлдсэн. Хэрэгсэхгүй болгосон 180 цүнхний нэг бүрийн үнэ нь багцаагаар 18 094 төгрөг болж байгаа. Хохирол тооцсон 209 ширхэг цүнхний нэг бүрийн үнийг 44 800 төгрөгөөр үнэлж тогтоосон. Би дээрхи хэргийг хийхдээ насанд хүрээгүй байсан.

 

2016.09.22-нд насанд хүрээгүй Б.Б-тэй бүлэглэж 4-р микрийн 18 дугаар байрны 1-р орцонд Б.Лхагвасайханы 3000 төгрөг, tab-4, маркийн гар утыг хүч хэрэглэхгүйгээр булаан авахдаа мөн насанд хүрээгүй байсан, 2016.09.23-нд мөн 4-р микрийн 26 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн S4 утас, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан энэ үедээ мөн л насанд хүрээгүй байсан.

 

2016.11.25-нд мөн л Бтэй бүлэглэж 4-р микрийн 16 дугаар байрны 1-р орцонд Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдэхдээ мөн л насанд хүрээгүй байсан.

 

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Спорт ордны урд талд насанд хүрээгүй Тулуйгийн “Галакси эс-3” гар утас, Сүхбатын “Галакси поп” маркын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн уг дээрмийн гэмт хэргийг хийе гэж хийгээгүй, хулгайн гэмт хэргийг олох гэсэндээ хийсэн. Энэ хэргийг хийхдээ 18 насанд хүрсэн байсан.

 

Би энэ хэргүүдийг хийсэндээ маш их харамсаж байна. Би аав, ээж, дүү эмээтэйгээ хамт амьдардаг гэж худлаа хэлсэн. Би эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Намайг ийм хэрэг хийсэн гэж сонсоод бие нь муудсаар, миний энэ алдаанаас болоод насан өөд болсон. Аав ажилгүй, группэд, ээж ажилгүй гэртээ байдаг. Дүү маань цэцэрлэгт явдаг.

 

Иймээс миний хорих ялыг багасгаж өгнө үү. Би эндээс гарч аав, ээж дүү нартаа тусламаар байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас :

 

Шүүгдэгч Ө.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг бүлэглэн

 

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы “Samsung tab4” маркийн гар утас /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан,

 

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэр 4-26 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Ө.Д нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гражид нэвтэрч 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22 620 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ө.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Спортын ордны урд талд насанд хүрээгүй Т.Тулуйгийн “Галакси эс-3” гар утас, Э.Сүхбатын “Галакси поп” маркын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж  Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүх Ө.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,агуулах саванд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Б.Бг бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял шийтгэл оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2.т заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж булаах” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд хэргийн үндсэн шинжээрээ дээрэмдэх гэмт хэргийн бүлэг болж хуульчлагдсан байхад 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 

Мөн шүүгдэгч Ө.Д нь өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Дгийн “...Зарим гэмт хэргүүдийг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хорих ялыг минь багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дүгээр заалтын ...2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2... гэснийг хүчингүй болгож,

2 дугаар заалтын ...Б.Б-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд... гэснийг

3 дугаар заалтын ...Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.д зааснаар 3 жил хорих ялаар... гэснийг

4 дүгээр заалтын ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дүгээр зүйлийн 57.1.д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн146 дугаар зүйлийн 146.2.д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг... гэснийг тус тус хассугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын:

-Шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил хорих ял гэж , 2002 оны Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ял гэснийг  2 жил хорих ял  гэж тус тус өөрчлөн,

 

-Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг:

 

Шүүгдэгч ...Ө.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр... гэснийг ...шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр... гэж,

 

-...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг... гэснийг ...2 жил хорих ял... гэж., Ө.Д-гийн биечлэн эдлэх ялыг ...5 жил 6 сар... гэснийг ...4 жил.... гэж.,

 

-Тогтоох хэсгийн 5 дугаар заалтын

 

Шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан ...5 жил 6 сар.хорих ялыг... гэснийг ...4 жил хорих ялыг... гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч Ө.Д-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       З.ХОСБАЯР                                                                                           

            ШҮҮГЧИД                                                                                Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                                                        С.ЦЭЦЭГМАА