Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 733

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бдаргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У”  ХХК /РД:******/              

Хариуцагч: БСШУСЯ, БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, СЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “******* дугаартай тендер шалгаруулалтанд “У” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болон БСШУСЯ-ны шийдвэр (2018 оны 6 сарын 13 өдрийн 2/6341 тоот Мэдэгдэл)-ийг хүчингүй болгож, “У” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг БСШУСЯ болон тус яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгах, СЯны 2018  оны 6 сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариу албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч БСШУСЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...БСШУСЯнаас зарласан ******* дугаартай 2018 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XIII.1.1.54. сургуулийн барилгын өргөтгөл /640 суудал Улаанбаатар, Б******* дүүрэг, ******* дүгээр сургууль/-ийн ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт манай компани оролцож, хууль болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хүснэгтэд заасан шалгуур, шаардлага, бүрдлийг бүрэн ханган тендерийн материалыг хүргүүлсэн. Гэтэл БСШУСЯны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/5229 тоот мэдэгдлээр ТОӨЗ 5.2 (д)-д заасны дагуу “У” ХХК нь “2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргаж ируулээгуй” гэх үндэслэлээр манай компанийн тендерийн материалаас татгалзаж, манай тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзсан. Манай компани энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр СЯанд гомдол гаргасан ба СЯнаас БСШУСЯанд хандан явуулсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3382 дугаар “Гомдлын хариу” албан бичгээр “У” ХХК-ийн тендерийг шалгуур үзүүлэлт хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэн хүчингүй болгож, тендерийн материалд үнэлгээ хийхийг захиалагчид даалгаж, тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан. Гэтэл захиалагч БСШУСЯ нь СЯнаас гаргасан шийдвэрийг зөрчиж, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/6341 тоот мэдэгдлээр өмнөх мэдэгдэлд дурдсантай яг ижил үндэслэлээр манай компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерийн шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэдгээр захиалагч бүх тендерээс татгалзсан болохоо мэдэгдсэн. Манай компани энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч тухайн өдрөө буюу тендер хүчинтэй байх хугацаанд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр СЯанд дахин гомдол гаргасан боловч СЯны зүгээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариугаар өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн, манай компанийн хүссэнээс өөр асуудлыг шийдвэрлэж зорилгодоо нийцэхгүй байдлаар хариу өгсөн.

БСШУСЯны шийдвэр (2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/6341 тоот Мэдэгдэл)-ийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.         Дээрх мэдэгдэл нь огтхон ч үндэслэлгүй юм. Учир нь манай компани 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/550 дугаартай Барилга байгууламжыг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтээр хүлээн авсан Б******* дүүргийн 18-р хороо, 84 дүгээр сургуулийн өргөтгөл болох 640 хүүхдийн суудалтай барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд энэ дотроо 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагч болох БСШУСЯны тодорхойлолт, захиалагчийн техникийн хяналт хийсэн Барилгын хөгжлийн төвийн тодорхойлолтоор тус тус нотолж эдгээрийг тендертээ хавсарган хүргүүлсэн байдаг. Ийнхүү манай компани тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэнд заасан бүх материалыг бүрэн хүргүүлсэн байгаа ба үүнийг ч мөн СЯнаас баталж шаардлага хангасан байна гэж үзсээр байхад захиалагч дээд шатны байгууллагаас хүчингүй болгосон шийдвэрээ агуулгаар нь дахин сэргээж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн өмнөх үндэслэлгүй шийдвэрээ дахин гаргасан уг тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт ч мөн адил хууль бус бөгөөд үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн хувьд үнэлгээний хорооны дүгнэлттэй танилцах боломжгүй байгаа тул тендер шалгаруулалтын хавтаст хэргийг шүүхийн журмаар хэрэгт авахуулсны дараа үнэлгээний хорооны дүгнэлтийн огноо, дугаарыг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой тусгаж бичих болно.

2.         Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар тендерийг нээж, тендерт оролцогч, сонирхогч этгээд хэн бүхэнд нээлттэй болдог. Тендерийг нээхэд хамгийн бага харьцуулах үнийн дүнтэй нь манай компани байсан юм. Захиалагчийн зүгээс үндэслэлгүй шалтгаанаар манай компанийн материалаас татгалзаагүй байсан бол манай компани тендерээ үнэлүүлэх процесст орох боломж бүрдэх бөгөөд цаашлаад тендерт сонгогдох боломж бүрдэхийг ч үгүйсгэхгүй байсан юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, мөн зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан байдаг. Ийнхүү хамгийн бага харьцуулах үнийн дүнтэй тендер нийтэд ил тод болчихсон тул одоо дахин тендерт оролцох оролцогчид түүнээс доогуур бага үнийн дүнгээр өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, эхний сонгон шалгаруулалтаар тендерээ үнэлүүлэх, цаашлаад тендерт шалгарах боломжтой байсан манай компанийн эрх ашгийг захиалагч хууль бус татгалзалаараа ноцтой зөрчиж байгаа юм. Захиалагчийн татгалзал нь үнэн бөгөөд үндэслэлтэй, бодитой байсан бол манай компанийн зүгээс гомдол гаргахгүй хүлээн зөвшөөрөх байсан. Иймээс захиалагчийн татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тендертээ үнэлгээ хийхийг даалгах нь “У” ХХК-ийг тендерээ үнэлүүлэх дараагийн процесст орох, боломжоо ашиглах, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах арга гэж үзэж байна. “У” ХХК-ийн зүгээс “тендерт шалгаруулж өг, гэрээ байгуулах эрх олго” гэж хүсээгүй, “тендерийг дахин зарлаад бүх процессыг эхнээс хийх”-ийг ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Манай компанийг шалгаруулах эсхүл шалгаруулахгүй байх эсэх нь дараагийн асуудал бөгөөд тендерийн материал шаардлага хангасан тул хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийх дараагийн процесст оруулж өгөхийг хүсэж байгаа юм.

СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариу нь зорилгодоо нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж гарсан захиргааны актын шинжийг агуулж байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага ... өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, .... хууль зөрчсөн эсэхийг шалгана”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан. Гэтэл СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариу нь дараах байдлаар зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохирохгүй шийдвэр болсон. Үүнд: 1.1.          Манай компанийн зүгээс БСШУСЯны  2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/6341 тоот Мэдэгдэл нь өмнөх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/5229 тоот Мэдэгдэлтэй ижил агуулга, үндэслэлээр дахин гаргасныг гомдолдоо дурдаад СЯны өмнөх шийдвэр буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3382 тоот шийдвэрлэсэнтэй ижил үр дагавар хүссэн боловч нэхэмжлэгчийн тавьж буй асуудлаас өөр асуудлыг шийдвэрлэж хариу өгснөөр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот шийдвэрээр “тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг захиалагчид үүрэг болгосон”-оор захиргааны акт зорилгодоо нийцэхгүй болсон. “У” ХХК-ийн гомдлыг хангах боломжтой, эсхүл боломжгүй талаар шийдвэрлэх ёстой байсан боловч манай компанийн эрх зүйн байдлыг дордуулж өөр асуудлыг зохицуулсан шийдвэр гаргасан юм. 1.2.        СЯны байр суурь үндэслэлгүйгээр өмнөхөөсөө өөрчлөгдсөн. СЯ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3382 тоот шийдвэрээр “У” ХХК нь тендерийн баримт бичгийн бүрдүүлэлтийн шаардлага хангасан бөгөөд захиалагчийн татгалзал үндэслэлгүй гэж тогтоогоод үнэлгээ хийхийг БСШУСЯанд даалгасан атлаа БСШУСЯнаас тус шийдвэрийг нь эс биелүүлж үг үсгийн зөрүүгүй яг ижил байдлаар, өмнөх татгалзлаа дахин гаргасан байхад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3382 тоот шийдвэрээсээ өөр шийдвэр /2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот шийдвэр/ гарган нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Иймд ******* дугаартай тендер шалгаруулалтанд “У” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзсан БСШУСЯны, БСШУСЯ/2018011254 дугаартай тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт болон БСШУСЯны шийдвэр (2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/6341 тоот Мэдэгдэл)-ийг хүчингүй болгож “У” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг БСШУСЯ болон тус яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгаж, СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариу албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Монгол Улсын СЯ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “БСШУСЯнаас зарласан ******* дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөлийн ажил /640 суудал Улаанбаатар, Б*******, ******* дүгээр сургууль/”-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон “У” ХХК-иас манай яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Тус тендер шалгаруулалтын ажиллагаа нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эхэлж хуульд заасан 45 хоногийн хугацаа нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн тус тендер шалгаруулалтын хугацааг 30 хоногоор сунгасан юм.

Дээрх тендер шалгаруулалтын хугацаа нь нийтдээ 75 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан бөгөөд уг хугацаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүхэлдээ дууссан юм.

Харин нэхэмжлэгч “У” ХХК нь дээрх хугацаа дуусах хугацаанаас ердөө 3 хоногийн өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай яаманд гомдол гаргасан байх бөгөөд БСШУСЯнаас тендерийн холбогдох материалыг гаргаж өгөөгүй тул манай байгууллагаас тус тендер шалгаруулалтын гомдлыг хянан үзэх боломжгүй болсон болно.

Нэгэнт тендер зохион байгуулах хуульд заасан хугацаа дууссан тул захиалагч БСШУСЯанд тус тендер шалгаруулалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгасан.

Дээрх байдлаар шийдвэрлэхэд хүргэсэн асуудал нь СЯны хариуцлагагүй үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй захиалагч байгууллагын хуулиар заасан хугацаандаа тендер шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулаагүйгээс үүссэн асуудал юм.

Иймд тус компанийн гаргасан гомдол нь манай яаманд хамаарахгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч БСШУСЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, Б.О******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “БСШУСЯанд холбогдох, “У” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна.

БСШУСЯны сайдын 2018 оны А/18 дугаар тушаалаар байгуулагдсан БСШУСЯны, БСШУСЯ/2018011254 дугаартай тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороо XII.1.1.54 “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11:00 цаг хүртэл тендер хүлээн авч, 11:20 цагт нээсэн. Тус төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтад 13 тендерт оролцогч үнийн санал ирүүлсэн.

БСШУСЯны, БСШУСЯ/2018011254 дугаартай тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хорооны гишүүд ирүүлсэн тендерийг үнэлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг нэгэн зэрэг хангаж байгаа ганц ч оролцогч байхгүй тул бүх тендерээс татгалзах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж тендерт оролцогчдод мэдэгдлийг хүргүүлсэн.

Тендерт оролцогч “У” ХХК нь СЯанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан. СЯнаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 61/3930 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсүгэй. Гомдлыг шийдвэрлэсэн тухай СЯнаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3382 тоот албан бичгээр “... захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна ... иймд захиалагчид дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийлүүлэн дахин хийх” талаар мэдэгдсэн.

БСШУСЯны БСШУСЯ/2018011254 дугаартай тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж “У” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд захиалагчийн өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэжээ.

Хариуцагч БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БСШУСЯ, БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, СЯанд тус тус холбогдох захиргааны хэргийн хариуцагчаар оролцож буй Н.Отгонбаяр миний бие БСШУСЯны ирүүлсэн хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

            Нэхэмжлэгч “У” ХХК нь “******* дугаартай тендер шалгаруулалтанд “У” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болон БСШУСЯ-ны шийдвэр (2018 оны 6 сарын 13 өдрийн 2/6341 тоот Мэдэгдэл)-ийг хүчингүй болгож, “У” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг БСШУСЯ болон тус яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгах, СЯны 2018  оны 6 сарын 28-ны өдрийн 6-1/4275 тоот гомдлын хариу албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн № 20180508/01 тоот тэмдэглэлээр “Зос трейд” ХХК, “У” ХХК-уудын ирүүлсэн материалыг нэг зэрэг бүх шаардлагыг хангасангүй гэж үзэж ТОӨЗ 14.1(ж)-д заасан “ТШӨХүснэгтэд шаардсан материалуудыг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” заалтыг үндэслэн татгалзахаар шийдвэрлэсэн байна.

БСШУСЯны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № 2/5229 тоот албан бичгээр “У” ХХК-ийг 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тендерийн материалыг хүлээн авахаас татгалзаж, тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендерт дахин оролцохыг мэдэгдсэн байна.

СЯны БСШУСЯанд хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдлын хариу” № 6-1/3382 тоот албан бичигт “... “У” ХХК 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2-ын (д)-д ... заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ... захиалагч дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

            БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № ******* тоот тэмдэглэлээр “У” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд захиалагчийн өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, “Шаардлагад нийцээгүй тендер” гэж дахин үзэж, захиалагчид үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг танилцуулан баталгаажуулж, зөвхөн “У” ХХК-д дахин мэдэгдэл хүргүүлэхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Т.Амартүвшинд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

БСШУСЯны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № 2/6341 тоот албан бичгээр мөн “У” ХХК-ийг 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тендерийн материалыг хүлээн авахаас татгалзаж, тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендерт дахин оролцохыг мэдэгдсэн байна.

            СЯны БСШУСЯанд хүргүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдлын хариу” № 6-1/4275 тоот албан бичигт “... тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусч тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон байна. Иймд хуульд заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ”тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж заасан байна.

            Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага буюу тендерт оролцогчдод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд, тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгүүдэд тавигдах шаардлагыг захиалагч тогтоож, боловсруулж, тендерийн баримт бичигт тодорхой тусгах агуулгаар хуульчилсан байна.

            Тендерийн баримт бичгээс үзэхэд сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага, чадавхийг үнэлэхдээ сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажил гэдгийг хэрхэн, яаж, ямар шалгуураар тооцохыг тендерийн баримт бичигт ойлгомжтой, тодорхой заагаагүй байх тул захиалагчийг тендерийн баримт бичиг боловсруулах үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхгүй.

            Тодруулбал жишээ нь 2015 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад он дамжиж, 3 жилийн хугацаанд үргэлжлэн баригдсан барилгын ажлын талаарх баримтуудыг үнэлэхдээ хэдэн онд хийж гүйцэтгэсэн ажил гэж тооцох, он дамжиж гүйцэтгэсэн ажлыг аль онд хийж гүйцэтгэсэн ажилд тооцох, сүүлийн 3 жил тус бүрт буюу он тус бүрт шинэ ажил гүйцэтгэсэн байх, он тус бүрт шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг нотлох баримтуудыг ирүүлэх зэрэг тодорхой, ойлгомжтой нөхцөл, шаардлага, шалгуурыг тендерийн баримт бичигт тусгаагүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

            Иймд 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр “У” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.

СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдлын хариу” № 6-1/4275 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тендер хүчинтэй байх хугацаанд багтаан тендер шалгаруулалтыг төлөвлөж, зохион байгуулах нь захиалагчийн үүрэг тул СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдлын хариу” 6-1/4275 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Түүнчлэн нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хангаж буюу Үнэлгээний хорооны тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэр болон БСШУСЯны 2018 оны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № 2/6341 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, тус тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин хянан үзэж, үнэлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа тул СЯны № 6-1/4275 тоот албан бичгийг мөн хүчингүй болгох нь зүйтэй ба СЯны албан бичгийг шүүхээс хүчингүй болгохгүйгээр орхих нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй бөгөөд тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Жич тус шүүхээс БСШУСЯанд хандан Үнэлгээний хорооны бүхий л шийдвэр буюу дүгнэлтийг шүүхэд ирүүл гэсэн албан бичиг явуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж гэсэн тусгайлсан шийдвэр байхгүй, гаргаагүй, Үнэлгээний хорооны тэмдэглэлээр асуудлыг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар тайлбарласан ба Үнэлгээний хорооны тэмдэглэл нь захиргааны актын шинжийг агуулж байх тул тус тэмдэглэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5,  12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БСШУСЯны ******* дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № ******* тоот тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэр болон БСШУСЯны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № 2/6341 тоот албан бичиг, Монгол Улсын СЯны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдлын хариу” № 6-1/4275 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, тус ******* дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин хянан үзэж, үнэлэхийг БСШУСЯ болон тус яамны Үнэлгээний хороонд тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БСШУСЯнаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.Б