Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2022/0542

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч М.А

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 369 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0029/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.А-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6-д заасныг тус тус баримтлан М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх шийдвэртээ “... Хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, нэхэмжлэгчийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, томилсон нь тогтоогдсон гэж үзэн, акт гаргаж, ... биелэлтийг хангуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6-д заасантай нийцсэн байна” гэжээ.

3.2. Миний бие шүүхийн дээрх дүгнэлт хийсэн хэсгийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай харилцааг, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно ...” гэж сонгон шалгарсан хүнийг томилох тухай асуудлыг тус тус тухайлан хуульчилж өгсөн. Харин Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх Төрийн албаны тухай хуулийн 27.1, 27.3-д заасан сонгон шалгаруулалт хийсэн болон сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилсон эсэх үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалт хийх эрхтэй байхаар зохицуулсан.

3.3. Гэтэл маргаан бүхий үйл баримтын хувьд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалын орон тоон дээр огт тусгай шалгалт зохион байгуулагдаагүй, миний бие уг тусгай шалгалтын журмын томилогдоогүй байтал энэхүү харилцааг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэж хууль бус шийдвэр гаргасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг нийцсэн гэж дүгнэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасны дагуу томилогдоод байгаа харилцаа юм уу эсхүл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу томилогдсон байтал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг зөрчсөн болж таарсан бэ гэдгийг нягтлаагүй, тодруулаагүй.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “...тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж тодорхой зааснаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу шилжин томилогдсон тохиолдолд тусгай шалгалт авна гээгүй юм.

3.5. Гэтэл хариуцагч болох Төрийн албаны зөвлөл маргаан бүхий тогтоолдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй байтал шүүх “нийцсэн” гэх хэлбэрийн төдий дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

3.6. Энэхүү маргааны хамгийн гол зангилаа болсон Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасан шаардлагыг хангасан хэм хэмжээний акт мөн эсэх дээр талууд маргасан байтал шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

3.7. Учир нь миний бие Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасан зөрчилтэй акт гэж маргасан болохоос тус захиргааны хэм хэмжээний актыг хэн, хэрхэн яаж батлах, хянах ёстой байсан эсэх талаар огт маргаагүй юм. Гэтэл шүүх журмын төсөл батлагдах процесс, хамтын шийдвэр гаргадаг байгууллагын тухай зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны ХЭГ/1013 дугаар, Хууль, зүй дотоод хэргийн яамны 2022 оны1/2281 дүгээр албан бичигт заасан үг, өгүүлбэрийн хүрээнд тайлбар хийсэн болж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.8. Шүүх наад зах нь тус журам нь хэдэн сарын хэдний өдрийн ямар дугаартай “Төрийн мэдээлэл эмхэтгэл”-д хэвлэсэн талаар нотлох баримтгүйгээр субьектив дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.9. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заасан.

3.10. Гэтэл шүүх “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн шийдвэрийг хянадаггүй болох нь тогтоогдсон” гэсэн албан бичгийн үгээр бус Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3-д заасан хуулийг хэрэглэх замаар тайлбар хийх ёстой гэж үзэж байна. Учир нь захиргааны хэм хэмжээний акт бүртгэгдэж байж, эрх зүйн үйлчлэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хэрэглэхгүй орхигдуулж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

3.11. Хуулийн зохицуулалтаас давсан албан бичиг байх ёсгүй. Хуульд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас баталсан хэм хэмжээний актыг бүртгэхгүй тухай огт заалт байхгүй, хянах тухай асуудал яригдаагүй. Харин Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй болно.

3.12. Мөн шүүхийн шийдвэртээ “... “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д заасныг тус тус зөрчжээ” гэжээ. Гэтэл Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журамд “...өөр төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэх ажиллуулах журам” гэж байх боловч “...ижил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам” гэж огт байхгүй болно.

3.13. Мөн түүгээр ч зогсохгүй маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн тогтоолд Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан уг журмыг үндэслээгүй, зөрчсөн талаар дурдаагүй Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байхад шүүх энэ асуудлыг орхигдуулж, бүр цаашлаад тус журмын заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.14. Шүүхийн шийдвэр үндэслэлд “...Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр өөр албан тушаалд шилжүүлэхэд тусгай шалгалт авахаар тусгайлан заагаагүй байгаа” гэж дүгнэсэн атлаа “...нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байх тул түүнийг тусгай шалгалт авалгүйгээр ажиллуулсан нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн нь энэ үйл баримтын талаар маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын үндэслэл, агуулгад ог байхгүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын эсрэг үйлдэл гэж үзэж байна.

3.15. Хариуцагчийн маргаан бүхий шийдвэр нь албан тушаалын шаардлага хангасан эсэх талаар огт дурдаагүй байхад шүүх маргааны үйл баримтаас хальж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бус буруутгаж байгаа нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.16. Шүүх дүгнэхдээ “...тухайн актын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тохиолдолд ...” гэж Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хуулийн шаардлагыг нэмэгдүүлж тайлбар хийсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ийм шаардлага тавигдаагүй, огт байхгүй болно. Хэрэв шүүхийн дүгнэлтээр үзсэн бол Төрийн албаны зөвлөл маргаан бүхий уг шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг үндэслэж шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий уг шийдвэрт энэ талаар огт тусгаагүй байтал шүүх захиргааны актын үндэслэл агуулгаас хальж, дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.17. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан томилгоог Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд ч хамааралгүй байдаг гэж тайлбарласан. Гэтэл шүүх дүгнэхдээ “...энэ маргааны тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хамааралгүй гэж үзнэ” гэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу хянах нь хууль бус байна гэж үзсэн. Гэтэл шүүх энэ асуудлыг ялгаж, салгахгүйгээр дүгнэлт хийсэн.

3.18. Мөн түүгээр ч зогсохгүй Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий уг тогтоолыг дээрх байдлаар хууль бус гэж тайлбарласан байтал шүүх тус маргааны асуудлаар “дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үзсэн нь бүр ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3.1. Нэхэмжлэгч М.А-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2. Нэхэмжлэгч М.А-г анх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Шүүхийн захиргааны удирдлагын газарт Шүүхийн захиргаа хариуцсан референтээр гурван сарын туршилтын хугацаагаар томилж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жинхлэн томилсон байна.

3.3. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар М.А-г Шүүхийн захиргааны удирдлагын газрын Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалаас чөлөөлж, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны Бүртгэл, мэдээлэл хариуцсан референтийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилж, 2018 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлж, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референтийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан М.А-г Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалд томилж, 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан М.А-г мөн өдрөөс эхлэн Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референтийн албан тушаалд тус тус томилжээ.

3.4. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.А-г албан ажлын зайлшгүй шаардлага, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шилжүүлсэн, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай болон Шүүхийн ерөнхий зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын тохиролцсоны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.А-г Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын албан тушаалд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шилжүүлэн томилсон байна.

3.5. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар “зарим яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулжээ.

3.6. Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх асуудлын хүрээний агентлагуудад төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлсэн байна.

3.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас хяналт шалгалтыг явуулжээ.

3.8. Хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

3.9. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.А нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн референтийн албан тушаал “Ахлах түшмэл” ангилал, АА-6 зэрэглэлтэй, гүйцэтгэх төрлийн албан тушаалаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын албан тушаал “Ахлах түшмэл” ангилал, ТЗ-10 зэрэглэлтэй, удирдах төрлийн албан тушаалд шилжин ажиллажээ.

3.10. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэх ажиллуулна”, 5.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тус тус заасан байна.

3.11. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт “Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” туршлагыг заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд төрийн албанд нийт 4 жил 6 сар ажилласан шилжин ажиллаж буй албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шалгуур болзлыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.   

3.12. Нөгөөтээгүүр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т албан тушаалын төрлүүдийг заасан ба нэхэмжлэгчийн хувьд “гүйцэтгэх” төрлийн албан тушаалаас “удирдах” төрлийн албан тушаалд шилжин ажиллаж байх тул хуульд заасан шаардлагыг хангуулахаар шаардсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

3.13. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын журмын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад эрх олгох замаар төслийг батлахаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар Засгийг газрын тогтоол, холбогдох журмыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2019 оны тусгай дугаарт нийтэлж, хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа, түүнчлэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас баталсан шийдвэрийг хянадаггүй болох нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/1013 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2281 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.14. Мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...тухайн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тохиолдолд...” гэж шүүх захиргааны актын үндэслэл, агуулгаас хальж, дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэх бөгөөд “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт “Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” шаардлага хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН